Алтны 138 компани байгаль орчинд 1.1 их наяд төгрөгийн хохирол учруулсан ч төр хохирлоо нөхөж авахгүй байна

252

Манай улсад 2011 оноос хойш ойн болон усан сан бүхий газарт ашиглалтын лиценз эзэмшиж, олборлолт явуулсан 138 компани 8000 га газар нутаг эвдэн сүйтгэж, байгаль орчинд 1.1 их наяд төгрөгийн хохирол учруулсныг БОАЖЯ-аас тогтоожээ. 

Энэ судалгаагаар нийт 8000 га газрыг хэний эзэмшлийн, ямар компани, хэдэн төгрөгөөр эвдэж, сүйтгэснийг нарийвчлан гарагжээ.  

Тухайлбал,

  • Л.Чинбат захиралтай Гацуурт ХХК 451.6 га газарт 56.3 тэрбум төгрөгийн,
  • Т.Ганболд захиралтай “Алтандорнод Монгол” ХХК 981.9 га газарт 126.2 тэрбум,
  • Ц.Гарамжав захиралтай “Монполимент” ХХК 407.2 га газарт 402.1 тэрбум,
  • “Монголросцветмет” ТӨҮГ 222.3 га газарт 184.1 тэрбум,
  • АУМ ХХК 619.3 га газарт 32.7 тэрбум,
  • Монгол газар ХХК 383.7 га газарт 7.5 тэрбум,
  • Айвантэс ХХК 45.6 га газарт 4 тэрбум,
  • Жи Энд Юу Голд ХХК 45.1 га газарт 3.9 тэрбум,
  • Хөвсгөл ХХК 74 га газарт 3.4 тэрбум,
  • Илт гоулд ХХК 47.3 га газарт 1.3 тэрбум гэх мэтчилэн 138 компани 1.1 их наяд төгрөгийн байгаль орчны хохирлыг учруулжээ.

Харин 2020 оны 8 дугаар сарын 28-нд Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.8-д заасны дагуу уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээх ажил тусгагдсан бөгөөд энэ ажлыг эрчимжүүлэх 2020 оны 12 дугаар сарын 30-нд Монгол Улсын Шадар сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нар хамтран “Нөхөн сэргээлт” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тушаал гаргаж, Ажлын хэсэг байгуулан ажлын төлөвлөгөөг батуулсан байдаг. Түүгээр зогсохгүй УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор Засгийн газрын “Алсын хараа-2050” хөтөлбөрт ч дээрх эвдэгдсэн газар нутгийг нөхөн сэргээх ажлыг тусгайлан заасан байна. 

УИХ, Засгийн газрын дээрх бодлого шийдвэр батлагдсанаас хойш 3 жил өнгөрчээ. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг дүгнэхэд 1 жил үлдээд байхад эвдэж сүйтгэсэн газрыг хэрхэн нөхөн сэргээсэн, хохирлыг хэрхэн барагдуулсан нь тодорхойгүй хэвээр байна. 

ТИЙМЭЭС ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА, ХУУЛЬЧ, СЭТГҮҮЛЧИД НЭГДЭН НИЙТИЙН ЭРХИЙН ӨМГӨӨЛӨЛ ҮЗҮҮЛЭХ СҮЛЖЭЭ БАЙГУУЛЖ АЖИЛЛАХААР БОЛСОН БАЙНА.

Тус нэгдэлд

Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн ТББ,

Нийтийн эрхийн өмгөөллийн сүлжээ ТББ,

Байгаль орчны сэтгүүлчдийн сүлжээ ТББ гэх мэт байгууллагууд нэгдэн нийтийн эрхийн өмгөөлөл үзүүлж, мэдээлэл ил тод, нээлттэй байхыг шаардаж, төрийн байгууллагуудыг хууль журмаа мөрдүүлж ажиллахыг, уул уурхайн компаниуд хуулийн дагуу ажиллахыг шаардаж ажиллах юм. 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here