“ “Цагаан сар” 2-р сарын 28-нд болно” гэж бурханы шашинтнууд үзэж байхад “2-р сард биш 1-р сарын 28-нд болох ёстой” гэж үздэг “тэрслүүд” үзэлтэн, Шар зурхайч М.Намсрайтай ярилцлаа. Тэрээр энэ удаад өвлийн эхэн сарын шинийн нэгэнд тэмдэглэдэг Чингис хааны төрсөн өдрийг Зуны эхэн сарын 16-ны Улаан тэргэл өдөр тохионо гэх. М.Намсрай гуай Чингис хааны төрсөн өдрийг чухам яагаад зун болгох гэж “зүтгээд” байгаа талаар нь ярилцлаа.
Ярилцлагаа тэрээр “Монгол” гэж шүлгээр эхлүүлсэн бөгөөд “Буриад” гэх шүлгээр дуусгасан билээ.
Дөрвөн улиралд хувирдаггүй
Дөчин есөн тэнгэр минь монгол
Дөрөөн чимээнд уйддаггүй
Дөмөн хонгор газар минь монгол
Хөрс шороогоо нандигнаж
Үргэлж барих гэр минь Монгол
Хүн чанар эрхэмлэж
Үүрд хадгалах нэр минь Монгол
Хоосон чанарт автахгүй босоо заяаны бичиг минь Монгол
Хоолойн чадал цуцахгүй бодол уртын дуу минь Монгол.
Энэ шүлгээрээ монгол хүн гэдэг сэтгэлээ илэрхийлж, нийт монголчууддаа сайн сайхныг хүсье. Үүх түүх, язгуур соёл, өвгөдийнхөө үлдээсэн өв их эрдэм соёл дээр дээр тулгуурлаж үзэл бодлоо илэрхийлдэг хүний хувьд Эзэн Чингис хааны төрсөн өдөр болж байгааг онцолъё.
[Tweet “5-р сарын 8 буюу монгол тооллоор Зуны тэргүүн сарын 16-ны Улаан тэргэл өдөр Чингис хааны төрсөн өдөр тохионо.”]Чингис хааны төрсөн өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэхийг төр засгаас хуульчилчихсан. Гэтэл та яагаад зун гээд байна вэ?
Би Чингис хааны төрсөн өдрийг хэзээ вэ гэдэг асуудал хэлэлцэгдэж байх үед буруу тэмдэглэж болохгүйг хэлж байсан. Чингис хааны ач хүү Хубилай сэцэн хаан өвөг эцэгтэйгээ уулзах үедээ 15 настай байсан гэдэг. 15 настай хүүхэд өвөг эцгийнхээ төрсөн өдрийг буруу тэмдэглэж авна гэж байх уу. Маш олон эх сурвалжид Чингис хааныг Зуны тэргүүн сарын 16-ны Улаан тэргэл өдөр төрсөн гэж тэмдэглэсэн байдаг.
Гэвч зун төрсөн хүний төрсөн өдрийг яагаад өвөл тэмдэглэж байна вэ. Өнөөдрийн монголчуудад ямар сонирхол байна вэ гэдэг асуулт гарна.
Ямар эх сурвалжид Чингис хааныг зуны тэргүүн сарын 16-нд төрсөн гэж бичсэнийг та дурдаач?
Маш олон баримт, бичигт бий. Хамгийн сүүлийн жишээ Хөх судар. Чингис хааны удмын гучин хэд дэх хүн, аугаа их Инжинашийн зохиосон Хөх судар дээр “Зуны тэргүүн сарын 16-ны Улаан тэргэл өдөр төрсөн” гэж бий. Сайн ажиглаж чадвал 16-ны сар бол улаан туяатай гардаг.
Олон эх сурвалж дээр зун төрсөн гэдгийг нь хэлээд өгчихсөн юм бол яагаад заавал өвлийн тэргүүн сар дээр тогтсон хэрэг вэ?
Үеийн үед төр засаг ямар байна түүндээ зохицож амьдардаг хүмүүс байна. Үнэнийг худал болгож харуулдаг. Бидний 100 жилийн өмнөх түүх маш худал түүх болсон.
