“Иргэдийн оролцоо-хөгжлийн түлхүүр” ТББ-ын тэргүүн Г.Ганбат өөрийн санаачилгаар “Шинэ гудамж” төслийг эхлүүлж Дархан хотын гэр хорооллын 80 гаруй өрхийг хамруулан гурван гудмыг иргэд өөрсдийнх нь оролцоотой цэцэрлэгжүүлж, моджуулжээ. Одоо түүний моджуулсан гудмуудад 1000 орчим мод ургаж байна. Түүний ярилцлагыг хүргэж байна.
-“Шинэ гудамж” төслийг талаарх товч танилцуулгаар яриагаа эхлүүлэе?
-“Энхийн их наадам”,”Иргэдийн оролцоо-хөгжлийн түлхүүр” ТББ хамтраад 2013 оноос хойш гэр хорооллын асуудлыг шийдэхэд төр засгийн бодлого,мөнгө төсвөөс гадна иргэдийн оролцоо түүнээс чухал гэсэн үндэслэлээр “Шинэ гудамж” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
[Tweet “Дархан-Уул аймгийн аймгийн Дархан сумын 15 дугаар багийн гурван гудамж бүхэлдээ ногоорсон.”]Эхний гудамжны хувьд 300 метр хүрэхгүй урттай байсан ч гурван жил зарцуулсан. Анх таван метр хүрэхгүй байсан бол хоёр айл нийтийн эзэмшилд газраа буцаан өгснөөр 12 метр өргөнтэй гудамж болсон. Төсөл маань Орон нутгийн хөгжлийн сангийн дэмжлэг,Солонгосын Ротари клубын дэмжлэгээс гадна хамгийн гол нь оршин суугч айл бүр 150-200 мянган төгрөгийг хандивласнаар хэрэгждэг. Заавал мөнгө ч биш цемент,мод гээд юу хэрэгтэй байна тэр зүйлсийг хандивлах боломжтой. Хүн бүрийн амьдрал адилгүй учраас хандив өгөх боломжгүй айл өрх хөдөлмөрөөрөө бусадтайгаа хоршдог.
-Жил бүр дулаан орохоор мод тариад байдаг боловч ургасан,үр дүнгээ өгсөн нь ховор. Танай төслийн хувьд модыг зөвхөн тариад орхих биш, ургуулах, арчлах асуудлыг хэрхэн шийдсэн бэ?
-Бүгд л мод тарих ёстой гэдгийг мэддэг боловч мод тарихын ач холбогдлыг ойлгох гол нь ойлгох хэрэгтэй. Тоосгүй,шороогүй,цэвэр цэмцгэр орчинд амьдръя гэсэн чин хүсэл,цаашлаад түүн дээрээ суурилсан оролцоо байж байж бодитойгоор ногоорно.
[Tweet “Тэр гудманд тарьсан модыг хот тохижуулах газарт биш тухайн айлд нь хүлээлгэж өгдгөөрөө онцлог.”][Tweet “Аливаа зүйлийн эзэн нь тодорхой байж хөгждөг”]
Гэр хорооллын иргэдийн хувьд сайхан амьдрах хүсэлтэй байдаг боловч гудамжийг аваад үзэхээр асуудалтай. Бид сайхан амьдрахын тулд гадагшаа очиж амьдрах биш өөрийн өмчлөлийн газар дээрээ хамтраад өөрийнхөө мөрөөдлийн орчныг бүтээхэд өөрөө оролцох боломжтой.
Мод тарих нь ажлын нэг л хэсэг. Харин ургаж байж,ногоон масс нь гарч ирж байж баяр баясгаланг түгээнэ,дуу чимээ,тоосжилт багасна. Ургуулъя гэсэн чин сэтгэл байж байж мод ургана.
-Гэр хорооллын айлууд маань мод таримаар байгаа боловч ямар мод тарихаа сайн мэддэггүй шүү дээ. Тэгвэл та нарын туршлагаас харахад гэр хорооллын нөхцөлд ямар мод илүү тохиромжтой байна вэ?
