Эдийн засагч Н.Туяа: Дэлхий нийтээрээ хямрал, дайн, баялгийн өрсөлдөөн бий болж байгаатай холбоотойгоор эрчим хүч, шатахууны зах зээлд хямрал үүсэж байна

Өнөөгийн эдийн засгийн байдал, цаашид хэрхэн өрнөх талаар эдийн засагч Н.Туяатай ярилцлаа.

Эдийн засагч Н.Туяа:

Өнөөдөр дэлхий дахинд геополитикийн хямрал, дайн тулаан болон байгалийн баялгийн төлөөх өрсөлдөөн ширүүсэж байна. Том гүрнүүдийн сөргөлдөөнөөс үүдэлтэй дайны нөхцөл байдал нь эрчим хүч, нефть, шатахууны зах зээлд томоохон эрсдэл, хямралыг дагуулж байна. Манай улсын хувьд дотоодын хэрэгцээгээ өөрөө хангаж чаддаггүй, импортоос бүрэн хараат учраас энэхүү дэлхий нийтийг хамарсан эрсдэлд шууд өртөж байна. Үүнээс бид маш том сургамж авах ёстой. Жижиг эдийн засагтай улс орны хувьд төр засаг нь өөрийгөө хангах, импортоос хараат бус байх бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэхгүй бол дэлхийн хямралын өмнө хүчин мөхөсдөж, хүндрэлтэй нүүр тулсаар байх болно.

Энэхүү хямралт нөхцөл байдал ойрын нэг, хоёр жилдээ арилах шинжгүй байна. Магадгүй дунд хугацаанд буюу ирэх 3-4 жилийн турш үргэлжлэх төлөвтэй байгаа тул бид үүнээс сургамж авч, цаашид бэлтгэлтэй байх шаардлагатай.

Хямрал зогслоо ч аль нэг том гүрний эдийн засгийн хараат байдалд орох эрсдэл байсаар байна. Тиймээс дэлхийн хямралаас үл шалтгаалан дотооддоо эдийн засгаа аваад явах чадамжтай, "бяртай" болох нь чухал юм. Эрчим хүч, шатахуун бол бидний өдөр тутмын хэрэглээ. Өнөөдөр шатахуун тасалдан хямрахад иргэд гэр бүлийнхээ хэрэгцээг хангаж чадахгүйд хүрч байна.

Шатахуун болон эрчим хүчний хомсдол, үнийн өсөлтийг дагаад бүх төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Үүний улмаас иргэдийн хэрэглээний зардал нэмэгдэж, өмнө нь хэрэглээндээ хүрдэг байсан цалин, орлого нь хүрэлцэхээ байлаа.

Ийм нөхцөлд иргэд, гэр бүлүүд хэрэглээгээ маш ухаалгаар зохицуулах шаардлагатай байна. Том хэмжээний худалдан авалт, тансаг хэрэглээ, хувцас хунар гэх мэт зардлаа танаж, нэн тэргүүнд хоол хүнс, орон байрны дулаан, аюулгүй байдал болон хүүхдийн сургалт, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. 

Бид эрүүл мэнд, боловсролын салбарыг орхигдуулж болохгүй. Тиймээс тэвчиж болох зардлуудаа танаж, "бүсээ чангалах" байдлаар амьдрахаас өөр аргагүй болж байна. Нөгөө талдаа зөвхөн хэмнэх биш, орлогын эх үүсвэрээ хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Гэр бүлээрээ хийж болох жижиг бүтээлч ажлууд, цагийн ажил, оюутан залуусын хувьд реферат бичих, орчуулга хийх зэргээр нэмэлт орлого олох боломжийг эрэлхийлэх нь зүйтэй.

Зөвхөн халамж хараад суух биш, өөрт тохирсон ажлыг олж хийх нь энэ хямралыг давахад тустай. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.