Р.Хадбаатар: Хүүхэд төрүүлэх цаг завгүй эмэгтэйчүүд залуу байхдаа өндгөн эсээ хадгалуулж болно

3191

Орчин үеийн анагаахын шинжлэх ухааны нэг том ололт бол байгалийн жамаар жирэмсэлж чадахгүй байгаа эмэгтэйчүүдэд үр шилжүүлэн суулгах /IVF/ замаар үр хүүхэдтэй болох боломжийг нээсэн явдал юм. Үр шилжүүлэн суулгах гэхээр ихэвчлэн гадаад  орныг зорих тухай ярьдаг байсан тэр үе ард хоцорч Монгол эмч нар маань эх орондоо дэлхийн жишигт нийцсэн эмнэлэг, лаборатори байгуулж, үр шилжүүлэн суулгасан амжилтаараа өндөр хөгжилтэй орны түвшинд хүрсэн нь бахархамаар….

Монголын анхны үр шилжүүлэн суулгах төвийг байгуулсан UNIMED INTERNATIONAL эмнэлэгт Монголчуудаас гадна  хөрш орнуудаас ч зорин ирж мэс засал хийлгэдэг болжээ. Тус эмнэлэг байгуулагдснаасаа хойш үр шилжүүлэн суулгах замаар 800 гаран хүүхдийг төрүүлээд байна.Эдгээр хүүхдүүдийн 40 % нь хоёр ихэр, 15 нь гурван ихэр төржээ. Үр шилжүүлэн суулгасан эмэгтэйчүүдийн амжилттай болох  магадлал дэлхий нийтэд дунджаар 30-35 хувьтай байгаа бол  Монголын анхны үр шилжүүлэн суулгах төвийн амжилт дэлхийн жишигтэй эн тэнцүүхэн 38% тай байна.

Ингээд “UNIMED INTERNATIONAL” эмнэлгийн Үр шилжүүлэн суулгах төвийн захирал, АУ-ны доктор, профессор Р.Хадбаатартай хагалгаанаас хагалгааны хооронд цөөн хором ярилцснаа хүргэе. Тэрээр “Монгол эмэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгаан “сэдвээр доктор хамгаалсан  Монгол Улсын анхны эмч билээ.

Сур: Үр шилжүүлэн суулгах төвийг анхлан Монголдоо байгуулсан түүхээсээ хуваалцаач?

Р.Хадбаатар:  2007 онд эмнэлэг дээрээ  эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын иж бүрэн цогц тоног төхөөрөмж суурилуулсныхаа үндсэн дээр Германаас үр шилжүүлэн суулгах иж бүрэн лаборатори оруулж ирж байгуулсан  нь Монголдоо анхных байлаа. Дурангийн мэс заслаар оношийг нь тодруулсны үндсэн дээр  өөрөөрөө жирэмслэх боломжгүй эмэгтэйчүүдэд үр шилжүүлэн суулгах хөтөлбөрийг хийх болсон. Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн нас бол 16-47. Нас явах тусам жирэмслэх магадлал буурч байдаг учраас аль болох эрт оношлуулах тусам  үр хүүхэдтэй болох магадлал  төдий чинээ нэмэгддэг учраас үр шилжүүлэн суулгах төвийг яаралтай байгуулах нь нийгмийн хариуцлага байсан гэж ойлгож болно

Сур: Танай төв өнгөрсөн хугацаанд хичнээн гэр бүлийг үр шилжүүлэн суулгах мэс заслаар үр хүүхэдтэй болгосон бэ?

Р.Хадбаатар:Давхардсан тоогоор 1600-аад гэр бүл үр шилжүүлэн суулгах хөтөлбөрт хамрагдаж 800 гаран хүүхэд энэ аргаар төрсөн байна. Тэдний 40 хувь нь 2 ихэр, 15 нь 3 ихэр төрсөн.

Сур: Яагаад ийм олон ихэр төрөв?

Р. Хадбаатар: Үр тогтох магадлалыг нэмэгдүүлэхийн тулд хэд хэдэн үр хөврөлийг эхийн умайд суулгана. Эмэгтэйчүүдийн нас явах тусам жирэмслэх  магадлал буурдаг учраас 38-аас дээш насны эмэгтэй, эсвэл өмнө нь үр шилжүүлэн суулгаад амжилтгүй болсон  эмэгтэйд  гурван үр тогтсон өндгөн эс суулгах жишээтэй. Гурвуулаа амжилттай тогтовол 3 ихэр,  эсвэл хоёр нь бэхлэгдвэл 2 ихэр хүүхэд төрсөн гэсэн үг.