-Чацаргана,үхрийн нүд,жимсний бут,хайлаас,агч мод гээд төрөл бүрийн мод тарьж үзсэн. [Tweet “Хамгийн амьдрах чадвар сайтай,нөгөөтэйгүүр цэцэрлэгжүүлэлт хийх боломжтой гэдэг талаас нь авч үзвэл агч мод хамгийн үр дүнтэй гэж үзсэн.”] Тиймээс ч агч модыг тууштай тарьж байна. Цагаан хөвөн гардаггүй давуу талтай.
-Гудамжаа ногооруулахад оруулсан иргэдийн оролцооноос жишээ дурьдвал?
-Үнэхээр иргэдэд ойлгуулж ч чадах аваас юу ч боломжтой гэдгийг энэ төслөөс харж болно. Нэгдүгээр гудамжны ахлагч Төмөрбат ах хайсны бүх модыг өөрийнхөө гараар нэг бүрчлэн тайрч,харуулдаж өгдөг. Гудамжинд тарьж байгаа модоо Ухнаа гуайгаас эхлээд маш хямдаар худалдаж авдаг байсан бол гурав дахь гудамжиндаа тарихад бүгдийг нь бидэнд үнэгүй хандивласан.
-Мод тарих тааламжтай үе ирж байгаатай холбогдуулан айл өрхүүдэд хандан уриалбал?
-Улаанбаатар хотын гудамжинд тарьж байгаа модыг 380 мянгаар авч ирж тарьж байсан бол модны шинэ үнэлгээгээр энэ нь нэг сая гаруй төгрөг болсон байна. Тэгвэл нарсны үрсэлгээг 30-80 мянган төгрөгөөр аваад тарьчихвал хүүхдүүд ажил хөдөлмөрт сурах,өдөр болгон ургаж байгааг нь хараад урам зориг нэмнэ. 6-10 жилийн дараа дор хаяж сая төгрөгийн үнэлгээтэй мод болно. Заавал үнэтэй мод гэлтгүй дээр дурьдсан агч модыг тарьвал 3-5 жилийн дараа л таниас ч өндөр болно. Тэрнийхээ төлөө хөдөлмөрлөх ёстой. [Tweet “Короанвирусийн хорио цээрийн үе бол гэр бүлээрээ гэртээ байх,өөрийнхөө хашааг тордоход яг тохирсон үе болов уу.”]
-Төслөө хэрэгжүүлэхэд бусад гудамжаа тохижуулсан баг,сумаас жишээ авсан уу?
-Хөвсгөл аймаг мөн шилдэг сум болох Зүүнхараа сумаас жишээ авсан. Танай гудамжийг нэг өглөө босоход л төрөөс бүх зүйлийг нь янзлаад,шинэчлээд өгчих боломжгүй. Зүүнхараагийн Засаг дарга асан Б.Цээпилдорж оршин суугчиддаа,тухайн гудмыг явган хүний зам,гэрэлтүүлэгтэй болоход гудамжны хашаа бүрийг нэг эгнээнд оруулах нэг л шаардлагыг тавьсан байдаг. Энэ бол айл өрхүүдийг нэг зохион байгуулалтад оруулахыг төр өөрөө зохион байгуулж болдгийн жишээ. Шаардлагын дагуу өвөө,эмээ нар хүртэл өөрсдөөсөө том сүхээр хулхи банзыг хөрөөдөөд, хашаагаа засч байсныг би өөрийн нүдээр харж байсан юм. Тэр хоёр хөгшин маань нэг дор хийж чадахгүй учраас,өдөр өдрөөр,банз банзаар нь сольж байсан. Хийнэ гэвэл арга нь олдоно.Хийхгүй гэвэл шалтаг мундахгүй. [Tweet “Ямар ч инженерийн дэд бүтэцгүй,битүү шороондоо хутгалдсан орчинд бидний ирээдүй амьдарч байна.”] Бид үүндээ дасчихсан боловч энэ бол хүлээн зөвшөөрч болохгүй зүйл. Хамгийн эхлээд бид байгаа байдалтайгаа эвлэрэх биш хүлээн зөвшөөрөхгүй,өөрчлөх ёстой гэсэн бодолтой болох ёстой. Төр засаг эсвэл хэн нэгэн хүнээс биш ердөө өөрийнхөө чадахаасаа буюу хашаа,гудамжнаасаа эхлэх хэрэгтэй.