Иргэн: Хүний өмнөөс амьдраагүй юм болохоор бусдад нялзаах гэсэнгүй, өнөөдрийн малчид ийм байна гэсэн бодит үнэн байдлыг оруулах гэлээ

176

Дорноговь аймгийн Иххэт сумын малчин малчдын нөхцөл байдлын талаар бичжээ. Хөдөө орон нутагт ихэнх айлууд сумын төв, хөдөө  хоёр тасран амьдардаг жишгээр сумын төвд амьдарч байгаад гарч ирсэн эзэгтэй ийн бичжээ. 

Дорноговь аймгийх Иххэт сумын малчин: 

-Өглөө босоод ямаа бахираад байхаар нь хотондоо оров. Шөнөжингөө шуурсан болохоор мал цантаад, даарч хоносон шинжтэй. Дундаа маш их зайтай хирнээ хойд захаараа чихэлдсэн байв. Дундуур нь ороод босгов. Гэвч даарч хоносон малнууд нэг нэгэн дээрээ дарж хэвтэж, хажуугаараа харсан, тэлчилсэн малнуудыг босгоход зарим нэг нь дарагдаж үхсэн байлаа. Түрүүхэн зуур түүнийг хараад өрөвдөж, дотор эвгүйцэж нүдэнд нулимс цийлэгнэв. Яана даа л гэж бодлоо.Quote

Хүйтэн байсан учир хонио хотноосоо нохойтойгоо илбээд ч гаргаж чадахгүй байгаа 2 хүү дээрээ очиж, элбэж хонио хойш нь нэг юм хөөлөө. Даарч бээвийгээд, явж чадахгүй хурга, ишиг нь хэвтсээр, борлон ямаанууд муухай муухай майлсаар нэг юм хонио гэрээс хойш гаргалаа.

Урин цагт цаанаас нь наашлуулдаг бол одоо наана нь ирээлэхгүйн тулд нохойгоо хөтлөн ээлжлэн зогсоно. Бэлчээр дээрээ хурга гэх мэт жижиг мал нь үхэж, зарим нэг явж чадахгүй байгаа борлон тэвэрсээр хүү минь ирэв. 

Биднийг явахаар яана даа, гэж бодон ханиа өрөвдөнө. Аавынд байгаа адуу үхэр нь бас олноор хорогдож байгаа нь сэтгэл санааг нь тавгүйтэж байгаа нь нүдэнд минь илт харагдаж байлаа.

Хэн нэгнээр өрөвдүүлэх гэсэнгүй. Бас хүний өмнөөс амьдраагүй юм болохоор бусдад нялзаах гэсэнгүй. Өнөөдрийн малчид ийм байна гэсэн бодит үнэн байдлыг оруулах гэлээ. Иймээс аймгийн онцгойгоос өгсөн мөнгө, цугларсан хандив болон бензэн тос түлшээрээ долоо хоногтоо нэг удаа малчин өрхүүдээ очиж эргэх бололцоог бүрдүүлж, малчин өрх бүр хэрэгцээтэй зүйлсээ авах, эмнэлгийн тусламж авах гэх мэтийг нь саадгүй болгож тус болно уу, гэж гуймаар байна.

Мөн өвс, хивэг тэжээлээ авсан боловч татаж чадахгүй байгаа айл өрхүүд зөндөө байгаа болов уу гэж бодож байна. Иймээс байгалийн давагдашгүй хүчин зүйл учир /мал үхэхээ хүрвэл үхнэ/ харин түүнийг додомдоход хамгийн түрүүнд зам л чухал байна. 

Одоо нээрээ цасанд наашаа ч үгүй цаашаа ч үгүй болсон байна шүү малчид маань.Зарим зүйлд буруу зөрүү ярьсан байх, тийм бол тэгээд уучлчаарай, гэжээ. 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here