Монголын Алтайгаас Говь гурвансайхан хүртэл салхин чиргүүлт гурван дугуйтаар 61 хоног туучсан аялагч Брэндэн Жой

Монголын Алтайгаас Говь гурвансайхан хүртэл салхин чиргүүлт гурван дугуйт буюу Kite Buggy-аар 61 хоног туучсан аялагч Брэндэн Жойтой бид ярилцлаа. Тэрээр монголын говийн хатуу, ширүүн замаар, монгол түмний сайхан сэтгэлийг мэдэрч аялсан түүхээсээ бидэнд хуваалцсан юм. 

Та Алтайгаас Говь Гурвансайхан хүртэл Монголыг кайт-баггигаар хоёр сарын турш туулсан. Яагаад Монголыг сонгосон бэ? 

– Нэгэн шөнө би мөсөн талбай дээгүүр цас салхинд туугдан нүүдэллэхийг харсан. Нар тэнгэрийн хаяанд байхад тэр дүр зураг яг л элсэн манхан шиг харагдаж байсан. Тэр үед би өөр төрлийн цөлийг туулж үзэх санааг ихэд сонирхож эхэлсэн.

Монгол орон маш хуурай уур амьсгалтай, дэлхийд алдартай Говь цөлтэй гэдгийг мэдэж байсан. Түүний уудам цар хүрээ, хүн хүрэхэд бэрх алслагдсан байдал нь намайг их татсан. Мөн хаврын улиралд салхи тогтвортой байдаг нь кайт ашиглан Монгол орныг бүхэлд нь хөндлөн туулахад хамгийн тохиромжтой газар гэж бодсон.

– Грийнландад та бас ийм аялал хийж байсан гэсэн үү?

 – Тийм ээ. Тэр спортыг цасан кайтинг (snow kiting) гэдэг. Ер нь би олон жилийн турш экспедицийн аялал хийж ирсэн болохоор цас, мөсний орчинд нэлээд туршлагатай болсон. Ихэвчлэн ямар ч жимгүй зэлүүд нутагт цанаар аялдаг. Грийнландад би цанаар явж, чарга чирэн, дээр нь кайт ашиглаж байсан. Бас л салхинд түшиглэсэн аялал байсан ч Монголтой харьцуулахад гол ялгаа нь тэнд би цанаар явж байсан бол Монголд гурван дугуйтай багги унаж аялсан явдал юм.

– Хамгийн хэцүү зүйл нь юу байсан бэ?

– Миний бодлоор хамгийн хэцүү нь газрын гадарга байсан. Би газар нутгийн бартааг дутуу үнэлсэн. Эхэндээ “Грийнландтай төстэй, харьцангуй тэгш газар байх” гэж гэнэнээр төсөөлсөн. Тиймээс маршрутаа ч аль болох тэгш тал, хөндийгөөр дайруулахаар төлөвлөсөн. Уул өөд авирах нь шаардлагагүйгээр өөрийгөө зовоох хэрэг гэж бодсон юм. Гэвч бартаат замгүй газар ч бай, шороон зам ч бай маш овгор товгор байсан. Маш олон чулуу, ургамалтай байсан бөгөөд энэ бүхэн миний биед тасралтгүй ачаалал өгч, аяллыг нэлээд хүнд болгосон.

Мөн би төлөвлөснөөсөө оройтож аяллаа эхлүүлсэн. Тавдугаар сарын эхээр гарсан ч хамгийн сайн салхи дөрөвдүгээр сард байдаг. Ингэснээр би зуны аянга, шуурганы улиралтай давхацсан. Аянгатай бороо, элсэн шуурга их тохиолдсон. Тэдгээр нь үнэхээр гайхалтай байсан, надад бүр их таалагдсан. Гэхдээ салхины хувьд илүү аюултай, бас маш тогтворгүй байсан юм.

– Монголын салхи их тогтворгүй шүү дээ?

– Тийм ээ, үнэхээр тийм. Маш тогтворгүй, эргэлдсэн урсгалтай салхи байдаг. Заримдаа хормын дотор огт салхигүй байснаа гэнэт маш хүчтэй салхитай болчихно. Миний баггид суудлын бүс байдаггүй. Тиймээс хүчтэй салхи гарахад намайг бараг суудлаас минь татаж гаргах шахдаг байсан. Үнэхээр аюултай. Салхи байнга сулраад, дараа нь хүчтэй болоод, дахиад сулраад, дахиад ширүүсээд л байдаг. Хамгийн хэцүү нь салхийг нүдээрээ харж болдоггүй болохоор хэзээ хүчтэй болохыг огт урьдчилан мэдэх боломжгүй.

Монголын чулуутай замаар явахад ямар байсан бэ? 

– Зам ер нь дажгүй байсан. Аялж явахдаа Монголд хамгийн алдартай машин бол Toyota Prius гэдгийг анзаарсан. Хаашаа ч харсан Приус явж байсан.