Өнөөдөр Ази даяараа Хубилай хааны зарлигаар Шар зурхайг дагаж байна. Гэтэл манайх л тэс өөр явж байна.
Чингис хааныг зун төрсөн гэж хэлээд байгаа таны нотолгоог дэмждэг, хүлээн зөвшөөрдөг хүн байна уу?
Засаг төрд үйлчилж буй, өөрсдийгөө нэр хүндтэй гэж бодож буй хүмүүс дунд бол байхгүй. Уг нь Ц.Элбэгдорж Чингис хааны төрсөн өдрийг өвөл тэмдэглэхээр хуульчлах үедээ надаас асуусан юм. Гэхдээ “хэзээ төрсөн бэ” гэж огт асуугаагүй. Харин ЕТГ-аас ярьж байна гээд “өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн аргын тооллоор хэдэн байх вэ” гэдгийг асуусан. Би тооцоолол хийгээд 11-р сарын 7 гэж хэлсэн. Хэрэв Чингис хааны төрсөн өдөр хэзээ вэ гэж асуусан бол би Зуны тэргүүн сар гэж хэлэх байсан юм.
Таны судалдаг, барьдаг Шар зурхайд хулгана жилийг хэрхэн тодорхойлсон бэ?
Төмөр хулгана жилийн өнгийг манай зурхайчид юу гэж тодорхойлсон, би юу гэж тодорхойлсныг харьцуулж хэлж өгье.
Тэрбиш тэргүүтэй хүмүүс Төмөр хулгана/цагаан хулгана/ жилийг “монгол түмний заяа буян тэгширсэн, олон амжилтын хур буусан, иргэддээ итгэсэн, сайхан амьдрах орчныг бүрдүүлсэн жил болно” гэж санал нэгтэй хэлжээ.
Цаашлаад “хулгана жил байгаль цаг уур, төрт ёсны хувьд ч сайхан болдог гэж байна. Элбэг дэлбэг, үр өгөөжтэй, хор хөнөөлгүй, улс орон амар амгалан, түвшин болно. Залууст ээлтэй, хөгшдөд халтай…” гэх мэт ерөнхий үгээ жилийн жилд л давтдаг хэвээрээ.
Гэтэл хулгана жил гарангуут хүн төрөлхтөн ямар хүнд байдалд оров. Амар амгалан байна гэж хэлсэн нь хаана байна. Бүгдээрээ амны хаалттай, бүгд гэрээсээ гарах эрхгүй, тэр тусам манай ард түмэн маш хүнд байна.
Харин би юу гэж хэлэв, Шар зурхайд юу гэж хэлэв гэвэл…
“Тахиа жилд түмэн хөдөлдөг, нохой жилд ноёд хөдөлдөг, гахай жилд газар хөдөлж, гай барцдаа арилгаж, гарц, орцоо олж, эрдэнийн зүйлээр бөөлждөг эрүү цагаан хулгана жилээ угтдаг юм” гэж хэлсэн.
У.Хүрэлсүх гэж хүний удирдлага дор энэ гахай жилийг монголчууд хэрхэн өнгөрүүлэх вэ, ирж буй хулган жил ямар вэ гэдгийг би өвгөдийн номон дотроосоо асуулаа. Шар зурхайгаар бол төр удирдаж буй хүний төөрөгтэй холбож үздэг юм.
Дээдсийн сударт – “тогтсон хэдий ч зэтгэр маш их гэж байна. Бий дор засаг ирлээ ч заалдан тэмцэх, засал хийлгэхгүй бол байнгын дарамт үргэлжилнэ…” гэсэн байна. “Зэтгэр гэдэг бол үзэшгүй 12 дүрстэй, сэтгэлд үүрлэн оргоногч, хорлол язгуур нь хижиг шиг, хүн төрөлхтнөөс үүрд тусгаарласан сэтгэлийн амьтан гэмээр зүйл тул сэрээж болохгүй шүү” гэсэн байна.
