Л.Дөлгөөн: Зээлээ урт хугацаанд төлөхгүй шүүхийн шийдвэр дээр очсон ч зээлээ төлөөд өөрийн оноон дээр тулгуурлан зээл авах боломжтой

Монгол банкнаас зээлийн мэдээллийн сантай холбоотойгоор мэдээлэл өглөө. 

Зээлийн түүхэнд ямар нэгэн байдлаар хугацаа хэтрэлт үүсэж, оноо буурсан нь зээл авах боломж бүрмөсөн хаагдсан гэсэн үг биш юм. Харин ч багассан оноондоо тохирсон зээлийг авч, түүнийгээ хугацаанд нь хариуцлагатай төлөөд явах юм бол оноогоо эргүүлэн өсгөх бүрэн боломжтой. Шүүхийн шийдвэрээр зээлийн асуудал нь удаан хугацаанд шийдэгдэхгүй явсаар эцэст нь төлөгдөж дууссан тохиолдолд иргэн бага оноотой байж болно.

Энэ үедээ өөрийн оноонд нийцэх хэмжээний зээлээс эхлэн авч, санхүүгийн сахилга баттай байснаар зээл авах боломжоо алхам алхмаар нээх хэрэгтэй. Зээлийн онооны систем нь иргэд болон аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэх чухал механизм юм. Бид зөвхөн зээлдэгчийн талаас биш, зээл олгож буй хувийн хэвшлийн байгууллагуудын өнцгөөс ч асуудлыг харах шаардлагатай.

Банк, санхүүгийн байгууллагууд эрсдэлээ тооцож, аль болох найдвартай иргэнд зээл олгохыг эрмэлздэг. Онооны систем нь зээлийн эрсдэл тооцох аргачлалыг хөнгөвчилж, судалгааны хугацааг богиносгохын зэрэгцээ тухайн иргэнд ямар хэмжээний зээл олгох боломжтойг тогтооход тусалдаг. Өмнө нь манайд мөрдөгдөж байсан зээлийн ангиллаас хамаарч зээл олголтыг шууд хязгаарладаг байсан жишгийг халах нь энэхүү системийн гол давуу тал юм.

Шүүхийн шийдвэрээр дансаа хаалгасан иргэдийн хувьд зээлээ төлж дууссаны дараах босго оноо нь тухайн хүний өмнөх зээлийн түүх, авч байсан зээлийн хэмжээ, эргэн төлөлтийн явц зэргээс хамаарч өөр өөр тогтоно. Өөрөөр хэлбэл, зээлийн оноо гэдэг нь зөвхөн тухайн иргэний санхүүгийн зан төлөвөөс шууд хамаардаг үзүүлэлт юм. Зээлийн мэдээллийн сан болон шүүхийн шийдвэрээр данс хаах асуудал нь хоорондоо ялгаатай ойлголтууд юм.

Зээлийн мэдээлэл нь банкнаас ирүүлж буй мэдээлэлд үндэслэн хөтлөгддөг бол шүүхийн шийдвэрээр данс хаах нь хууль хяналтын байгууллагын зохицуулалт юм. Хэрэв иргэн өр төлбөрөө барагдуулбал шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон банк хоорондын зохицуулалтаар данс нээгдэж, санхүүгийн үйлчилгээ авах боломж нь эргэн сэргэнэ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.