Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан судалгаагаар Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах иргэдийн тоо 71,6 хувиар, авсан зээлийн хэмжээ 30 хувиар өсчээ...
Нийт 531 банк бус санхүүгийн байгууллагын хөрөнгийн хэмжээ 2.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.7 хувиар өсчөө. Зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 30 хувиар өсөж 1.8 их наяд төгрөгт хүрсэн байна.
Олгосон зээлийн 62.3 хувь нь хэрэглээний зээл, нийт зээлийн үлдэгдлийн 86.6 хувийг иргэд, 13.4 хувийг хуулийн этгээд бүрдүүлж байна. Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирч салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.8 дахин өсөж 1.6 саяд хүрсэн бол нийт харилцагчийн тоо давхардсан тоогоор 4.5 сая болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 71.6 хувиар өссөн айна.
Зээлийн үйлчилгээний хүртээмжийн энэхүү өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой юм. ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлснээр зээлийн бүтээгдэхүүний эх үүсвэр нэмэгдэж, нийлүүлэлт өсөн, улмаар зээлийн сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин 2.6 хувь болжээ.
Хадгаламж, зээлийн хоршоо: Нийт 225 хадгаламж зээлийн хоршоо 75,711 гишүүндээ санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн байна. Хадгаламж зээлийн хоршоодын нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 23.5 хувиар өсөж 289.4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүнээс хадгаламжийн хэмжээ 203.8 тэрбум төгрөг буюу 70.4 хувийг эзэлж байна.
Хадгаламжийн жигнэсэн сарын дундаж хүү өмнөх оны мөн үеэс 0.04 пунктээр буурч 1.42 хувьд хүрсэн бол зээлийн жигнэсэн сарын дундаж хүү өмнөх оны мөн үеэс 0.6 пунктээр буурч 2.25 хувь болсон. Нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 21.6 хувиар өсөж 208.1 тэрбум төгрөгт хүрснээс 3.8 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Салбарын нийт хадгаламж эзэмшигчдийн тоо 34,296 байгаа бол зээлдэгчдийн тоо 35,763 байна.