Иргэн: Орчин үед юмс өөрчлөгдөж бүх зүйл интернэт болсон ч ном уншихгүйгээр идэвхтэй сайхан амьдарч чадахгүй
40 дэх удаагийн үндэсний номын баяр өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд эхэллээ. Энэ удаагийн баяр 20 жилийн ойтойгоо давхцаж буйгаараа онцлог юм.
Зохиолчид хэлж буйгаар талбайн уур амьсгал яг л "Нарантуул" зах шиг хөл хөдөлгөөн ихтэй, эрч хүчээр дүүрэн аж. Нялх хүүхдээ тэвэрсэн ээжүүд, оюутан залуус, бүр таяг тулсан настнууд ч номын эрэлд гарчээ. Хөдөө орон нутгаас зорин ирж, чемодан дүүрэн ном худалдан авч буй уншигчид ч цөөнгүй харагдана. Хүмүүсийн номд хандах хандлага жилээс жилд өөрчлөгдөж, улам бүр соёлтой, идэвхтэй болж байгааг зохион байгуулагчид онцолж байлаа.
Номын баярын анхны шанг таталцаж, 20 жилийн турш нэг ч удаа алгасалгүй оролцож буй СГЗ Б.Шүүдэрцэцэг:
"Би 2006 онд анхны номын баяр зохиогдож байхад залуухан зохиолч оролцож байлаа. Өнөөдөр 40 дэх удаагийн баяртаа зориулж хамгийн сүүлд бичсэн шинэ романаа 50 хувь хямдруулан уншигчдадаа бэлэг барьж байна.
Эцэг эхчүүдэд хэлэхэд, хүүхдэдээ ном зүгээр нэг авч өгөх биш, хамтдаа унших нь чухал шүү. Хамт уншиж байж л хүүхэд ахуй амьдрал, орчноо таньж мэддэг юм" хэмээн зөвлөв.
Уншигчдын дунд философи, нийгмийн ухаан, түүхийн ном сонирхогчид олон байна.
Тэдний нэг болох философич мэргэжилтэй уншигч "Орчин үед интернэт хөгжсөн ч цаасан ном, тэр дундаа түүхэн эх сурвалжуудыг уншихгүйгээр цэгцтэй сэтгэнэ гэдэг төвөгтэй.
Ном уншихгүйгээр идэвхтэй, сайхан амьдарч чадахгүй гэж би боддог" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрээр Ж.Жанцанноровын дуртгал номыг хайж яваа бол өөр нэгэн уншигч Л.Өлзийтөгсийн "Үзсэн хязгаар" номоо олж авсандаа баяртай байгаагаа илэрхийлэв. Ном унших нь хүнийг тайвшруулж, өөр ертөнцөөр аялуулдаг шидтэй. Ялангуяа залуучууд номын асар бүрээр зочилж, өөрт таалагдсан төрөл жанрын бүтээлээ шимтэн сонирхож байгаа нь энэ жилийн баярын хамгийн гэгээлэг дүр зураг байлаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.