“Shaun de Sheep” гэх Франц хүүхэлдээ бий. Хүүхдүүд дурлан үздэг энэ хүүхэлдэйнд далбагар чихтэй, буржгар үстэй хэдэн хонь хийгээд эзнийх нь хөгжилтэй аж амьдрал гардаг. Тэгвэл “Shaun de sheep”-ийн монгол хувилбар манайд тэгэхдээ Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байх ажээ.
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Францын суффолк гэх үүлдрийн хонь дагнан үржүүлдэг, европжуу төрхтэй, тэгшхэн нуруутай эрхмийг Нянцаннямын Баттулга гэдэг. Монгол Улсын Төрийн соёрхолт, гавъяат малзүйч Н.Алтанхуягийн төрсөн дүү тэрээр угтаа Баянхонгорын Галуут сумынх аж. Цагтаа волейболын спортын мастер явсан энэ эрхэм волейболоороо олон ч шавь бэлтгэсэн нэгэн. Харин одоо францын суффолк үүлдрийн хэдэн буржгар хоньтой зууралдан, Америкт аж төрдөг гэр бүлээсээ ч илүү “хэдэн буржгар”-ыг өсгөхийн төлөө зүтгээд байгаа шалтгааныг нь тодруулах гэж оролдлоо.
Монголын төр засгийн хөдөө аж ахуйн бодлого, мал аж ахуйн салбарт ихээхэн шүүмжлэлтэй ханддаг түүний хэлж буйгаар суффолк үүлдрийн нэг хурга 2,5 сая төгрөгийн үнэтэй ч зургаан сартай хурганы жин нас гүйцсэн монгол хониныхтой дүйдэг аж. Ингээд түүнтэй хөөрөлдсөнөө хүргэе.
Таны үжрүүлж буй хонь ямар ашиг шимтэй хонь вэ?
Энэ суффолк гэдэг үүлдэр. 50кг хүрвэл үржилд ордог. Тэхээр эргэлт хурдан. Нэг малаас авах ашиг шим маш өндөр. Хавар төрсөн хурга намар үржилд орно. Өөрийнх нь ген 170-200% удамшдаг.
Харин монгол хонь нэг хурга гаргана. Хурга нь төлөг, шүдлэн гээд гурав дахь жилээсээ үржилд орно. Тэгээд тав, зургаан жилийн дараа л ашгаа өгдөг. Энэ хооронд малчны хөдөлмөр, өвс тэжээл, цаг уурын бэрхшээл, ган гачиг зэргээс шалтгаалаад авч байгаа ашиг нь улсын дундаж 28 кг гулууз. Эндээс ашигтайг нь авч үзвэл манай хонь дийлэнх нь өөхөн тарга авчихдаг. Махыг нь идье гэхээр хатуу.
Харин суффолк хонины давуу тал нь 6, 8, 18 сартайгаас нь мах бэлтгэл буюу хүнсэнд хэрэглэх боломжтой. Ингэхээр өөх бага хуримтлуулж, махан тарга сайн авна. Нэг малаас авах махан ашиг шим өндөр. Уургаар баялаг, хлострингүй. Ноос нь хамгийн нарийн ширхэгтэй.
Манайд ноосны хэрэгцээ, ашиглалтын байдал нь ямар байдаг юм бол?
Энд хоёр суурь эрлийз хонь байна. Эдний ноос хамгийн багадаа киллограмм нь 4000-5000 хүрнэ. Яг цэвэр суффолк үүлдрийн хонины ноосыг энэ зун 40-50 мянгаар авъя гэж санал болгосон. Бараг л ноолууртай ижил юм л даа. Гэхдээ би өөрийнхөө 20 жилийн хөдөлмөрөө зөвхөн үржлээр нь ашиглаад байх биш гарч байгаа таваарлаг ашиг шимийг нь ашиглаад брэнд бүтээгдэхүүн хийе гэсэн бодолтой байгаа учраас зах зээлд гаргахгүй байна.
Та 20 жил боллоо гэж хэллээ. Анх хэзээ, хэдэн хонь оруулж ирж байсан юм бэ?
1999 онд АНУ-ын Хонь үржүүлэгчдийн холбоо, Монголын Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэн хамтарсан “Хонины мах төсөл” гэж анх оруулж ирсэн юм. Ингэхдээ АНУ-аас хөвөрлийг нь авчраад монгол хонийг тээгчээр орчин үеийн биотехнологи, дурангийн аргыг ашиглаад үр шилжүүлж суулгаад анхны төлөө 2000 онд авч байсан юм. Төслийн удирдагчаар МУ-ын Гавъяат малзүйч Минжигдорж, миний ах, МУ-ын Төрийн соёрхолт, доктор, профессор Н.Алтанхуяг, генетикчээр нь доктор, профессор Олонбаяр гуай бид дөрөв голлон ажилласан. Түүнээс хөгшин, залуу хоёр нь амьд, хоёр нь бурхны оронд явсан. Тэгээд 1999 оноос хойш тасралтгүй ажиллаж байна.
