Манай сайт “Тэд юу хэлэв” буландаа олны танил эрхмүүдийн цахим хуудастаа нийтэлсэн онцлох үг, эшлэл, нийтлэлээс хүргэдэг. Энэ удаад сэтгүүлч Б.Отгоны нийтлэлийг онцолж байна.
Тэрээр, “Оюутолгойгоос Монгол улс 2048 оноос ногдол ашиг хүртэж эхэлнэ. Тэр үед нөөцийн 80 хувийг агуулж байгаа далд уурхайн нөөц дууссан байх болно. Ийм л гэрээг ТЭД хийсэн” гэжээ. Үүнийгээ цааш дэлгэрүүлж таван үндэслэл дурджээ.
– Одоогоос яг 10 жилийн өмнө сэтгүүлч би Оюутолгойн гэрээ “Луйврын гэрээ” боллоо. Хөрөнгө оруулалтын гэрээг “ХОГ” гэж нэрлэвэл таарна гэх мэтээр бичиж байлаа. Тухайн үед манай эрдэмтдийн хэлж, сануулж байсан бүхэн биелэлээ олжээ…
1. Рио Тинто манай ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ биш зээл зуучилж дундаас нь АШИГ ХҮРТЭГЧ
Учир нь Оюутолгойг ашиглалтад оруулснаар Монгол улс ашиг хүртэх нь бүү хэл одоогоор 1 тэрбум 79 сая долларын өрөнд орлоо. Ордын эзэн Монгол улс Оюутолгойн 34 хувийг эзэмшинэ гэж ард түмнээ хуураад уг 34 хувьд ноогдох хувьцааны санхүүжилт 1 тэрбум долларыг хөрөнгө оруулагч талаас labor+6.5 хувийн хүүтэй зээлсэн.
2. Монголчууд “НОГДОЛ АШИГ”-аа 2048 оноос хүртэх ч тэр үед нөөцийн 80 хувийг агуулж буй гүний уурхай хаалгаа барьсан байх болно
Оюутолгойн нөөцийн 80 хувийг далд уурхайгаар, 20 хувийг ил уурхайгаар олборлоно. Далд уурхайг 2022-2037 оны хооронд 15 хан жилийн дотор цөлмөнө. Хамгийн оргил үед нь Монгол улс 34 хувьд ноогдох өрөө төлсөөр байгаад 2048 онд ногдол ашиг хүртэх ч тэр үед далд уурхайн нөөц дуусч, ил уурхайн 6 дахин бага нөөцөөс долоохон жил ногдол ашиг хүртэнэ. Уг нь анхны гэрээгээр Монгол улс 2022 оноос ногдол ашиг хүртэх байсан ч Ч.Сайханбилэгийн үзэглэсэн “Дубайн гэрээ”-ээр 2048 он болгон хойшлуулсан билээ.
3. Оюутолгой зэсэндээ Эрдэнэтээс 3 дахин бага татвар төлж байна
Оюу толгой олборлосон зэсэндээ Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу рояалти 5 хувиар төлж байна. Гэтэл Эрдэнэт үйлдвэр зэсэндээ 16 хувиар татвар төлж байна. Эрдэнэтээс 7 дахин их нөөцтэй мөртлөө 3 дахин бага татвар төлнө. Хөрөнгө оруулалтын гэрээгээр Оюутолгой төсөлд 7 төрлийн татварын хөнгөлөлт эдлүүлжээ. Оюутолгойн татварын ачаалал Монголын жирийн нэг татвар төлөгч компанийн ачааллаас 5 дахин бага байна. 2016,2017 онуудад алдагдалтай ажилласан гэх үндэслэлээр АМНАТ-аас бусад ашгийн татвар төлөөгүйгээс төсөвт төлсөн нийт татвар нь өмнөх онуудынхаас буурчээ. 2015 онд 166 тэрбумын татвар төлж байсан бол 2017 онд 18 тэрбумын төтвөр төлжээ.
5. Монголын талын хүртсэн өгөөж Рио Тинтогоос 4 дахин бага байна
Оюутолгой төслөөс 2017 онд Рио Тинто 744 сая долларын өгөөж хүртсэн бол Монгол улс бүх татвар хураамжаа оруулаад ердөө 175 сая долларын өгөөж хүртжээ.
2017 онд гэхэд
-Менежментийн төлбөрт 133 сая доллар,
– Өртөг дэх мэргэжлийн үйлчилгээнд 69 сая доллар,
-Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүнд 470 сая доллар авчээ.Хөрөнгө оруулагч тал зардлаа өсгөхийн хирээр хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж, 34 хувьд ноогдох манай зээл өсч байна. Анх Оюутолгой 4,4 тэрбум долларын хөрөнгө оруулалтаар босно гэж ТЭЗҮ-д тусгасан ч өнөөдөр төслийн хөрөнгө оруулалт 12,4 тэрбум доллар болжээ.