Т.Бүдээхүү: Коронавирус үнэн бодит мэдээллийг дамжуулахад хаалт хийх нэг шалтаг болж байна

691

Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр олон улсад цар тахлын үеийн хэвлэл мэдээллийн эрх чөлөө, ажиллах нөхцөл байдлын талаар хөндөн ярилцсан байдаг. Тухайлбал, зарим улсуудад коронавиурсийн талаарх үнэн зөв мэдээллийг нийтэлсэн хэвлэл мэдээллийнхэнд хариуцлага тооцох, хавчин боох асуудал ч гарчээ. Харин манай улсад цар тахлын үеийн хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн нөхцөл байдал ямар байгаа талаар Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Т.Бүдээхүүтэй ярилцлаа.

-Covid-19-ийн үед хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид хэрхэн ажиллах ёстой вэ. Энд ямар нэг журам, заавар үйлчлэх ёстой юу?

-Тогтвортой хөгжлийн асуудлыг сонирхон судалдаг сэтгүүлч мэргэжилтэй хүний хувьд Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоог санаачлан  байгуулж, тогтвортой хөгжлийн чиглэлээр бичиж, нийтэлдэг сэтгүүлчдийг дэмжих, хөгжлийн төлөөх сэтгүүл зүйн хөгжилд дэм болохыг хүсч ажиллаж байна. Манай холбоо нийгэмд үйлчлэх статустай, нийгмийн сайн сайхны төлөөх  ТББ. Бидний үйл ажиллагааны нэг чиглэл нь  аливаа асуудлаар олон нийтэд зөв ойлголт, мэдээллийг өгөх явдал байдаг.

Тийм учраас цар тахлын үед хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид хэрхэн ажиллах ёстой вэ, дэлхий нийт энэ асуудалд хэрхэн анхаарч байгаад бид анхаарал хандуулж, сэтгүүлчиддээ болон олон нийтэд зөв ойлголт, мэдээлэл өгөхийг зорьж байна.  Жил бүрийн тавдугаар сарын 3-нд тохиодог Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр хэвлэлийн эрх чөлөөг дээдэлж ажилладаг олон улсын байгууллагууд цар тахлын үеийн хэвлэлийн эрх чөлөөнд онцгойлон анхаарал хандуулж, үгээ хэлж байна.

Тухайлбал, Reporters Without Borders Germany буюу ХБНГУ-ын Хил хязгааргүй сурвалжлагчид нэртэй хэвлэлийн эрх чөлөөний төлөө ажилладаг байгууллагын гүйцэтгэх захирал Кристиан Михр гэж хүн  Германы DW агентлагт ярилцлага өгсөн байна. Түүний хэлж буйгаар коронавирусийн үед дэлхий даяар 230 сэтгүүлч, 14 зураглаач, 115 блогерууд ор сураггүй алга болж, зарим нь шоронд сууж байгаа аж.

[Tweet “Анх цар тахал дэгдсэн БНХАУ-ын Уханьд алга болсон сэтгүүлчдээс одоо ч зарим нь сураггүй байгаа гэнэ.”]

Зөвхөн Хятад биш, Армянд коронавирусийн халдварын талаар мэдээлэл дамжуулахдаа зөвхөн Засгийн газрын тогтоолыг дамжуулах, Серб улсад эмнэлгээс бодит байдлыг дамжуулж байсан сэтгүүлчийг баривчлан саатуулсан, Унгарт онц байдлын тухай хуульдаа сэтгүүлч хэрэв алдаа гаргасан бол тав хүртэлх жилээр хорих ял өгөх эрхийг Ерөнхий сайддаа өгсөн зэрэг хэвлэлийн эрх чөлөөнд илт халдсан үйл явдлууд болж байна. Цар тахлын үед  хуурамч мэдээлэл тараах нь дайнтай адил нөхцөл байдлыг үүсгэх учраас аль болох мэргэжлийн сэтгүүл зүйг ажлаа хийх боломжоор хангах шаардлагатайг уриалсан байна.

Түүнчлэн

“Дойче велле”-ээс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр Серб, Словен, Беларусь, ОХУ, Венесуэль, Зимбабве, Уганда, Иордан, Камбож, Филипин, Хятад зэрэг 14 улсын 17 сэтгүүлчийг цар тахлыг мэдээлснийхээ улмаас хэлмэгдсэн гэж Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналаараа шагнасан байна.

Энэ бүхэн нь коронавирус дэлхий даяар хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдах, үнэн бодит  мэдээллийг дамжуулахад хаалт хийх нэг шалтаг болж байгааг илэрхийлж байна.

-Тэгвэл цар тахлын үед Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн эрх чөлөөний асуудал ямар байна гэж харж байна вэ?

-Монголд ил тод байдал хангалтгүй гэдэгтэй бүгдээрээ санал нийлэх байх. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай гэж бараг хэрэгждэггүй нэг хууль бий. Уг хуулиар төрийн байгууллагын боловсон хүчний, төсвийн, үйл ажиллагааны зэрэг мэдээллүүд ил тод байх ёстой. Тийм учраас хардлага, сэрдлэг дагуулахгүйн тулд төрийн байгууллагуудыг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, мэдээллээ аль болох ил тод байлгаасай гэж уриалж байна. Одоогоор сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн эрх, эрх чөлөөнд халдсан, хорьсон, хаасан ямар нэг зүйл гараагүй ч  хууль, эрх зүйн орчинг чангалах зарим санал  улстөрчдийн зүгээс гарч байгаад харамсаж байна.

Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт УИХ-аар баталсан Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуульд  “цар тахалтай тэмцэхэд саад учруулсан, олон нийтийг төөрөгдүүлэх худал мэдээлэл түгээсэн бол иргэнийг  5 сая, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгох” заалт оруулах санал төсөлд орсон байсан. Манайх шиг хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр ухарч байгаа оронд ийм заалт хуульд оруулах нь эрсдэлтэй.  Харин яг батлагдахын өмнө УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар дэмжигдээгүй байна лээ.

Үнэхээр худал мэдээллээс нийгмээ хамгаалья гэж байгаа бол Засгийн газар сэтгүүлчдийн үнэн бодит мэдээлэл түгээх буюу ажлаа хийх нөхцөлийг бий болгох хэрэгтэй. Улмаар мэргэжлийн сэтгүүл зүйг аль болох дэмжих хэрэгтэй. Халуун цэгт очиж сурвалжлага мэдээлэл бэлтгэдэг сэтгүүлчдийн аюулгүй байдалд анхаарах, хямралын үе дэх нийгмийн баталгаанд нь анхаарах гэх мэт асуудлуудыг энд хөндөж болно. Евро парламентын хэсэг гишүүд эдийн засаг, нийгмийн хямралд сэтгүүлчид ч мөн адил өртөх учраас сэтгүүлчдийг сургах, аль болох реклам, зар сурталчилгаа нийлүүлж орлогыг нь таслахгүй байх, ил тод байж, үнэн бодит мэдээллээр хангах, сэтгүүлчдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарах зэрэг асуудлаар санаачлага гаргасан байна.

Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбооны зүгээс эдгээр асуудлаар санаачлага гарган ажиллаж эхлээд байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here