З.Мэндсайхан: Зэсийн экспорт саатсан асуудлыг шийдвэрлэхийн тулд БНХАУ-ын талтай дипломат шугамаар холбогдож байна
Манай улсын экспортын гол орлогыг бүрдүүлэгчийн хамгийн их хувийг зэсийн хүдэр, зэсийн баяжмал эзэлдэг. Гэвч энэ сарын 15-наас хойш “Оюутолгой” компаниас урд хөрш рүү гаргадаг зэсийн баяжмалын экспорт саатсан байна. Тодруулбал Ганцмод боомтоос Гашуунсухайт чиглэд хилээр буцаж нэвтрэх хэсэгт хязгаарлалт тогтоосноор 13 цуваа нэвтэрдэг байсан нь 4 болж хязгаарлагдсан. Улмаар зэсийн баяжмал тээвэрлэх үйл явц эрсдэлд орсон байна. Энэ талаар Сангийн З.Мэндсайхан хариу тайлбар өгөхдөө БНХАУ-ын холбогдох албан тушаалтнууд, яамдуудтай тогтмол холбогдож хүсэлт тавьж байгаа гэв.
Сангийн сайд З.Мэндсайхан:
БНХАУ-ын талтай дипломат шугамаар холбогдон хүсэлт тавьж байна
Нүүрсний экспортын тухайд Гашуунсухайт-Ганцмод боомтоор гарах тээвэрлэлт 8-р сараас хойш 40 орчим хувиар буураад байна. Үүний шалтгаан нь БНХАУ-ын тал өөрийн нутаг дэвсгэр дэх авто замд урсгал засварын ажил эхлүүлсэнтэй холбоотой юм. Уг засварыг нэг сарын хугацаанд дуусгана гэж байсан ч сүүлийн мэдээллээр 12 дугаар сарын 31-нд дуусгахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Засгийн газрын зүгээс энэ асуудалд онцгой анхаарч, БНХАУ-ын боомтын захиргаа, Өвөр Монголын Өөртөө Засах Орны холбогдох албан тушаалтнууд болон Гадаад худалдааны яамтай дипломат шугамаар тогтмол холбогдож байна. Монголын талаас хил, боомт, зам тээврийн ямар нэгэн саад байхгүй бөгөөд зөвхөн хөрш орны талд хийгдэж буй засварын ажлаас шалтгаалсан хүндрэл үүсээд байгааг тэмдэглэх хэрэгтэй.
Нүүрснээс гадна "Оюу Толгой" компанийн зэсийн баяжмалын экспорт тус боомтоор гарахад хүндрэл үүсэж, хэмжээ нь гурав дахин буурсан үзүүлэлттэй байна. Миний бие тус компанийн удирдлагуудтай уулзаж, тэдний шугамаар асуудлыг шийдвэрлэх боломжуудын талаар ярилцсан. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг удаа дараа хэлэлцэж, холбогдох сайд нарт тодорхой үүрэг чиглэл өгөөд байна.
Төсвийн орлого, татварын бүрдүүлэлт нь экспортын үйл ажиллагаатай шууд хамааралтай тул би БНХАУ-ын Элчин сайдын яамны түр хамаарагчтай хоёр удаа уулзаж, хүсэлт тавьсан. Хэдийгээр төсвийн хүрээнд тавьсан 90 сая тонн нүүрс экспортлох зорилтдоо хүрч, өнөөдрийн байдлаар 91 сая тоннд хүрээд байгаа ч бид үүнд тайвширч болохгүй. Оны төгсгөл хүртэлх хоёр сарын хугацаанд уул уурхайн экспортыг тасалдуулахгүй байх нь эдийн засгийн тогтвортой байдалд чухал нөлөөтэй тул Засгийн газар шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.