Сур: Үр шилжүүлэн суулгах мэс засал ийм амжилттай байгаагийн гол нөхцөл юу вэ?

Р.Хадбаатар: Манай төв  дэлхий нийтэд шинээр нэвтэрч байгаа технологи бүрийг цаг алдахгүй нэвтрүүлж байна. 35-аас дээш насанд өндгөн эс хөгширч, гадна талын тунгалаг бүрхүүл зузаарч, энэ хирээр умайд бэхлэгдэх  магадлал буурч байдаг. Иймээс бид лазераар тунгалаг бүрхүүлийг нимгэлж байна. 2013 онд олон улсад нэвтэрсэн үр хөврөлийг инкубаторт нь хянах технологийг манайх 2014 онд нэвтрүүлсэн. Эр бэлгийн эсийг 6000-7000 дахин томруулж харснаар тухайн эр бэлгийн эсэд буй гажиг өөрчлөлтийг ялгаж салгаж харж чаддаг болсон. Лабораторийн нөхцөлд хүнээс хамаарах хамаарлыг багасгах тусам алдаа бага гардаг. Өндгөн эсийг хөлдөөх, зөөлөн сэдээлтийн арга, төмсөгнөөс эр бэлгийн эсийг ялгаж авах гээд маш олон аргуудыг нэвтрүүлсэн.

Сур:Эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын суурин дээр үр шилжүүлэн суулгах төвийг байгуулсны учир юу вэ?

Р. Хадбаатар: Үргүйдлийн эцсийн оношилгоог дурангийн мэс заслаар хийж байна. Дурангийн оношилгоонд заавал орох ёстой. Өөрөөр хэлбэл: Дурангаар аарцагны эрхтэн тогтолцоо, наалдац, сувгийн битүүрэл, хавдар байгаа эсэх, өндгөн эсийг татаж авах боломж байна уу гэдгийг оношилно. Хавдар, наалдацыг авч, суваг нээх гээд дурангийн мэс заслын дараа өндгөвчний үйл ажиллагааг дэмжснээр зарим тохиолдолд өөрөөрөө жирэмслэх ч тохиолдол бий.

Ер нь үргүйдлийн шалтгаан эрэгтэй эмэгтэй ижилхэн 50/50 хувь болсон байна

Сур: Монголчуудын дунд үргүйдлийн гол шалтгаан юу вэ?

Р.Хадбаатар:Үрэвсэлт өвчин, дотоод шүүрлийн өөрчлөлт, эрчүүдийн хувьд гэмтэл бэртэл. Ер нь үргүйдлийн шалтгаан эрэгтэй эмэгтэй ижилхэн 50/50 хувь болсон байна. Дээхнэ үед бол эмэгтэйчүүдээс 40 хувь, эрчүүдээс 30 хувь шалтгаалж байлаа

Сур: Өөрөө үнэхээр боломжгүй бол өөр хүнээс өндгөн эсийг нь авч суулгах тохиолдол бий юу?

Р. Хадбаатар: Эмэгтэйн наснаас шалтгаалж эсийн нөөц барагдсан бол залуу эмэгтэйгээс эс авч суулгаж болно. 32 насны дотор эрүүл саруул нэг хүүхэд төрүүлсэн эмэгтэй донор болох боломжтой.

Сур: Үр шилжүүлэн суулгахдаа төрүүлэх хүүхдийнхээ хүйсийг захиалж болох уу?

Р. Хадбаатар: Сая батлагдсан Донорын тухай хуулиар үүнийг хориглосон. Угаасаа 2015 оноос дэлхий нийтээрээ хүйс захиалахыг хориглосон. Хүн төрөлхтний хүйсийн тэнцвэрт байдлыг алдагдуулах аюултай гэж үзсэн.

Сур:Тээгч эх, үрийн донор гээд маш олон асуудлууд эндээс урган  гарна биз?

Р. Хадбаатар: Манай Монголчууд харьцангуй ах дүүсэг, бие биедээ элгэмсэг улсууд болохоор хамаатан садан дотроо энэ асуудлаа ихэвчлэн шийдэж байна.

Сур: Тухайлбал яаж шийдэх үү?

