Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк (АХБ) коронавирус (COVID-19)-ийн халдварын цар тахлын хүн амын эрүүл мэнд болон эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр мөн Монгол Улсын эрчим хүчний системд анхны том хэмжээний хуримтлуурыг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд барих зорилгоор нийт 3 зээлийн хэлэлцээр, 1 буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зуржээ.
COVID-19 цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах хөтөлбөрийн 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, цар тахлын эсрэг бэлэн байдал болон хариу арга хэмжээг дэмжих зорилгоор “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл”-д 30 сая ам.долларын нэмэлт санхүүжилт олгохоор болсон байна.
Мөн Монгол Улсад дэвшилтэт технологид суурилсан том хэмжээний хуримтлуурыг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд барьж байгуулах төслийн 103 сая ам.долларын зээлийн хэлэлцээр, буцалтгүй тусламж үзүүлэхээр болжээ.
Түүнчлэн Засгийн газраас авч хэрэгжүүлж буй халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд болон эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг дэмжих юм.
Харин “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том хэмжээний хуримтлуурын төсөл”-ийн хүрээнд [Tweet “125 МВт-ын хүчин чадалтай дэвшилтэт технологи бүхий том хэмжээний хуримтлуурыг Төвийн бүсийн эрчим хүчний сүлжээнд барьж байгуулах юм.”] Ингэснээр Монгол Улс өөрийн эрчим хүчний системийн тохируулга хийх боломж нэмэгдэж эрчим хүчний хувьд бие даасан байдал, эрчим хүчний системийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, эрчим хүч үйлдвэрлэлт, хэрэглээний балансыг тогтворжуулах, болон эрчим хүчний алдагдлыг бууруулах ажээ.
Энэхүү хуримтлуур нь Монголын эрс тэс уур амьсгалд тэсвэртэй байхын зэрэгцээ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс бүрэн цэнэглэгдэх боломжтой эрчим хүчний удирдлагын системээр тоноглогдох юм. Түүнчлэн уг төсөл нь ирээдүйд цахилгаан дамжуулах сүлжээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр шинээр холбоход шаардагдах тохируулгын нөөцийг бүрдүүлэх юм.