Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

Монгол Улсын Их Хурал, Тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Шилжин явах цом-2026" спортын тэмцээний нээлт “Сэлбэ Арена” цогцолборт өнөөдөр /2026.10.24/ боллоо.

Монгол Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын 19 нэгж, бүтцийн 10 багийн давхардсан тоогоор 500 шахам тамирчин спортын таван төрөлд хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж буй тэмцээнийг Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нээж үг хэлэв.

19.jpg
19.jpg

Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд, “Шилжин явах цом”-ын төлөөх тэмцээнд оролцож буй хүндэт шүүгчид, дасгалжуулагчид, нийт баг тамирчид, хөгжөөн дэмжигчдэд спортын өндөр амжилт хүсэв.

11.jpg
11.jpg

Монгол төрийн бодлогыг бодож, өглөө өдөр, үдэш оройг үл анзааран, цаг завгүй ажилладаг Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын албан хаагчдын хувьд амралтын өдрийг спортын уралдаан, тэмцээнээр өрсөлдөж өнгөрүүлэх нь ховорхон тохиох хөгжөөн наадам, баяр баясал байдаг. Тийм ч учраас энэхүү тэмцээнийг хүлээж, урьдаас эртлэн бэлтгэж, жил ирэх тусам амжилтаа ахиулахыг эрмэлздэг талбар болсон.

01.jpg
01.jpg

Энэ жилийн хувьд Улсын Их Хурлын гишүүд бие даасан баг бүрдүүлэн оролцож байгаагаараа онцлог болж байна гээд, Улсын Их Хурлын гишүүдийн баг 2008 оноос хойш буюу 18 жилийн дараа оролцож буйг Улсын Их Хурлын дарга тэмдэглэлээ.

Мөн тэрбээр, спорт үргэлж авхаалж самбаа, шийдвэр гаргах зориг, хүсэл тэмүүллийг хурцалж байдгийг тэмдэглээд, амжилтыг гагцхүү ялалт, ялагдлаар хэмждэггүй. Эв нэгдэл, нөхөрлөл, хүн чанар, шударга ёсны бодит үр дүнгээр илэрхийлэгддэг гэдийг онцолж байв.

15.jpg
15.jpg
21.jpg
21.jpg

Нээлтийн үеэр Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар 2010 оноос хойш Улсын Их Хурлын Тамгын газрыг төлөөлөн УИХ-ын болоод Засгийн газрын цомын тэмцээн, Хуулийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагаас зохион байгуулсан тэмцээн уралдаанд амжилттай оролцож, байгууллагын нэрийг өндөрт өргөсөн шилдэг тамирчдад хүндэтгэл үзүүлсэн юм.

1.jpg
1.jpg

Тэмцээн өчигдөр шатрын тэмцээнээр эхэлсэн бөгөөд 144 багц медалийн төлөө 10 багийн 500 шахам тамирчин өнөөдрөөс сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар, дартсын төрлүүдээр уралдах юм хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.