Манай улс мал аж ахуйн орон гэсэн атал бэлчээр нь талхлагдчихсан, өвс тэжээл байхгүй, таваарлаг, чанарлаг байдал алдагдсан малаар дүүрчихээд байна шүү дээ. Харин малчид нь төр засгаас тусламж гуйсан, төр засаг нь тусламж өгсөн хэлбэрт шилжчихсэн. Энэ байдлаас л гаргахын тулд малаа таваарлаг болгоё гээд яваад байгаа юм. Туршилтын явцад үр өгөөж нь илүү гэдэг нь нотлогдсон учраас өөрийн хөрөнгөөрөө 2016 онд Францаас 110 хурга оруулж ирсэн. Одоо 200 гаруй хурга байна. Борлуулсантайгаа нийлүүлбэл зөндөө их л дээ.
Үржлийн хургануудаа хааш нь нийлүүлж байна?
Монголын хаа л бол хаа л тарчихлаа. Түрүүчээсээ ашиг шимийг нь хүртэж эхэлсэн малчид жилд нэгийг авч байсан бол энэ жил дөрвийг, тавыг авъя гэдэг болсон. Таваарын чиглэлээр өсгөж хагас суурин хэлбэрээр өсгөж үржүүлье гэсэн гурав, дөрвөн компани санал, хүсэлтээ хэлж байна. Одоохондоо хөрөнгө мөнгөний бололцоо тиймхэн учраас зөвхөн үржлийн хуцан хурга нийлүүлж байна.
Хэрэв хөрөнгө мөнгөний бололцоотой болоод, өөрийн гэсэн лаборатортой болвол цэвэр үр, хөврөл үйлдвэрлэж болно. Ингэвэл монгол хонийг маш богино хугацаанд сайжруулах, ашиг шимийг нь нэмэгдүүлэх боломжтой.
нас гүйцсэн монгол хонины гулууз 28 кг, Суффолк төлөг 49 кг жин татдаг
Монгол хоньтой харьцуулбал махны гарц хэр их гэсэн үг вэ?
Монгол хонины нядалгааны гарц улсын дундаж нь 28кг. Дор хаяж тав, зургаан жил болсон хониных. Гэтэл суффолк үүлдрийн тав, зургаан сартай хурганых 28 кг. Ялгаа нь энэ. Зургаан сар болсон хургыг суурин маллагаанд нэмэлт тэжээл өгөөд, байгалийн бэлчээрээ ашиглаад явахад л доод тал нь 28кг бөгөөд тэрнээс дээш гарцтай. Оны өмнө гадны зочид над дээр ирсэн. Би таваарын аж ахуйгаасаа нэгдүгээр үеийн эрлийз 18 сартай төлөг гаргуулаад халуунаар нь жинлүүлэхэд 49кг татсан. Зүүн тийшээ байдаг барга, үзэмчин хонины нас гүйцсэн эр нь 40-45кг татдаг. Гэтэл манай нэг муу төлөг 49кг гэдэг гайхамшиг.
Хурга нь 2,5 сая төгрөг гэдэг үнэн үү?
Үнэн 2,5 сая төгрөг. Гол нь маш богино хугацаанд үр ашгаа өгнө.
Бэлчээр хэр голдог вэ. Манай жилийн дөрвөн улиралд хэр зохицож байна?
Би зохицож байна л гэж бодоод байна. Надад ямар хөрөнгө чинээ байх биш. Өөрийн боломжоороо навсайсан, навсайсан монголжуу хашаа хороондоо л нутагшуулаад байж байна. Ямар ч байсан хөлдөж үхсэнгүй.
Сүүний чиглэлээр ашиглах боломжтой юу?
Одоохондоо саах боломж алга. Түүнээс биш сүү ихтэй хонь. Хоёр хурга төрүүлдэг, түүндээ зохицсон биологийн нөөц, сүү ихтэй. Үнээний дэлэн шиг л хөхтэй амьтан шүү дээ. Зөвхөн махны бүтцийг нь аваад судлахад л инсулины агууламж өндөртэй. Сахарын өвчингүй болгодог эд. Гэх мэтээр нарийвчлаад судалвал дор хаяж 10-20 төрлийн онцлог байна. Гэтэл Мал аж ахуйн хүрээлэн, Биологийн хүрээлэнгүүд улсаас баахан мөнгө авчихаад хийж байгаа юм алга.
Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Биологийн хүрээлэнгүүд ирж надтай хамтарч эрдэм шинжилгээ, судалгааны ажил хиймээр л байгаа юм. Гэтэл цаас л ноороглоод байдаг. Бодит үр дүн алга. Уг нь эрдэм шинжилгээний байгууллагууд яг ийм бодитой цэг дээр төвлөрүүлж ажиллавал эрдэм шинжилгээний бүтээл зөв болно. Хоёрдугаарт үйлдввэрлэлд гарч байгаа үр дүн сайжирна. Гэтэл төр засаг нь ч анхаарч байгаа юм алга, эрдэмтэн мэргэд нь ч анхаарч байгаа юм алга байна даа.
Танай гэр бүлийнхэн хаана байдаг юм бэ?
Манай эхнэр хоёр хүүхэд гадаадад амьдарч байна. Хөдөөнөөс салдаггүй мань мэт нь мал ахуйтайгаа зууралдаад л байж байна даа.
Ярилцлагыг эндээс