Дундаж цалинг 1161 000 төгрөгт хүргэсэн статистикийнхны алдрыг магтъя…
Олоон жилийн өмнө, С.Баяр Ерөнхий сайд байхдаа төгөлдөршлийн таван хэлбэрийн тухай дэлгэрэнгүй илтгэл тавьсан билээ. Түүндээ “Манай орон дан ганц мал аж ахуйн орон байхаа болиод удсан ч малынхаа тоог хүн бүр мэддэг. Бид малаа өсөхөөр баярладаг мөртлөө нэг хүнд ноогдох Дотоодын нийт бүтээгдэхүүн хэрхэн өсөхийн учрыг тэр бүр ойлгохгүй байна. Монголчуудын 80 гаруй хувь нь мал маллахаа больж, суурин амьдралд шилжсэн. Тэгвэл хэдэн байшин хэдэн хашаа байна вэ. Сууринд амьдардаг айлын хэд нь гэртэй вэ. Хэд нь модон, хэн нь тоосгон байшинтай вэ. Иргэд маань ямар өмч хөрөнгө орлоготой вэ.
ҮҮНИЙГ САЙН МЭДЭХГҮЙ БАЙНА ! ! !
Нарийн яривал, Монгол Улс яг хэдэн хүнтэй вэ. Одоо нутагтаа хэд нь байна вэ. Гадаадад хэд нь явсан бэ. Манайд гадаадын хэдэн хүн байна? Хэн ч нарийн мэдэхгүй. Хэнд ч нарийн статистик мэдээлэл алга байна, нөхөд минь. Монгол төрийн ой санамж муу байна гэж тодорхойлж болно” гэжээ.
Нэгэн даргын шүүмжлэлийг элээ мэт шүүрэн авч, эгэл нэгнийг бут шүүмжлэх нь соц нийгмийн зан байсан. Гэхдээ сайн шүүмжлэл гарцаагүй эм болдог тал бий. Тэгээд ч эгэл нэгнийг бус, бүхэл бүтэн байгууллагыг шүүмжлэх гэж байгаа учраас энэ удаа зохицох болов уу.
Цаасан дээр хөгжин цэцэглэх Монгол улс
Үндэсний статистикийн хорооны тооцоогоор Монгол Улс хөгжин цэцэглэж байна. Эргээд харах нь ээ, С.Баярын сэдсэн “төгөлдөршил”-ийн ачаар Үндэсний статистикийн хороо үлэмж дэвшлийг олсон ч эрх баригчдын “Нохойд барьдаг мод” болоод хувирчихжээ. Иргэдийг хамгийн үнэн зөв мэдээллээр хангах үүрэгтэй байгууллага нийгмийн сэтгэл зүйг удирдах үүрэгтэй, суртал ухуулгын машин болсон байна.
Үнэндээ, “Төгөлдөршил”-өөс өмнө ч Статистикийн хороо эрх баригчдын талд байсан. Сонгуулийн жил, шинэ Засаг ажлаа авсан эхний жилд эдийн засаг өсч, иргэдийн амьжиргаа дээшилдэг жишиг тогтоод удлаа. Мал сүргийн тоо 2007 онд 40 сая, 2012 онд 50 сая, 2016 онд 60 саяын босго давсан нь Статистикийнхны л ач. Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хамгийн бага харагдуулж, цалинг жилээс жилд өгсөх графикаар “явуулах” нь бүр үндсэн үүрэг юм.
