З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулах шийдвэр гаргалаа. Бэлэн мөнгө тараахгүй

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж 2027 оны төсвийг дагалдуулан Оюутолгойн ногдол ашгийн 3 их наядыг дэд бүтцүүдэд зарцуулах хууль оруулсан. Харин өнөөдөр энэ хуулиа эргүүлэн татаж байгаагаа мэдэгдсэн юм. Сангийн сайд З.Мэнсайханы яриаг хүргэе. 

Сангийн сайд З.Мэнсайхан:

-2027 оны улсын төсвийн төсөлд Оюу толгой ордоос авах 3 их наяд төгрөгийн ногдол ашгийг тусгаж, нийгмийн суурь асуудлуудыг шийдвэрлэхээр төлөвлөсөн юм. Үүний 2 их наяд төгрөгийг эрчим хүч, боловсролын салбарын 54 томоохон төсөлд зарцуулж, үлдсэн 1 их наяд төгрөгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэхээр тусгасан. Ялангуяа эдийн засгийн хөгжлийн чөдөр болж буй эрчим хүчний хараат бус байдлыг хангах, Кембрижийн боловсролын хөтөлбөрийг орон нутагт нэвтрүүлэх зэрэг стратегийн ач холбогдолтой ажлуудыг эхлүүлэх нь Засгийн газрын гол зорилго байв.

Гэвч төсвийн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын зургаан байнгын хорооноос 250 орчим зарчмын зөрүүтэй санал гарсан нь Засгийн газрын анхны бодлоготой зөрчилдлөө.

Үндэсний хэмжээний томоохон асуудлыг шийдвэрлэх зорилготой байсан хөрөнгийг сумын төвийн худаг, зам гэх мэт жижиг төслүүд рүү хуваах саналууд давамгайлсан нь төсвийн агуулгыг алдагдууллаа. Иймд Засгийн газар бодлогын нэгдмэл байдлаа хадгалахын тулд уг хуулийн төслийг эргүүлэн татлаа.

Түүнчлэн зарим улс төрчдийн зүгээс ногдол ашгийг иргэдэд бэлнээр тараах ёстой гэх ташаа мэдээлэл түгээж, нийгмийг талцуулах оролдлого хийсэн. Засгийн газар энэ асуудлаар "E-Mongolia" системээр дамжуулан 96,600 гаруй иргэний саналыг авахад 55 орчим хувь нь уг хөрөнгийг Үндэсний баялгийн санд хуримтлуулж, эрүүл мэнд, боловсрол, ипотекийн зээлд зарцуулахыг дэмжсэн байна. Иргэдийн олонх нь бэлэн мөнгө авахаас илүүтэй урт хугацааны хуримтлал үүсгэхийг илүүд үзэж байгаа нь үүнээс харагдлаа.

Хуулийн төслийг татан авснаар Оюу толгойн ногдол ашгаар санхүүжихээр төлөвлөгдсөн 54 төсөл ирэх онд хэрэгжих боломжгүй болж байна. Үүнд 6 дугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барьж, иргэдэд хувьцаа эзэмшүүлэх төлөвлөгөө, 10 аймгийн дулааны станцын ажил, мөн говийн бүсийг усжуулах "Орхон-Говь" төсөл зэрэг стратегийн чухал ажлууд багтаж байсан юм.

Эдгээр төслүүд зогссон нь харамсалтай ч иргэдийн санал болон төсвийн сахилга батыг хүндэтгэх нь чухал гэж үзсэн. Засгийн газар "Рио Тинто" групптэй хийсэн хэлэлцээрийн үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулж, менежментийн төлбөрийг багасгаснаар нийт 8 тэрбум ам.долларын хэмнэлт хийж чадсан. Мөн гэрээний нөхцөлийг гурван жил тутамд сайжруулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн.

Төсөвт 3 их наяд төгрөгийн ногдол ашиг тусгасан нь хэлэлцээрийн нэг тактик байсан.  Монгол Улс ногдол ашиг авах эрхээ хуульчлан баталгаажуулж чадсан. Цаашид ногдол ашиг авах асуудал хэлэлцээрийн дагуу үргэлжлэх болно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.