“Урьхан” Б.Чинбатын иргэн В.Ганзоригийг онилсон алтны дээрэм одоо л өрнөж буй шинэ үйл явдал биш, хоёр жилийн турш үргэлжилж буй дээрэм юм

“Урьхан” Б.Чинбатын иргэн В.Ганзоригийг онилсон алтны дээрэм одоо л өрнөж буй шинэ үйл явдал биш, хоёр жилийн турш үргэлжилж буй дээрэм юм

“Урьхан” Б.Чинбатын ээлжит хохирогч иргэн В.Ганзориг цагдан хорих 461 дүгээр ангиас шүгэл үлээгээд нэлээд хэд хонолоо. Тэрээр “Хялбар ажиллагааны шүүгч Ч.Алдар намайг  Б.Чинбатын  захиалгаар  хорьсон” гэсэн утгатай мэдэгдэл хийсэн аж.

Шүүгч Ч.Алдар "Урьхан" Б.Чинбатын захиалгаар гэмгүй иргэнийг цагдан хорих захирамж гаргангуутаа “Урьхан”-ы босст үйлчилдэг хөрөнгөжсөн хурандаа “цээж” Ууганбаяр руу “Би ажлаа хийчихсэн шүү” гэсэн утгатай мэссэж бичсэн. Улмаар “цээж” Ууганбаяр руу  нууц аппликейшнаар дуудлага хийсэн талаар "Өдрийн сонин"-д нийтлээд буй. 

Харин энэхүү “Урьхан” Б.Чинбатын иргэн В.Ганзоригийг онилсон алтны дээрэм одоо л өрнөж буй шинэ үйл явдал биш. Хоёр жилийн турш үргэлжилж буй дээрэм аж. Сүүлийн  мэдээллээр шоронд хоригдож буй иргэн В.Ганзориг төдийгөөс өдий хүртэл хэрхэн яаж дээрэмдүүлж ирсэн, ямар хүмүүс  “Урьхан” Чинбатын дээрэмд оролцсоор өнөөг хүрснийг нэртэй устай, баримттай нотолгоотой нь мэдүүлжээ. Тэрээр хуулийн байгууллагад гомдол гаргаж болсон бүх явдлыг дэлгэж эхэлсэн байна.

Түүний мэдүүлэгт дурдагдсан нэгэн шинэ баримтыг сонирхуулъя.

Лайвчин Д.М иргэн В.Ганзоригийг шоронд хоригдохоос өмнө очиж уулзсан аж. Ингэхдээ “Чинбаттайгаа тохироод алтаа ухуул. Ухуулахгүй бол цагдаагийн томчууд, прокурор, шүүх манай талд учраас чам шиг юмыг хориход ядах юм байхгүй шүү. Чамд хэрэг үүсгэж шоронд хийчихвэл чиний алтыг ухах асуудал биш” гэсэн утгатай үг унагаж дарамталсныг хохирогч В.Ганзориг хуулийн байгууллагад мэдүүлжээ. 

Эндээс нэг логик тодорч байна. Хүний эрхийг хязгаарлаж, шоронд хорьдог онцгой эрхтэй шүүгчийн гаргах гэж буй шийдвэрийг захын нэг лайвчин яриад, жирийн иргэнийг сүрдүүлж дарамтлаад явж байсан гэдэг нь хачирхалтай.

“Урьхан” Б.Чинбат шүүгчид захиалга өгч  иргэн В.Ганзоригийг хориулахаар тохирчихсон гэсэн үг. 

Зарим хүмүүс Б.Чинбат, В.Ганзориг гэдэг хоёр хүний л зодоон шүү дээ гэж үл тоож магадгүй. Эхнээсээ бичиж ч байх шиг байна. Уучлаарай, гэвч энэ  бол монгол хүн бүрт онцгой хамаатай онцгой кейс. Эрүүгийн рецедив “Урьхан” Б.Чинбат, иргэн В.Ганболдын хооронд үүссэн алтны зодоон төдий хэрэг огт биш. Агуулга нь асар том ноцтой асуудал юм. Нэг нь нөгөөхөө айлгах зорилгоор шүүгчид захиалга өгч  хилсээр шоронд хориулдаг үзэгдэл хавтгайрсныг дэлгэсэн ноцтой асуудал юм.

Сардаа 3000 орчим ам.долларын асар өндөр цалинтай, гэмгүй иргэдийн эрхийг хамгаална гэж тангараг өргөсөн хар нөмрөгтэй шүүгч нар бидний эрх чөлөөг дээрэмчинтэй наймаалцдаг болсон бол энэ маш ноцтой асуудал мөнөөсөө мөн. 

Уг нь хохирогчийн өмгөөлөгч нар хүсэлт гаргасны дагуу Өсөхбаяр гэдэг шүүгч шүүх хуралд орохоор болсон байна. Гэтэл Ч.Алдар шүүгч эсэргүүцсэнээр уг шүүх хурал болоогүй аж. Тус. шүүх хурлыг Урангуа гэдэг шүүгч бас хийх гэж үзжээ. Мөн л Ч.Алдар шүүгч садаа болж шүүх хурлыг хийлгээгүй байна. Улмаар “би өөрөө л энэ асуудлыг шийднэ” гэснээр иргэн В.Ганзоригийг хорих шийдвэр гаргасан талаар мөн нийтлэлд дурджээ.

Эцэст нь нэг асуулт байна. Гэмгүй иргэнийг шоронд хорьдог шүүгч нар алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ? Сураг сонсох нь ээ нэг шийдвэрийн үнэ хэдэн зуун мянган ам.доллараар үнэлэгддэг гэх таамаг ч байна. 

Харин шүүгч нар нь энэ мэт хууль бус үйлдэл гаргасан байж болзошгүй асуудал дэлгэгдсээр байтал тэднийг шалгаж, асуудлыг нягтлах бус илтэд өмөөрч буй Монголын Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга П.Золзаяагаас асууя! Бүс нутагтаа ардчиллын баянбүрд гэгддэг ардчилсан Монгол Улсын иргэний эрх чөлөө хэдэн төгрөгийн үнэтэй вэ, ?

Эх сурвалж: Өдрийн сонин 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.