Зарим зам нэлээд хэцүү санагдах үед би “Хүмүүс Приусаар явж чадаж байгаа юм чинь би ч бас кайт-баггигаа унаад явж чадна” гэж өөртөө боддог байсан. Ингээд явсан бүх замаа туулж, аяллаа үргэлжлүүлж чадсан.

Гэхдээ миний багги газартай маш ойр. Би суудал дээрээ суухад суудлын доод хэсгээс газар хүртэл ердөө 15 орчим сантиметрийн зайтай байдаг. Тиймээс доор байгаа чулуу болон бусад саадыг маш сайн анхаарах хэрэгтэй байсан. Тэдгээр нь баггийг мөргөж, гэмтээх эрсдэлтэй байлаа. 

 – Кайт-багги хамгийн ихдээ ямар хурдтай явдаг вэ?

– Би ихэвчлэн цагт ойролцоогоор 40 км хурдалдаг байсан. Гэхдээ тэр хурд ч гэсэн маш аймшигтай мэдрэмж төрүүлдэг. Миний хүрсэн хамгийн дээд хурд 60 км/цаг байсан. Харин 50 км/цагийн хурдтай заримдаа явсан. Гэхдээ зөвхөн бүх нөхцөл төгс үед л, зам маш тэгш, салхи тогтвортой байх үед. Харин нийт аяллын туршид дундаж хурд маань ойролцоогоор 30 км/цаг байсан.

– Монголоор хийсэн аяллынхаа хамгийн дурсамжтай мөчийг нэрлэвэл юу байсан бэ?

– Маш олон онцгой мөч байсан болохоор ганцыг нь онцлоход хэцүү. Монголын хүмүүс ч, байгаль, газар нутаг ч хоёулаа миний аяллын хамгийн сайхан хэсэг байсан. Аль аль нь үнэхээр гайхалтай.

Гэхдээ хамгийн тод үлдсэн дурсамжуудын нэг бол шуурганууд. Тэд үнэхээр сүр хүчтэй байсан. Газар нутаг нь асар уудам, тэгээд чи тэр их тал дунд байхад гэнэт шуурга ирэхэд байгалийн хүчийг бишрэхээс өөр аргагүй. Элсэн шуурга, цасан шуурга, аянгатай шуурга гээд бүгд өөр өөрийн гэсэн гайхамшигтай байсан.

Мөн аялж явахдаа олон амьтан харах үнэхээр сайхан байсан. Заримдаа би кайт-баггигаар цагт 30 км орчим хурдтай явж байхад гэнэт 30 орчим адуу надтай зэрэгцэн гарч ирээд хамт давхидаг байлаа.

Тэд надтай олон километр зэрэгцэн давхих нь үнэхээр гайхамшигтай, мартагдашгүй мөчүүдийн нэг байсан. 

– Таны кайт-багги эвдэрсэн гэж харсан. Танд хэн нэгэн тусалсан уу?

– Тийм ээ, маш олон хүн тусалсан. Миний баггины маш том боолт хугарчихсан. Тийм хэмжээний боолт олоход маш хэцүү байсан. Харамсалтай нь надад сэлбэг боолт байгаагүй.

Энэ явдал аяллын маань хамгийн гайхамшигтай хэсгүүдийн нэг болсон. Би асуудалд орсон үед монголчууд үнэхээр надад туслахаар хичээж, аяллаа үргэлжлүүлэхэд минь бүх талаар дэмжсэн. Энэ нь надад Монголын соёл, хүмүүсийн өдөр тутмын амьдралын талаар өөрөөр мэдрэх боломж олгосон.

Хэрэв юу ч тохиолдоогүй, би зүгээр л майхандаа хоноглоод аяллаа үргэлжлүүлсэн бол ийм туршлага хэзээ ч олж авахгүй байсан байх. Тэр боолтыг олоход бүтэн нэг долоо хоног зарцуулсан. Би эхлээд Говь-Алтай аймаг руу явсан. Дараа нь Улаанбаатар хүртэл буцаж ирээд хэрэгтэй боолтоо олсон. Ингээд автобусаар дахин Говь-Алтай руу буцаж, дараа нь тоног төхөөрөмжөө хадгалж байсан газартаа очиж аяллаа үргэлжлүүлсэн. 

– Монголын хүмүүс болон Монгол орны талаар ямар сэтгэгдэл, дурсамжтай үлдсэн бэ?

-Миний бодлоор монголчуудын зочломтгой зан үнэхээр гайхамшигтай. Энэ бол Монголоос авч үлдсэн хамгийн хүчтэй сэтгэгдлүүдийн нэг юм.

