АХБ-аас Монгол Улсын эдийн засаг 2024 онд 5.5 хувиар өснө гэж тооцоолжээ

118

Гадаад эрэлт өсч, дотоодын хэрэглээ болон Засгийн газрын зардал нэмэгдсэнээр Монгол Улсын эдийн засаг тогтвортой өсөж байгаа учир Азийн Хөгжлийн Банк (АХБ) 2024 оны дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий өсөлтийн таамаглалаа өсгөлөө.

АХБ 2024 оны 9-р сарын Азийн хөгжлийн төлөв тайландаа Монгол Улсын эдийн засаг 2024 онд 5.5 хувиар өснө гэж тооцоолжээ. Энэ нь өнгөрсөн 4-р сард 4.1 хувиар өснө гэж таамаглаж байснаас нэмэгдсэн байна. Quote

Харин 2025 оны эдийн засгийн өсөлтийн таамаглалаа 6.0 хувь хэвээр үлдээжээ. Эдийн засгийн өсөлтийг үйлчилгээ, аж үйлдвэрийн салбарууд, тэр дундаа уул уурхайн салбарын өсөлт цаашид ч дэмжих төлөвтэй байна. Мөн хөдөө аж ахуйн салбар энэ оны эхний улирлын огцом уналтаас сэргэж, төсвийн зардал нэмэгдсэнээр ирэх онд эдийн засгийн идэвхжил нэмэгдэх төлөвтэй байна. 

“Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2024 оны эхний хагаст үргэлжилсээр байгаа нь сайн мэдээ юм. Ирээдүйд тохиож болзошгүй цочролоос хамгаалах нөөц бий болгох, цаашлаад өргөн цар хүрээтэй, төрөлжсөн эдийн засгийн өсөлтийг дэмжих хөрөнгө оруулалтыг хийхэд энэхүү өсөлтийн мөчлөгийг чиглүүлэх нь нэн чухал юм” гэж АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин хэллээ.

Уул уурхайн олборлолт төсөөлж байснаас хурдан нэмэгдсэнтэй холбоотойгоор Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ онд өндөр байна. Уул уурхайн олборлолтыг даган экспорт нэмэгдэж, тухайлбал нүүрсний экспортын хэмжээ 2024 оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс 37.6 хувиар өссөн нь төсвийн орлого нэмэгдэж, үйлчилгээний салбарууд өсөхөд, тэр дундаа ачаа тээврийн салбарт өсөлт гарахад нөлөөлжээ. Мөн инфляцын түвшин буурч, төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнээр дотоодын эрэлт өссөн нь эдийн засгийн өсөлтийг дэмжсэн байна. 

Инфляцын түвшин мэдэгдэхүйц буурч, төв банкны зорилтот түвшинд багтаж байна. Хэрэглээний үнэ 2024 онд 6.8 хувиар өсөх төлөвтэй байгаа нь 4-р сарын таамаглалаас бага зэрэг доогуур байна. Харин 2025 онд инфляц өмнө төсөөлж байснаас нэмэгдэж 7.2 хувьд хүрэх төлөвтэй байгаа нь дотоодын эрэлт болон төсвийн зардал нэмэгдсэн зэргээс шалтгаалжээ.

Төсөөллийг бууруулж болзошгүй эрсдлүүд нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу гаргах Монголын түүхий эдийн экспортын эрэлт буурах, Оюутолгой уурхайн олборлолт саарах, геополитикийн хурцадмал байдал болон цаг уурын нөлөөллөөс шалтгаалан бараа бүтээгдэхүүний үнэ буурах болон нийлүүлэлтийн сүлжээ тасалдах зэрэг болно.Quote

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог. 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here