Үүний үр нь юу гэвэл- “өвөл, зун хоосноор зүдрэх вий…гэж миний календарийн 6-7-р хуудаст бичжээ. Өөрөөр хэлбэл, коронавирус гэгч зүйл 12-р сараас эхлээд өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Харин намрын дунд сарын шинийн нэгэнд дуусна…” Миний барьдаг, өвгөд дээдсийн минь бидэнд үлдээсэн Монголын шар зурхайд ингэж үнэнийг хэлдэг юм байна.
Тиймээс Хубилай хааны хуульчилсан, Чингис хааны чиглүүлсэн Монгол шар зурхайгаа төрийн зурхай болгох цаг болжээ гэж би хэлэх байна. Харамсалтай нь өнөөдөр энэ зурхайг албажуулах төр засаг алга, өргөдөл, албан бичиг өглөө ч хүлээж авахгүй. Бүгд шашинжсан хүмүүст ойлгуулах маш хэцүү.
[Tweet “Би төрийн тооллыг Төвдөөс тусгаарлахын тулд бүхэл бүтэн амьдралынхаа 30 жилийг зориулсан.”]Дээд судар, өвгөдийн судар гэж та яриад байна. Яг юуг хэлээд байна?
МЭ-ний 732 онд монголчууд хадан дээрээ бичсэн цаг тооны бичиг бол Монгол шар зурхайн цаг тооны эх үндэс гэж үзэж болно. Бид Хүннүгээс нааш төрийн тооллоо алдаагүй улс. Манжийн хааны эрхшээлд байх үед бага зэрэг будилж байгаад социализмийн үед хэвийн тооллогодоо орсон. Өөрөөр хэлбэл, төрийн тоогоо Шар зурхайтайгаа хамт аваад явж байсан түүхэн баримтууд их бий. Тухайлбал:
Баримт: Ардын засгийн 1924 онд Цэвээн Жамсранов, хичээнгүй сайд Б.Цэрэндорж нар “Аргын тоололд шилжье” гэх санаа гаргасан байдаг. Ер нь засаг солигдох тоолонд өөрийн тоололдоо шилждэг байсан түүхэн баримтууд олон бий.
Баримт: Богд хаан олноо өргөгдсөн Монгол улсыг байгуулаад, өөрөө төр шашныг хосолсон эзэн хаан болоод анх хэвлүүлсэн цаг тооны бичиг нь:
Богд хааны үед Шар зурхайн цаг тооны бичиг хэрэглэж байсан гэхээр саяхных юм байна. Тэгэхээр, хэзээнээс энэ Шар зурхайн тооллоо алдаад Төвд тоолол руу орсон гэж та үзээд байна?
[Tweet “Манжийн хааны үеэс эхлээд Төгсбуянт зурхай гэгчийг гаргаж ирсэн.”] Манжийн хаан энэ Төгсбуянтын зурхай гэгчийг дээд монголын Сүмбэхамба Ишбалжир гэдэг хүнээр 1747 онд зохиолгосон байдаг. Монголчуудыг яаж буруу явуулах вэ гэдгээс үүдэлтэй…зарим өдөр тасардаг, давхарддаг, зарим өдөр алга болдог…Гэтэл манай төр ийм буруу тооллыг дагаад л яваад байна. Богд хааны үед ч Төгсбуянтыг барьж байсан байдаг. Гэхдээ Богд хаан Төгсбуянтын зурхай, Монгол шар зурхай аль аль нь бийг онцгойлон анхааруулсан байдаг.Сүхбаатар жанжны багш онгодын Жамъян гэж хүн “Урт өдрийн улиг бичиг” гэдэг ном зохиогоод түүн дээрээ “Цагаан сарын шинийн нэгний өдөр бол хаврын урь орсон өдрөөс ургшаа 15, хойшоо 15 хоногийн дотор байдаг юм” гэдгийг зааж өгсөн. Богд хааны үед ингэж ярьж байсан гэдэг нь Монгол шар зурхайгаа хүлээн зөвшөөрч байсны илрэл. Гэвч тэрийг нь засалүйгээр Ардын засгийн газар байгуулагдаад социализм, коммунизм болоод өнөөдрийг хүртэл Төгсбуянтын зурхайгаар төөрөлдөөд явж байна.
Манайхан эсэргээр нь Шар зурхайг хятадаас гаралтай гэж үздэг юм байна шүү дээ?
