Хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэмлэх, таних тэмдэг үзүүлэн ШТС-д дараалал харгалзахгүй үйлчлүүлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 43.1.3 дахь заалтад "Нийтийн зориулалттай үйлчилгээний болон бусад байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүнд үйлчилгээг дараалал харгалзахгүйгээр шуурхай хүргэх" нөхцөлийг бүрдүүлнэ гэж заасан байдаг. Хуулийн энэхүү заалтыг үндэслэн Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцад удаан хугацаагаар дараалалд зогсоож чирэгдэл, хүндрэл үүсгэхгүйн тулд дараалал харгалзахгүй үйлчлэх шийдвэр гаргажээ.
Иймд шатахуун импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн шатахуун түгээх станцууд тус шийдвэрийг хүртээмжтэй, шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд дараалал харгалзахгүй шатахуун авахдаа тээврийн хэрэгслийн тусгай таних тэмдэг болон хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэхээ заавал үзүүлэх шаардлагатай. Мөн Шатахууны шуурхай штабаас шатахуун түгээх станцын эрхлэгч, ажилтнуудад уг шийдвэрийг хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, шуурхай үйлчлэх чиглэл өгчээ.
Иймд бусад жолооч, иргэдийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дараалал харгалзахгүй үйлчлүүлэх эрхийг хүндэтгэн, харилцан ойлголцож, хүндэтгэлтэй хандахыг уриалж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.