БШУ-ны сайд ЕБС-ийн 35 судлагдахууны одоо ашиглаж байгаа 174 сурах бичигт дүн шинжилгээ хийлгэхээр 2021 оны оны 3 дугаар сард тушаал гаргаж, 45 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь Монгол Улсын гавьяат багш С.Төмөр-Очирыг томилсон юм. Уг ажлын хэсэг эхний байдлаар дүгнэлт, зөвлөмжөө танилцуулжээ.
Ингэж дүгнэлт гаргахдаа сурах бичгийн агуулга, арга зүй, найруулга, зөв бичгийн дүрэм, логик холбоо, дизайн гэсэн үндсэн 4 хэсэгт төвлөрч ажиллажээ.
Дүгнэлтээр, сурах бичгүүд мэдлэг олгоход чиглэж байна. Мэдлэгээ амьдралд хэрэглэх, дадал болгоход дутуу анхаарсан. Сурагчид бие даан ажиллаж, өөрөө мэдлэг бүтээх талд илт хоцрогдсон гэжээ.
Түүнчлэн сурах бичиг зохиох, хэвлэх, түгээх ажил цаг хугацаанд баригддаг учир алдаа гаргах, туршихгүй хэрэглээнд нэвтрүүлэх үндэс болдог. Сурах бичгийг тогтвортой хэрэглэх, Зөв бичгийн дүрэм, уншихад ойлгомжтой цөөн үгтэй байх, найруулгын хувьд анхаарах, Казах сурах бичгийн хувьд хос хэлний боловсролд анхаарах шаардлагатайг ажлын хэсэг онцолжээ.
Ажлын хэсэг дотроо 13 дэд хэсэгт хуваагдаж ажиллаж байгаа бөгөөд ажлын хэсгээс сурах бичиг тус бүрээр 2500 орчим хуудас тайлан бичиж байгаа юм байна. УИХ-д өргөн барьсан Боловсролын ерөнхий хууль болон дагалдах хуулийн төслүүдэд сурах бичгийн ажлын хэсгийн зүгээс 20 орчим саналыг тусгуулаад байна.