“Шарсан мах андахгүй шар зурхайч” гэж хэлсэн үг бий. Хятадууд “махчин” уу, монголчууд “махчин” уу. Мангас гаралтай, махан идэштэй монгол хүн гээд Дулдуйтын Равжаа шүлэг хэлсэн байдаг. Энэ бүхнээс харахад манай монголчууд Шар зурхайг бүтээгээд, үг, өгүүлбэртээ багтаагаад оюуны өмчөө хамгаалаад иржээ.
[Tweet “Зурхай бол өвлөгдсөн том эрдэм, соёл”]
Ер нь зурхайн ухаангүйгээр амьдарч болохгүй юу. Хоёр өөр зурхай гаргаж ирээд, талцаад, маргаад байх шаардлага юу байна?
Тоогүйгээр амьдарч болохгүй юу гэсэнтэй адил шүү дээ. Хоол авахдаа мөнгөө тоолохгүй өгч болох уу. Түүн шиг Шар зурхай амин чухал хэрэгцээтэй эд юм.
Энэ хоёр зурхай яагаад зөрүүтэй байгаад байдаг юм. Ялгаа нь яг юу юм бэ?
Төгсбуянтын зурхайгаар бол өнөөдөр 10 байсан бол маргааш 12 болчих жишээтэй. Заримдаа хоёр шинийн наймантай байдаг гэх мэт…Өнөөдөр л гэхэд уг нь зуны тэргүүн сар гарчихаад байхад хаврын сүүл сар гээд явж байх. Бүхэл бүтэн сараар алдаж тоолно гэдэг байж болохгүй зүйл.
Зурхай гэж ер нь юу юм бэ?
Зурхайн ухаан бол хүн үүсч бий болоод нэмж хасч, өгч авдаг болсон цагаас л үүсэлтэй. Хүн төрөлхтөн ухаан орсон цагаасаа тоогоо бодоод энэ нэг, энэ нь хоёр юм. Хоёр дээр хоёрыг нэмэхээр дөрөв юм байна. Ингэж хасдаг, нэмдэг, хуваадаг юм байна…гэх мэтээр туулсан амьдралаасаа олж авсан мэдлэг нь аугаа их зурхай юм. Зурхай бол өвлөгдсөн том эрдэм, соёл.
Бусад улс үндэстнүүд Шар зурхайг барьдаг уу?
Лам нар дотор миний шар зурхайг барих хүн байдаг. Зүгээр сонирхох бус энэ чинь зөв юм байна шүү гэж хэлэх хүн ч бий.
Бид Чингис хаанаас чиглүүлсэн, Хубилай хаанаас хуульчилсан Шар зурхайгаа төрийн зурхай болгож, Азийн бусад улсуудтай нэг чиглэлтэй, тоололтой явах хэрэгтэй байна. [Tweet “Төрийн тоолол гэдэг бол ард түмнээ захирах, зөв авч явах, бүр хуульчилбал зохих хэрэглэгдэхүүн юм.”] Зурхайн ухаанд жилийг хаан, сарыг түшмэл, өдрийг буутай цэрэг, цагийг хурц зэвсэг нь гэж үздэг. Цаг бол үхэл, амьдралын бүх зүйлийг шийддэг. Өнөөдөр, маргааш яахаа мэдэхгүй хутганы ирэн дээр байгаа мэт явж байдаг учир ийн нэрлэжээ.
Нэг өдрийг муу гээд хэлчихээр тэр чигтээ муу байдаг юм биш. Цагаараа засч болно. Тухай өдрийн муу цагт нь л анхаарал, болгоомж, сонор сэрэмжээ алдахгүй байх нь чухал.
Таны зурхайд айсуй сонгуулийн өнгө хэрхэн бууж вэ?
[Tweet “Би хувьсгалын шинжтэй сонгууль болно гээд энэ 2020 оны зурхайгаа анх туурвихдаа бичиж үлдээжээ.”] Өнөөдрийн бидний хийх сонгууль огт өөр болох гээд байгааг харж байна. Хэн ч мэдээгүй, хэн ч тааварлаагүй сонгууль болох гэж байна.Дунд нь “алтан боломж” гэж үг байна?