Р. Хадбаатар: 48 настай эмэгтэй өөрөөсөө дүү нөхөртэй болжээ. Дундаасаа хүүхэдтэй болохыг хүсэвч эмэгтэйн өндгөн эс боловсрохоо больсон байлаа. Өөрийнхөө 23 настай охиноосоо өндгөн эс авч,нөхрийнхтэйгээ нийлүүлээд өөрөө амжилттай тээж төрүүлсэн тохиолдол бий. Охин нь 23 настай ч нэг хүүхэд төрүүлсэн байсан.

Сур:  Өөр сонирхолтой тохиолдол бий юу?

Р. Хадбаатар: Эрэгтэй талаасаа шалтгаант үргүйдлийн маш сонин жишээ бий. Манайд 2014-2015 онд 2 удаа үр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн ч амжилтгүй болсон. Түүний дараа Солонгост очиж мөн л 2 удаагийн оролдлого амжилтгүй болсон. 2017 онд манайд буцаж ирээд эхнэр нь өндгөн эсээ нөхрийнхөө эрэгтэй дүүгийнхтэй нийлүүлж , үр хөврөл болгоод  хадгалуулчихсан байсан. Гэтэл эрэгтэй дүү нь нас барчихсан. Дараа нь нөгөө хадгалуулсан  үр хөврөлөө суулгуулж амжилттай болоод төрүүлсэн тохиолдол бий. Энэ бол нэг талаас ах нь үр хүүхэдтэй болсон. Нөгөө талаас нас барсан дүүгийнхээ үр удмыг авч үлдсэн маш сайхан тохиолдол болсон л доо.

Сур: Үрийн зулай үнэрлэж чадахгүй яваа охид эмэгтэйчүүдэд та хандаж юу хэлэх вэ?

Р. Хадбаатар: Эмэгтэйчүүдийн хувьд нөхөн үржихүйн оргил нас бол 28. Ер нь 35 наснаас хойш жирэмслэх, үр тээх магадлал буурч эхэлдэг. Ургийн гажиг үүсэх магадлал ч нэмэгдэж байдаг. Харин эрэгтэй хүний хувьд бол 60,70 нас хүрсэн ч жирэмслүүлэх чадвар байж байдаг онцлогтой. Иймээс хэрвээ танд асуудал байгаа бол эрт оношлуулж, аль болох цаг алдахгүй эмчилгээ хийлгэвэл үр дүн төдий чинээ сайн байна.

Сур: Өнөөдрийн эмэгтэйчүүдийн хувьд боловсрол, нийгэмд эзлэн байр суурь, эдийн засгийн бие даасан байдал гээд гэрлэлт, ээж болох нас оройтож байна л даа. Энэ тохиолдолд?

Р. Хадбаатар:  Гэр бүлээ төлөвлөх боломж бий. Залуудаа хүүхэд төрүүлэх цаг завгүй байлаа гэхэд өндгөн эсээ хадгалуулчихаад хүүхэд төрүүлэх боломжтой болсон үедээ түүнээ суулгуулж болно. Учир нь өндгөн эс залуу байх тусам үр хөврөл үүсэх чадвар болоод чанар нь сайн байдаг. Өндгөн эсийг -196 градуст 10-аас дээш жил чанарыг нь алдуулахгүй хадгалах боломжтой.

Сур: Манайхан үр шилжүүлэн суулгах гэхээр гадагшаа явах тухай л их ярих болжээ. Гэтэл Монголд энэ боломж бүрэн байхад яагаад ?

Р. Хадбаатар: Үр шилжүүлэн суулгах арга технологи өнөөдөр дэлхий нийтээрээ нэг түвшинд жигд болсон. Даяаршил, интернэтийн үр дүнд АНУ, Германд нэвтэрсэн технологи дэлхийн хаана ч тархах боломж бүрдсэн . Гол ялгаа нь эмчийн туршлага, эмнэлгийн орчинд л бий.

Сур:Үнийн хувьд ялгаа бий юу?

Р. Хадбаатар: Монголд өнөөдөр үр шилжүүлэн суулгалт 8-10 сая төгрөгт хийж байгаа нь хамгийн хямд.  Солонгост очиж хийлгэлээ гэхэд дор хаяж  20,000 доллар зарцуулна. Үр дүн яг адилхан. Манай төвд Буриадаас, Өвөр Монголоос ирж үр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэж байна.

 

 

 

 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here