Нэгэн жишээ. 2013 онд МҮЭХ 21 аймаг, гурван хотоор явж иргэдийн цалин хөлстэй газар дээр нь танилцан судалгаа хийжээ. Энэ судалганыхаа үр дүнг барьж очоод Засгийн газартай цалин нэмэх асуудлаар дорвитой хэлэлцээр хийхээр бэлтгэж байв. Гэтэл хэлэлцээр эхлэхээс хэдхэн хоногийн өмнө ҮСХ улсын хэмжээнд дундаж цалин 900 000 төгрөг болсныг сүр дуулиантай зарлаж орхисон түүхтэй. Газар дээр нь явж судалгаа хийсэн хүн болох МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар шоконд орж, “Өнөөдөр манай төрийн албан хаагчдын дундаж цалин 500-600 мянган төгрөг байна. Энэ хэмжээгээр дундажлаад үзвэл дундаж цалин 598 мянган төгрөг байгаа юм. Энэ нь сарын өмнө улсын хэмжээнд байсан цалингийн дундаж хэмжээ. Гэтэл гэнэт яагаад цалингийн дундаж хэмжээг 900 мянган төгрөг гэж Үндэсний статистикийн хорооноос зарлав. Сүүлийн нэг сарын дотор огцом нэмэгдсэн нь ямар учиртай юм” хэмээн гайхаж байв. Үндэсний статистикийн хорооны ачаар эрх баригчид тэр жил цалин нэмээгүй. Торгууль шийтгэлд илүү нөлөөлдөг цалингийн доод хэмжээг л өсгөсөн түүхтэй. Одоо, гадаадын хөрөнгө оруулалт зогссонтой адил болж, сонгууль ойртсон эгзэгтэй мөчид 1 161 000 болсон нь цэвэр арглалттай холбоотой.
Ямар ч Засгийн газар сонгуульд ялахын тулд сайн сайхан амлалтуудыг өгдөг. Жишээлбэл, “Эрх барих хугацаандаа дундаж цалинг төдөн төгрөг болгоно” гэх мэт. Шинэ засаг өрхийн дундаж орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж амалж гарч ирсэн юм даг. Энэ амлалт бүрэн биелэх үндэстэй. Яагаад гэвэл, аргачлалаар “аргалдаг” ҮСХ тэдний талд байгаа шүү дээ.
Арга хэмээх аргалалт
Үндэсний статистикийн хороо үнийн өсөлт, ядуурал, гэмт хэрэг гэх мэт нийгмийн сөрөг үзүүлэлтийг хамгийн бага, иргэдийн цалин, орлогыг байж болох дээд хэмжээнд харагдуулж чаддаг. Үүнд хэдэн арга, бас заль бий.
-Цалингийн бодит өсөлтийг тогтоохдоо Хэрэглээний үнийн индексийг /ХҮИ/ ашигладаг нь АРГА. Харин ХҮИ-ийг тооцохдоо үнэ өссөн бараа бүтээгдэхүүнийг “сагс”-наас гаргаж, буурсныг сэлгэж оруулдаг нь ЗАЛЬ.
Үүнээс гадна ҮСХ-ны мөрдөж ирсэн хоёр зарчим бий. Үүнд:
-Өргөн хэрэглээний үнэ хэт өндөр байвал мэдээлэхдээ мөнгөн дүн дурьдахгүй. Ж нь: 2020 оны 3-р сарын 21-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 16.3 хувь, луувангийн үнэ 12.0 хувь, байцааны үнэ 8.3 хувиар өссөн байна… гм.
-Үнийн өсөлт урт хугацаанд үргэлжилсэн бол харьцуулалтыг долоо хоног хүртэл багасгана.
Дэлхийг ч хуурах манай статистик
Улс орнуудыг нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр эрэмбэлдэг байгууллага дэлхий даяарт хэдэн мянгаараа бий. Олонх нь албан ёсны гэдэг утгаар Статистикийн газрынх нь судалгааг эх сурвалж болгодог. ҮСХ зөвхөн монголчуудыг биш дэлхийг ч хуурдаг гэсэн үг. НҮБ-ыг төлөөлж Монголд ирсэн албан ёсны төлөөлөгчийн бичсэн илтгэлийг интернэтээс мэдээлэл авдаг жирийн оюутан шүүмжилсэн хөгжилтэй тохиолдлын тухай ярьж өгье.