Улс орноо боддоггүй, угсаа гарвалаа мэддэггүй маш олон хүн бий. Ийм хүмүүсээр бүрдсэн төр засгаас салах боломж байна л гэсэн үг. 200 гаруй бие даагч дэвшинэ гэж байгаа нь урд сонсогдоогүй л тоо. Сонгууль урд өмнөхөөс шал өөр, хувьсгалч сонгууль болох нь тодорхой боллоо… Ярилцлагаа би монгол шүлгээрээ эхэлсэн. Буриад шүлгээрээ дуусгана.
Эцгийн минь яс буриадай хөүүнийх болохоор
Ээжийн минь цус буриадай басганых болохоор
Булигласан халуун зүрх минь буриад гэхээр оволзон дотносдог юм
Бодлогоширсон ухаант тархи минь буриад гэхээр омогшин догдолдог юм
Гал гаргасан цагаасаа уул усаа тахиж явсан буриадын минь
Голомт залгасан үеэсээ улс гэрээ сахиж явсан буриадын минь
Хэлэлцэн ойлголцох үгс нь Шумери Вавилионы аялгуу хайлах шиг
Хэрэглэж явсан бүхнээс нь Эскип, Хүннүгийн урлал харагдах шиг
Хар харгана толгойдоо наран цацрагт малгай нь сүлдэн тахилга шиг
Хаж урлан дэгэлэндээ гурван өнгөт чимэг нь сүнсэн даллага шиг
Үүдэн тэнгэрийн онгодоороо үлгэр туульсын дэг Гэсэр, Жангараа тууривах шиг
Үүлэн чөлөөний омгоороо үнэн худлын дэнс, цааз эрхэм ч тогтоох шиг
Нанчид зооглон найгаж, наян наваагаа дуулалдахаар нь
Навч, цэцэг туучин нутгаа тэмүүлсэн нь тодордог юм
Үзэм, жимс зууралдсан морин тэрэгнүүдийн чимээнд
Үлгэрийн хотыг тоогоогүй үлэмжийн чанар нь танигддаг юм
Байгаль далайнхаа усаар амин судсаа тэжээсэн Буриад
Баргажин төхмийн шороон дээр анхны мөрөө үлдээсэн Буриад
Шинч баяны нутаг Бурхан халдунг зорьж ирэн Буриад
Чингис хааныг төрүүлж өсгөн, дэлхийг төвшитгөсөн Буриад
Хажуу газрыг халцартал хатирч дэвсэн бүжиглэх нь буриадуудын жаргалан
Хангал, онгон, догшдыг хазаар, жолоонд дасгах нь буриадуудын жавхлан
Сүхээ бариад гарсан бол ар гэрийн түшигтэй энэ буриад
Сумаа онилоод харвасан бол ан авын хишигтэй энэ буриад
Амьд бурхан Богдтой төрийн алтан аргамж бүтээлцэж явсан юм
Ардын засгийн долоотой тунхаглан зарлах бичиг бичилцэж явсан юм
Алах ял заагдана чинэ зүүдлээгүй
Ариун журамт буриад хэвээрээ явсан юм
Алтан соёмбот далбаагаа НҮБ-ын тэнгэрт мандуулсан
Аугаа үйлсийн эзэн буриадай хөвүүн байсан юм
Суу алдрын оргил дээрээс унаж, босож манлайлсан
Сүр жавхлант монголоосоо нүүрээ хэзээ ч буруулаагүй-Буриад зон
Сүлд хиймрийн орчил дээрээс урган, цэцэглэж мандсан
Сүүн заяат монголдоо нүнжгээ хэзээ ч таслаагүй-Буриад зон
Хянган голын болжуухай нисэн жиргэн сүлжилдэхээр нь
Хүний энэхэн хорвоод уужран жаргахаас аргагүй буриадууд аа
Сүхийн голын жараахай умбан, шумбан цэнгэлдэхээр
Сүрэг уяхан дэлхийгээ ухаарч амьдрахаас аргагүй, буриадууд аа
Дээдсийн заяатай буриадай хөвүүд, басгад та нар
Дээшээ морилогтий, дэлхийн дэвжээн дээр та нар шүү…