"Алаагүй баавгайн арьсыг арав хуваана" гэгчээр ногдол ашиг аваагүй байж маргалдсаар ийм шийдвэрт хүрсэнд харамсаж байна
"Алаагүй баавгайн арьсыг арав хуваана" гэгчээр ногдол ашиг аваагүй байж маргалдсаар ийм шийдвэрт хүрсэнд харамсаж байна
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өнөөдөр 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татах шийдвэр гарсан. Улмаар Оюутолгойн ногдол ашгийг "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар шийдвэрлэлээ. Энэ талаар УИХ-ын дарга С.Бямбацогтын байр суурийг хүргэе
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд УИХ-аар баталснаас хойш уг гэрээг монголчуудад ашиггүй болсон хэмээн үе үеийн парламент, ЗГ-ын түвшинд шүүмжилж, сайжруулах шаардлагатайг ярьж ирсэн. 17 жилийн хугацаанд тодорхой үр дүнд хүрээгүй байсан. 2037 оноос хүртэх байсан ногдол ашгийн хугацааг 10 жилээр наашлуулж, 2027 оноос авч эхлэхээр болсон нь энэ ЗГ болон ажлын хэсэгт орсон УИХ-ын гишүүдийн хийсэн томоохон ажлын үр дүн юм.
ЗГ Оюутолгой төслөөс орж ирэх 3 их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар төлөвлөн 1 их наяд төгрөгийг "Хуримтлалын сан"-д төвлөрүүлж, үлдсэн 2 их наядыг эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэе гэж шийдсэн. Тиймээс Эрчим хүчний шинэ эх үүсвэр, томоохон шугам байгуулах, аймаг хооронд, хилийн боомтуудтай авто замаар холбох, боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж, Кембрижийн стандарттай сургуулиудыг зөвхөн нийслэлд бус, аймаг бүрд байгуулах зэрэг үндсэн гурван асуудалд зарцуулах байсан юм.
Харамсалтай нь, УИХ-д олон талын байр суурь зөрөлдсөний улмаас Засгийн газраас өргөн барьсан нэг удаагийн хуулийн төслийг эргүүлэн татлаа. "Алаагүй баавгайн арьсыг арван хуваана" гэгчийн үлгэрээр ногдол ашгаа аваагүй байж хуваарилалт дээрээ маргалдсаар аль ч үгүй болчлоо.
Цаашид төсөв батлах үеэр энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар УИХ-аас тогтоол гаргаж, Засгийн газарт чиглэл өгөх шаардлагатай. Ногдол ашгийг хурдан хугацаанд авах баталгааг бүрдүүлж, түүнийг эдийн засагт хамгийн үр өгөөжтэй зарцуулах тогтоол гаргах байр суурьтай байна.
Оэнтрэ-гийн лиценцийн асуудалд
Оэнтрэ-гийн лиценцийг шилжүүлсэн шилжүүлээгүй, тохирсон, тохироогүй зэрэг олон яриа гарч байна. Үүнийг ЗГ холбогдох төслөө боловсруулан УИХ-д өргөн барьж УИХ шийдвэрлэнэ. Оюутолгойн лиценц хөрөнгө оруулалтын гэрээг шийдсэнтэй адилхан процес явна.
Тиймээс иргэдийг төөрөгдүүлсэн, улс төрийн ашиг хонжоо хайсан ташаа мэдээлэлд тарааж, улс төрийн ашиг хайх байдал улс төрчид битгий гаргаасай. ЗГ хэзээ хэлэцээр хийж дуусгаж УИХ-д өргөн барьна тэр үед энэ асуудал шийдэгдэнэ. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр байгалийн баялгийн өгөөжийг ард иргэдээс асуусны дараа өгөөжтэй байлгах заалт оруулж ирсэн. Тиймээс байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх нь монголын ард түмэнд ногдох ёстой гэж хуульчилсан. Иймд ЗГ Үндсэн хуульд заасан үзэл баримтлалын хүрээнд шийдвэрлэнэ. Ямар нэг байдлаар нууцаар хуйвалдан далд шийдэгдэхгүй.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн тухайд, Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн гурван бүтцээс бүрдэж байгаа. Ирээдүйн өв санд ирээдүйд амьдарч байгаа иргэдэд байгалийн баялгийг өвлүүлэх хадгалах зохицуулалттай . Үндсэн хуульд зааснаар байгалийн баялгийн өгөөжийг өнөөдөр амьдарч байгаа болон ирээдүй хойч үеийнхэн тэгш хүртэх ёстой.
Гэтэл өнөөдөр Ирээдүйн өв санд 7 их наяд төгрөг байгаа бол Хуримтлалын санд ердөө 1 их наяд төгрөг байна. Тиймээс байгалийн баялгийн өгөөжийг ирээдүйд амьдарч байгаа амьдрах иргэдэд тэгш хуваарилах гэсэн ҮХ-ийн заалтыг амьлуулах хэрэгтэй байгаа юм.
Энэхүү тэнцвэргүй байдлыг засаж, өнөөдөр амьдарч буй иргэдэд хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх нь Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцнэ. Иймд баялгийн сангийн зохицуулалтыг илүү шударга, хүртээмжтэй болгох тал дээр гишүүний хувьд хатуу байр суурьтай байгаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.