НҮБ-ын Хүний эрх, ядуурлын чиглэлээр судалгаа хийдэг тусгай мэргэжилтэн Магдалена Сипульведа 2013 онд Монголд ирж, өөрийн хэмжээнд танилцаад илтгэл бичиж, НҮБ-д хүргүүлжээ. Илтгэлдээ “Монголчууд одоо ирээдүйд гарах эдийн засгийн өсөлтөд сэтгэл догдлон, баян болохоо хүлээж суугаа боловч үнэндээ тэгж догдлох шаардлага үгүй ч байж мэднэ. Учир нь эдийн засгийн их өсөлт ядууст огтхон ч хүртээлгүй байж магадгүй байдал энд бодитойгоор оршин байна. Монгол Улс өөрчлөгдөж байгаа ч ядуурал маш ихэсч, батажжээ. Энэ байдал зөвхөн хөдөөд гэлтгүй хотод ч ажиглагдаж байна. Энд баян хоосны ялгаа улам л ихэсч байгааг харахад илт байх юм. Би Монголд байх хугацаандаа тус улс боловсрол, амьдрах орчин нөхцөл, хуулийн өмнө эрх тэгш байх гээд эрхзүйн орчноо маш сайн бүрдүүлж чадсаныг олж мэдсэн. Гэхдээ энэ хууль, зүйл заалт ихэнх монголчуудын хувьд хамаагүй байдаг юм билээ” хэмээн бичсэн байв. Түүний бичсэн үнэн байсан эсэхийг монголчууд мэдэх хойно. Харин Үндэсний статистикийн хорооноос мэдээлэл авдаг Пьер Александер хэмээх оюутан М.Сипульведагийн бичсэнийг эсэргүүцэн Examiner.com цахим хуудсанд нийтлэл бичсэн юм.
Мань залуугийн нийтлэлд “Монгол Улс 2011 онд түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, эдийн засаг нь тогтвортой өсөх эхлэлийг тавьсан, татварыг 10 хувь болгосон. Энэ бол бахархаж болох амжилт. Бас эрх баригчид нь чөлөөт худалдааг хөгжүүлэхийн тулд тун анхнаарч ажилладаг. Монголд бүхий л үзүүлэлт ядуурал буурч байгааг харуулж байгаа. “Heritage Foundation” сангийн хийсэн судалгаагаар Монгол Улс эдийн засгийн салбарт хамгийн их дэвшил гаргасан улсуудын нэг болж, эдийн засгийн хараат бус байдлаараа эхний 12-т жагсах амжилтыг үзүүлсэн байна. Ядуурал ч гэсэн зөвхөн Улаанбаатар хот, хөдөөний хэсэг газарт биш, бүх улс орон даяар буурч байгаа. Дэлхийн банкны хийсэн судалгаагаар бол Монголд хүн амын ядуурал 2010 онд 39,2 хувьв байсан бол 2011 онд 29,8 болж, ес орчим хувиар буурсан. 2010 онд хөдөөгийн хүн амын 48 хувь нь ядуурлын ирмэг дээр ирээд байсан бол ганцхан жилийн дараа 33 хувь болж, 15 хувиар буурсан. Монголын эрх баригчид бий болгосон эдийн засгийн өсөлтөө тогтоон барихын тулд чадах бүхнээ хийж байгаагаас харахад байдал 2012 онд, бүр 2013 онд илүү дордсон гэж үзэх ямар ч үндэслэл алга” гэхчлэн бичжээ.
П.Александер шиг ойлголттой гадаад хүмүүс олон байгаа нь мэдээж хэрэг. Гадныхан Монголын талаар өөдрөг төсөөлөлтэй байх нь тийм ч муу зүйл биш. Эрх баригчид ард иргэддээ, Монгол Улс дэлхийд сайхан харагдаж л байвал “Гаднаа гяланцаг, дотроо паланцаг” ч яамай хэрэг байлгүй. Монголыг саятнуудын улс болгосон Статистикийнхны алдрыг магтъя. Ванга шиг хэлье, Энэ жил малын тоо 70 сая давна. Амьдрал ч сайжирна, за юу!
Нийтлэлч: Б.Бямба