Монгол Улсад айлчилж буй Гэгээн Ширээт Улсын/Ватикан/-ы нууц архивт 13-р зууны үед Монголын их хаадын болон Пап нарын хоорондын харилцааны ил захидлууд эх хувиараа хадгалагдаж байна. Харин Пап нараас Монгол хаадад илгээсэн захидлууд нь архивын зориулалтаар захидлын бичвэр, он сар, хүлээн авагчийн мэдээллийн сан байдлаар хадгалагддаг байна.
Пап IV Инносент 1245 онд Монголын их хаанд илгээсэн захидлаа Плано Карпинигаар хүргүүлсэн. Уг захидалд Их хааныг Европын орнуудыг эзлэн түрэмгийлэхээ зогсоохыг тэнгэр бурхны нэрийг барьж, гуйсан төдийгүй монголчуудыг найрамдаж, хойшид хэрхэхээ дуулгахыг хүссэн. Мөн Плано Карпини монголчуудыг христийн шашинд орох ятгалгыг Гюүг хаанд амаар хэлсэн гэж түүхчид үздэг.
Гүюг хаан үүний хариу болгож, 1246 онд Пап IV Инносент-д илгээсэн захидал дараах агуулгатай. Үүнд:
“ Зарлигийг минь шашны их хаан ухаартугай. Корал хэмээх газар хуралдай хийж ахуйд та нар элч томилон гуйчлуулав. Гуйчлалыг чинь элчдэн сонсов. Та нар хэрвээ өөрийн үгэндээ суух болбол шашны их хаан чи биеэр ирж бидэн лүгээ учрах хэрэгтэй бөгөөд би та нарт засагт дурдаж бүхий зарлиг бүхнийг сонсгосугай.
Бас надад угаалын ёсыг хүлээлгэх нь сайны ёс хэмээн та нар хэлэв. Та нар элч томилон гуйчилсан нь цэцэн болой. Гэвч бид таны гуйчлалыг ойлгоогүй болой. Бас та нар элч томилж, Та нар бүх Мажар ба Христосын мөргөлтний орныг эзлэв хэмээнэ. Би ихэд цочив. Бидэнд авч хэлбэл энэ нь аль хэр буруу аж? хэмээн надад хэлүүлэв. Эдгээр үгийг тань бид үл ойлгов.
Чингис хаан хийгээд хаан миний бие басхүү элч томилон тэдгээр хоёр хүмүүсийг тэнгэрийн бошгыг дагатугай хэмээв. Гэвч тэдгээр хүмүүс тэнгэрийн бошгыг эс дагав. Чиний өгүүлэн бүхий тэдгээр хүмүүс их чуулган цуглаж, ихэд дээрэнгүй аашилж, манай элчийг алав. Тиймээс мөнх тэнгэрийн хүчинд, тэдгээр орны хүмүүсийг алсан бөгөөд устгасан болой. Харин зарим хүмүүсийг тэнгэрийн бошго ба түүний хүчээр аврав. Энгийн иргэдийг хэрхэн барих ба алах вэ?
Чи өгүүлсэн биш үү? “Би бол Христос мөргөлтөн. Дээд тэнгэрийг хайрлана. Байлдааныг жигшинэ…” Гэтэл дээд тэнгэр чинь эл нүгэл хийсэн атал бас энэрэхүй сэтгэлийг өвөрлөнө гэснийг чи мэдэх үү? Чи ийм үг өгүүлсэн бөгөөтөл дээд тэнгэрээ хэрхэн таних вэ?
Наран мандах орноос, наран шингэх орон хүртэлх бүх ертөнцийн тэнгэрийн хүчин маныг ивээв. Тэнгэрийн бошгоос гадуур хэн ч дураар үйлдэж үл болно. Одоо та нар “бид болбол танай харьяат албат, эд хөрөнгийг дуртай өргөнө” хэмээн үнэн сэтгэлээсээ хэлэх хэрэгтэй бөгөөд чиний харьяат ван нараа дагуулан нэг ч хоцролгүйгээр бидэнд бууж өгөх хэрэгтэй. Ийм болбол бид та нарыг эеэр дагагч хэмээн үзнэ.
Хэрвээ та нар тэнгэрийн бошгыг үл даган, зарлигийг минь эсэргүүцвээс даруй дайсан хэмээнэ. Дээр дурдсан аливаа зарлиг бүхнийг ухаартугай. Хэрвээ буруу санаа өвөрлөвөл хэрхэхийг тэнгэр мэднэ.” хэмээжээ.
Гүюгээс Ромын Пап IV Инносентэд илгээсэн перс хэлээр бичсэн захидал:
1246 он
Ил хаан Газанаас Католик шашны Пап лам VII Бонифаст илгээсэн захидал:
1302 он
Ромын Пап 4 дүгээр Инноcентээс илгээсэн Захидал:
1245 он
Ватиканы нууц архивын тухай
Ватиканы нууц архив нь 1612 онд Пап Тавдугаар Полын шийдвэрээр байгуулагдсан. Пап нарын төрийн болон шашны хэргийг эмхэтгэн хадгалах хувийн архивын зориулалттай.
Архив 1979 он хүртэл зөвхөн дотоод ажлын түвшинд ашиглагдаж байсныг Пап Хоёрдугаар Ион Паул олон нийт үзэж сонирхох, хадгалагдаж буй баримт материалтай танилцах, судлах боломж бүрдүүлэх, нээлттэй болгох шийдвэрийг гаргасан. Олон нийтэд ил болгох үйл явц удаан хугацаанд үргэлжилсэн бөгөөд 2006 оноос хойш судлаач, эрдэмтдийн судалгаанд зориулан 16 сая хуудас материалыг өнөөдрийг хүртэлх хугацаанд эмхэтгэсэн байна.
Тус архив нь нийт 85 километр урт бүхий зориулалтын тавиуртай бөгөөд 35 мянга гаруй боть материалын сантай. Түүнчлэн Пап нарын захидал харилцааны хэсэг байдаг бөгөөд Пап Наймдугаар Ионы 872-882 онд бичиж байсан захидал хамгийн эртнийх гэж тооцогддог.
Ватиканы нууц архивын каталогийн бүртгэлд орсон баримт материалыг ашиглах зориулалттай гэрээний үндсэн дээр хуулбарлан авах, хэвлэн нийтлэх эрх хүн бүрд нээлттэй байдаг.
Монголын тал өнөөдрийн байдлаар дараах захидлуудыг Ватиканы нууц архиваас хуулбарлан авсан. Үүнд:
№ | Хэнээс | Хэнд | Огноо |
Монголын талаас | |||
1 | Гүюг хаан | Пап IV Инносент | 1246 |
2 | Ил хаан Абага | Пап IV Клеменц | 1267 |
3 | Ил хаан Абага | Пап IV Клеменц | 1268 |
4 | Ил хаан Аргун | Пап IV Николо | 1290 |
5 | Ил хаан Газан | Пап VII Бонафис | 1302 |
Айлын талаас | |||
6 | Пап IV Инносент | Гүюг хаан | 1245 |
7 | Пап IV Урбан | Ил хаан Хүлэгү | 1263 |
8 | Пап III Николас | Ил хаан Абага | 1278 |
9 | Пап IV Николас | Ил хаан Аргун | 1288 |
10 | Пап IV Николас | Ил хаан Аргун | 1289 |