Сэтгүүлч В. Сарантуяа: Ч.Номин нь өөрийн эзэмшлийн телевизийн уран бүтээлчдээ “янаглан “хорлож байгаад эгдүүцэж байна
Сэтгүүлч В.Сарантуяа Ч.Номины хамаарал бүхий "HD Монгол" телевизтэй холбоотой асуудалаар бичжээ.
МЭРГЭЖЛИЙН ЗОРИГ БА ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ
Монголчууд эртнээс хүнийг нүдний харц, үйл хөдлөлөөр нь таньж, итгэл даах эсэхийг нь шинждэг уламжлалтай. Гэвч өнөөгийн нийгэмд өндөр албан тушаал хашиж буй зарим удирдлагуудын ёс зүй, хариуцлага энэхүү уламжлалт хэмжүүрт нийцэхгүй байгаа нь шүүмжлэл дагуулж байна. Үүний нэг тод жишээ нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номины хамаарал бүхий "HD Монгол" телевизтэй холбоотой асуудал юм.
Тус телевиз нь уран бүтээлчид, сэтгүүлчид болон бусад ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг (НДШ) сүүлийн гурван жил гаруйн хугацаанд төлөөгүй гэх мэдээлэл гараад байна. Энэ нь орчин цагийн хөдөлмөрийн мөлжлөгийн нэг хэлбэр бөгөөд салбарын хэмжээнд ёс зүйн томоохон асуудал дагуулж байгаа юм. Телевизийн удирдлагууд тансаг амьдралын хэв маягаа олон нийтийн сүлжээгээр сурталчилдаг атлаа үндсэн ажилчдынхаа нийгмийн баталгааг хангахгүй байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл юм. Нөгөө талаас, Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаа ч анхаарал татаж байна.
Жижиг, дунд аж ахуйн нэгжүүд шимтгэлээ хугацаа хоцрооход хатуу шаардлага тавьж, дарамт шахалт үзүүлдэг атлаа эрх мэдэл бүхий хүмүүсийн эзэмшлийн томоохон компаниудад давуу эрх олгож, хяналт тавихгүй байгаа нь тогтолцооны гажуудлыг илтгэж байна. Энэхүү ялгавартай байдал нь шударга бус тогтолцоог бэхжүүлж, ажилчдын эрх ашгийг хохироосоор байна.
Хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд бусдын эрхийг хамгаалахын төлөө тууштай тэмцдэг атлаа өөрсдийнхөө хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгааны төлөө дуугарч чадахгүй байгаа нь харамсалтай. Мэргэжлийн үнэ цэн, зориг хаачив гэх асуулт эндээс урган гарч байна. Сэтгүүлч бол иргэдийн дуу хоолойг хүргэх хариуцлагатай алба бөгөөд улс төрчдийн нөлөөнд авталгүй, мэргэжлийн нэр төрөө хамгаалах нь нэн тэргүүний зорилт байх ёстой.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн удирдлага улс төрийн ямар нэгэн намын харьяалалгүй, хараат бус байх нь салбарын эрүүл тогтолцоог бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой. Сэтгүүлчдийг "захиалгаар ажилладаг" эсвэл "шантааж хийдэг" мэтээр нийгэмд буруугаар ойлгуулах хандлага газар авч байгаа энэ үед сэтгүүлчид өөрсдийн эрх ашгийн төлөө эвлэлдэн нэгдэж, мэргэжлийн зориг гаргах шаардлагатай байна.
Улс төр, хэвлэл мэдээлэл хоёр заагтай байж, сэтгүүл зүйн салбар өөрийн үнэ цэнээ эргүүлэн олж авах цаг болжээ. Салбарынхаа үнэ цэнийг ойлгодоггүй, зөвхөн өөрийн ашиг сонирхлыг урьтал болгодог хүмүүсийн дор ажиллахаас татгалзаж, мэргэжлийн эрх ашгаа хамгаалах нь нийт сэтгүүлчдийн үүрэг юм. Сэтгүүлчид мэргэжлээ хайрлаж, өөрсдийнхөө эрх ашгийн төлөө тууштай тэмцэх хэрэгтэй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.