Монгол улс зочломтгой зангаараа алдартай шүү дээ. Монголд очиж үзээгүй хүмүүс хүртэл монголчуудыг маш найрсаг, зочломтгой гэдгийг мэддэг. Би үүнийг өөрийн биеэр мэдэрсэн нь үнэхээр гайхалтай байсан. Олон хүн намайг гэртээ хонож, хамт хооллохыг урьсан.

Тэд миний талаар юу ч мэдэхгүй, миний нэрийг ч мэдэхгүй, хаанаас ирснийг ч мэдэхгүй хүмүүс... Би монголоор ч ярьдаггүй. Гэсэн ч тэд үнэхээр сайхан сэтгэлтэй байж, амьдралынхаа нэг хэсгийг надтай хуваалцахад үргэлж бэлэн байсан. Энэ нь миний дассан соёлоос огт өөр байсан.

– Та дахин Монголд ирэх үү?

– Тийм ээ, мэдээж. Маш сайхан асуулт байна. Би дахин ирэхийг үнэхээр хүсэж байна. Гэхдээ дэлхий дээр үзэх сонирхолтой газар маш олон байдаг. Гэсэн ч хэзээ нэгэн цагт заавал эргэж ирнэ гэж бодож байгаа. Бас дахин кайт аялал хийхийг хүснэ. Энэ удаад би арай тохиромжгүй улиралд ирсэн. Хэрэв дөрөвдүгээр сард ирвэл илүү тогтвортой, сайн салхитай байх байсан гэж бодож байна.

– Ажил мэргэжлийнхээ талаар болон энэ нь таныг ийм адал явдалт аяллуудад хэрхэн хөтөлсөн талаар ярьж өгөөч?

 Би багаасаа хүмүүсийг болон дэлхий ертөнцийг үргэлж сонирхдог хүүхэд байсан. Тэр сонирхол маань намайг байгаль орчны инженерийн мэргэжлээр суралцахад хүргэсэн. Их сургуульд сурч байхдаа болон төгсөөд ажиллаж байх хугацаандаа ууланд авирах, уулын дугуй унах, аялал зугаалга хийх, өвлийн кемпинг хийх, ууланд ганцаараа цаг өнгөрөөх зэрэг олон төрлийн гадаа спортоор хичээллэдэг байсан. Ойролцоогоор таван жилийн өмнө би ажлаасаа гарч, дэлхийгээр аялж, экспедицүүд хийж эхэлсэн. Экспедицийн хооронд гэрээт ажил хийдэг.

Тиймээс ийм аялал хийхэд намайг өнөөгийн ажил мэргэжил маань биш, харин миний дотор үргэлж байсан адал явдал, танин мэдэх хүсэл тэмүүлэл хөтөлсөн гэж хэлнэ. Тэр хүсэл л намайг мэргэжлээ сонгоход ч, бүх амьдралынхаа турш ийм аяллууд хийхэд ч хүргэсэн. 

– Таны хувьд аялал гэж юу гэсэн үг вэ?

– Сайхан асуулт байна. Миний хувьд аялал гэдэг нь дэлхийн өөр өөр газруудад нээлттэй сэтгэлээр очиж, өөр хүмүүс, өөр соёл, өөр байгаль, өөр газар нутгийг харах, ойлгох, тэднээс суралцах хүсэлтэй байхыг хэлнэ.

Аяллын хамгийн сайхан зүйл нь өөрийн төрж өссөн газраас огт өөр ертөнцийг харах боломж олгодогт оршдог. Хаанаас ирсэн нь тийм ч чухал биш. Харин хаашаа явж байгаа нь илүү чухал. Өөрийгөө урамшуулж, татаж байгаа газар руу явж, шинэ зүйл сурч мэдэх нь биднийг гэртээ буцаж ирэх нь гайхалтай. 

– Ирээдүйн зорилго, мөрөөдлөөсөө хуваалцана уу?

– Надад маш олон санаа бий. Дэлхий үнэхээр асар том. Би их аялсан мэт санагддаг ч үнэндээ зөвхөн гадаргууг нь л шүргэсэн гэж боддог.

Би дэлхийг, өөр өөр соёлыг үргэлжлүүлэн судалж, мөн аяллын шинэ хэлбэрүүдийг туршиж үзэхийг хүсэж байна. Магадгүй урт хугацааны завины аялал хийхийг хүсэж байна. Би одоогоор усан дээрх том аялал хийж үзээгүй. Тиймээс маш урт мөрөн эсвэл далайгаар аялах нь үнэхээр сонирхолтой байх болов уу. Мөн цасан кайтингийн илүү том экспедицүүд хийхийг хүсэж байна. Магадгүй Антарктидад очих нь ч их сонирхолтой байх болно.

Бас өмнө хэлсэнчлэн Монголд дахин ирж, илүү удаан хугацаагаар аялж, энэ сайхан орныг илүү сайн танин мэдэхийг үнэхээр хүсэж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.