Монгол Улсад ингэний сүүний кластер байгуулах , хамтын ажиллагаа, экспортыг дэмжих боломж , арга зам сэдэвт уулзалт хэлэлцүүлэг боллоо

54

Олон улсын тэмээний жилийн хүрээнд Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон ЕХ-ны “Олон улсын худалдааг дэмжих” төслөөс хамтран “Монгол Улсад ингэний сүүний кластер байгуулах, хамтын ажиллагаа, экспортыг дэмжих боломж, арга зам” сэдэвт ажил хэргийн уулзалт, хэлэлцүүлгийг 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд ХХААХҮЯ, МУСҮТ, НҮБ-ХХААБ, ЕХ-ны “Олон улсын худалдааг дэмжих” төсөл, “Монгол бактриан” нийгэмлэг, Монголын сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөл, Монголын ээдэмцрийн холбоо, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Монголын экспортын кластеруудын сүлжээ, ШУА-ийн Технологийн инкубатор, ШУТИС, ХААИС, харьяа хүрээлэнгүүд, Технологийн дээд сургууль, “Сүү” ХК, “ТЭСО” ХХК, “Солид партнерс” ХХК, “Ингэн тагш” ХХК, “Баруун Монгол интернэшнл” ХХК болон тэмээчдийн төлөөлөл 40 гаруй хүн оролцлоо.

Тус арга хэмжээг Ази тивийн сүүний түншлэлийн зохицуулагч, Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Б.Батбаатар хөтлөн явууллаа. Уулзалт, хэлэлцүүлгийг нээж ХХААХҮЯ-ны хэлтсийн дарга О.Онон, ЕХ-ны төслийн ахлах мэргэжилтэн К.Круг нар үг хэлэв. Арга хэмжээнд ЕХ-ны төслийн ахлах мэргэжилтэн К.Круг “Олон улсын худалдааг дэмжих төсөл, түүний хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ, кластерыг дэмжих боломж, арга зам” сэдвээр, Баянхонгор аймгийн “Ингэн Эрдэнэ” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал Б.Хишигбаяр “Ингэний сүүний үйлдвэр, ингэний аж ахуйн цогц төслийн явц, үйлдвэрийн нээлт, туршилт” сэдвээр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал “Ингэний сүүний нэмүү өртгийн сүлжээг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа төслийн арга хэмжээ” сэдвээр, “Сүү” ХХК-ийн албаны захирал Б.Амарбаясгалан “Сүү ХК-иас Говь-Алтай аймагт хэрэгжүүлж байгаа ингэний сүү татан авалтын туршилт” сэдвээр, “ТЭСО” ХХК-ийн газрын захирал С.Эрдэнэбаяр “ТЭСО компанийн зорилтот төсөл, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын зорилт” сэдвээр,  Ази тивийн сүүний түншлэлийн зохицуулагч, Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Б.Батбаатар “Монгол Улсад байгуулах Ингэний сүүний кластерын зорилго, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт” сэдвээр тус тус илтгэл, танилцуулга хийв.

Уулзалт, хэлэлцүүлэгт оролцогчид Монгол Улсад ингэний сүүний кластер байгуулах нь зүйтэй, кластерын үйл ажиллагаа нь ингэний сүү үйлдвэрлэлээс гадна бэлчээр, тэжээл, тэжээллэг, маллагаа, эрүүл мэнд, үржил селекци, сүү бэлтгэн нийлүүлэлт, сүүний нөөц ашиглалт, өртгийн сүлжээ, хоршооны зохион байгуулалт, хүний нөөц, салбарын бүтээмж, дотоодын болон олон улсын зах зээлд брэнд, маркетинг хөгжүүлэлт, өрсөлдөх чадвар зэрэг олон талыг хамарсан байх, мэдлэг мэдээлэл солилцоо, технологи, стандарт, тогтвортой хөгжил, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд түлхүү ажиллах шаардлагатай талаар онцолж байлаа. Түүнчлэн манай оронд ган, зудын давтамж нэмэгдэж байгаа тул тэмээний бэлчээр, тэжээл, тэжээллэгийг зохицуулах, хос бөхт тэмээний удмын санг хадгалж хамгаалах, ингэний сүү үнэ цэнэтэй тул ингэний сүүнд олгох урамшууллын хэмжээг нэмэгдүүлэх, тэмээчдийн амьжиргааг дээшлүүлэх, сувай ингэний маллагаа, аж ахуйн бүтээмж, хөдөлмөр зохион байгуулалтыг сайжруулах,кластерт оролцогч хувийн хэвшлүүд гадаад зах зээлд хамтран ажиллах зэрэг чухал асуудлыг хөндөж байлаа.

Арга хэмжээний төгсгөлд Монгол Улсын ингэний сүүний кластерын дүрэм, ажиллах хүрээ, стратеги, холбогдох бичиг баримтыг хянан боловсруулах ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ХХААХҮЯ, Ази тивийн сүүний түншлэлийн НБДНГ, ХААИС, ТДС, “Сүү” ХК, “ТЭСО” ХХК, “Баруун Монгол интернэшнл” ХХК, НҮБ-ын ХХААБ-ын төсөл болон тэмээчдийн төлөөлөл орж ажиллахаар тогтлоо.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here