Дуучин Б.Амархүү: "Инээсэн болгон найз биш, уурласан болгон дайсан биш" гэдгийг л ойлгосон доо...
ОХУ-ын Буриад Улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын СТА дуучин Б.Амархүүтэй бид ярилцлаа. Түүний 2019 онд хоёр жил хорих ялара шийтгүүлээд, 2021 онд гарч ирснээс хойш уран бүтээлээ төдийлөн туурвихгүй байж байгаад энэ 11-р сарын 21 бие даасан "Хайрын гэгээ" тоглолтоо хийхээр болоод байгаа юм. Түүний ярилцлагы хүлээн авна уу.
Дуучин Б.Амархүү:
-Одоогоор миний бие даасан тоглолтын бэлтгэл ажил амжилттай үргэлжилж байна. Сүүлд гаргасан "Хайрын гэгээ" дуу маань олон хосуудын сонсох дуртай бүтээл болж, сошиал орчинд маш их хандалт авч байгаад баяртай байна. Энэхүү дууны нэрээр нэрлэсэн "Хайрын гэгээ" тоглолтоо ирэх 11 дүгээр сарын 21-нд хийхээр төлөвлөж байна. "Хайрын гэгээ" дууны санааг Үндэсний радио телевизийн захирлаар ажиллаж байсан Ганболд ах маань гаргаж, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Л.Балхжав аяыг нь, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Чилаажав үгийг нь бичсэн. Энэ дуу маань бэлэн болоод хоёр жил орчим болсон ч саяхан олны хүртээл болгоход залуучууд маш сайхан хүлээж авсан.
Дууны үгэнд гардаг "Нандинжаргал" гэх нэр нь Ганболд ахын хүүхдүүдийн нэр юм. Тоглолтод "3 охин" хамтлаг, Гавьяат жүжигчин А.Отгонжаргал болон бусад залуу уран бүтээлчид оролцоно. Тоглолтын нэг онцлог нь зочин уран бүтээлчид маань өөрсдийн дууг дуулахгүй, зөвхөн надтай хамтарсан бүтээлүүдээ дуулна.
Нийтдээ 30 гаруй дуунаас бүрдсэн, зөвхөн миний уран бүтээлийн ертөнцийг харуулсан тоглолт болох юм. Миний хувьд өмнө нь аав, ээждээ зориулсан томоохон тоглолтууд хийж байсан ч яг бүрэн хэмжээний бие даасан тоглолт маань энэ удаа тохиож байна.
Би өнгөрсөн хугацаанд орон нутгаар гурван удаа аялан тоглолт хийсэн. Хөдөө орон нутгийн соёлын төвүүдийн техник хэрэгсэл, дуугаралт сайжирч, үзэгчдийн хандлага ч маш халуун дулаан болсон байна. Энэ бүхнээс би маш их энерги, урам зориг авсан.
Өнгөрсөн хугацаанд би өөрийгөө хөгжүүлж, илүү тэвчээртэй, хүлээцтэй болохыг хичээлээ. Хүн алдаж болох ч эргээд амьдралаа засаж, мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж, аз жаргалтай байсан үедээ очиж болдог гэдгийг өөрийн үйлдлээрээ харуулахыг зорьж байна.
Хоёр, гурван энтертайнментаас миний амьдралаар кино хийх санал тавьсан. Би татгалзсан. Би өөрийгөө кино хийлгэх хэмжээний их гавьяа байгуулсан хүн гэж бодохгүй байна. Харин ч гаргасан алдаанаасаа залуучуудыг сэрэмжлүүлж, тэднийг аливаа зүйлд ухаалаг хандаасай гэж хүсдэг. Кино хийж өөрийгөө дөвийлгөх хүсэл надад алга.
Хүн алдаж болно, гол нь алдсан алдаагаа давтахгүй байх нь хамгийн чухал юм.
Мөн 52 дугаар сургуультай хамтран дуулаачийн дугуйлангаа үргэлжлүүлэн ажиллуулж байна. 1996 оноос хойш урлагийн салбарт сурч мэдсэн зүйлээ, тайзны соёл, үзэгчээ хүндлэх, студид ажиллах туршлагаа залуу үедээ өвлүүлэн үлдээх нь миний нэгэн зорилго юм. Урлагийн мэдрэмжтэй байх нь хүнийг аливаа зүйлд хариуцлагатай, тэвчээртэй хандахад сургадаг.
Ингээд 11 дүгээр сарын 21-ний үдэш "M Bank Arena"-д болох "Хайрын гэгээ" тоглолтдоо нийт үзэгчдээ, тэр дундаа хайртай хосууд, бүсгүйчүүд, гэр бүлүүдийг урьж байна. Тэрхүү үдшийг стрессгүй, халуун дулаан уур амьсгалтай, гэнэтийн бэлгээр дүүрэн өнгөрүүлэх болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.