Онлайн худалдаа эрхлэгч: Ачаа тээврийн үнэ 9 сартай харьцуулахад 2 дахин нэмэгджээ
Ачаа тээврийн үнэ огцом нэмэгдэж, иргэд болон бизнес эрхлэгчдэд санхүүгийн хүнд дарамт болж байгаа асуудлаар #Рекорд_сурвалжилга бэлтгэлээ. Худалдаа эрхлэгч, захиалагч иргэдийн аль аль нь ачаа тээврийн үнэ өмнөх сараас 2 дахни нэмэгдсэнийг онцолж байна.
Иргэн:
-Өмнө нь 25 мянган төгрөгөөр тээвэрлэдэг байсан ачааны хөлс өнөөдөр 55 мянгад хүрч, 100 мянган төгрөгийн өртөгтэй байсан ачаа 223 мянган төгрөг болж өсжээ. Энэхүү үнийн өсөлт нь есдүгээр сартай харьцуулахад аравдугаар сард илүү хүчтэй мэдрэгдэж байна.
Амгалан захын орчимд байрлах "Монгол Дээж" ачаа тээврийн төвөөс нөхцөл байдлыг тодруулахад ачаа тээврийн бизнес эрхлэгчид үнэ харьцангуй тогтвортой байгаа хэмээн тайлбарлаж буй ч үйлчлүүлэгчдийн бодит туршлага үүнээс өөр байна.
Иргэд шатахууны үнийн өсөлт болон дизель түлшний хомсдол ачаа тээврийн үнэд шууд нөлөөлж байна гэж үзэж байгаа бөгөөд цаашид түлшний үнэ нэмэгдвэл тээврийн зардал дахин өсөхөөс эмээж байна.
Түүнчлэн ачааны овор хэмжээнээс гадна хагарч гэмтэх эрсдэлтэй бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн үнэ илүү өндөр тогтоогдож байгаа аж. Үнийн энэхүү тогтворгүй байдал нь ялангуяа онлайн худалдаа эрхлэгч залууст хүндээр тусаж байна.
Тэд хэрэглэгчдээс захиалга авахдаа тээврийн зардлыг урьдчилан тооцоолдог ч бараа ирэх үед үнэ нь хоёр дахин нэмэгдсэн байдаг нь ашиг орлогоо алдах, эсвэл хэрэглэгчтэй үл ойлголцол үүсэх шалтгаан болдог. Том бизнесүүд энэ мэт савлагааг даван туулах чадвартай байдаг бол жижиг бизнесүүдийн хувьд үнийн дарамт маш их байна.
Хэрэглэгчид ч мөн адил татан авалтын зардал нэмэгдсэнтэй холбоотойгоор хэрэглээгээ танахад хүрчээ. Тээврийн үнэ өсөхөд хэд хэдэн бодит хүчин зүйл нөлөөлж байна. Тухайлбал, хилийн ажиллах горим өвлийн цагийн хуваарьт шилжиж, ажлын цаг богиноссон, мөн БНХАУ-ын баярын өдрүүдээр хил долоо хоног хаагдсанаас үүдэлтэй ачааны бөөгнөрөл үүссэн байна.
Үүнээс гадна Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүдэд шатахууны хязгаарлалт тогтоож, зарим колонкууд 50-100 литрээр олгож байгаа нь импортын барааны татан авалтын өртгийг нэмэгдүүлжээ.
Ачаа тээврийн салбарт үнийн нэгдсэн стандарт байхгүй байгаа нь жолооч нар болон тээвэр зуучийн компаниуд дур мэдэн үнээ нэмэх нөхцөлийг бүрдүүлж байна.
Сарын өмнө 8,500-9,000 юанийн үнэтэй байсан 13 метрийн ачааны машины тээврийн хөлс одоо 13,000-14,000 юаньд хүрчээ. Харин 17.5 метрийн урттай том оврын машинуудын үнэ 10,000 юаниас 22,000 юань болж огцом өссөн байна.
Энэхүү үнийн хөөрөгдөл нь баяр наадмын дараа тогтмол давтагддаг үзэгдэл бөгөөд Эрээн дэх тээвэр зуучийн ажилтнууд болон жолооч нарын хоорондын тохиролцооноос ихээхэн хамаарч байгааг бизнес эрхлэгчид онцолж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.