Ноос ,ноолуурын салбарт хэрэгжсэн SCORE хөтөлбөрийн 2026 оны үр дүн

Ноос ,ноолуурын салбарт хэрэгжсэн SCORE хөтөлбөрийн 2026 оны үр дүн
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас (ОУХБ) ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлж буй “Аж ахуйн нэгж, байгууллагын бүтээмж, өрсөлдөх чадвар, засаглалыг бэхжүүлэх” (SCORE) хөтөлбөрийн 2026 оны үр дүнг танилцуулах, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хэлэлцүүлгийг өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Монголын ноос, ноолуурын холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо болон салбарын ажил олгогчид, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төлөөллүүд оролцов. Талууд аж ахуйн нэгжүүдийн бүтээмж, хөдөлмөрийн нөхцөл, ажлын байрны хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр гарсан үр дүн, сайн туршлагыг хуваалцаж, залуучуудад ээлтэй ажлын байр бий болгох боломжийг хэлэлцсэн юм.
Тус арга хэмжээг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М. Дондогдорж үг хэлэв.
Тэрбээр Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар, Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт Монгол Улсын ноос, ноолуурын салбарын хөгжил, бүтээмж, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2024–2028 онд ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20 хувиас 40 хувьд, экспортын орлогыг 398 саяас 690 сая ам.долларт хүргэж, 3,000 гаруй шинэ ажлын байр бий болгох зорилт тавин ажиллаж байна. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлээс гадна мэргэшсэн хүний нөөц, хөдөлмөрийн бүтээмж, бүтээгдэхүүний чанар шийдвэрлэх ач холбогдолтойг тэмдэглэв.
Бид залуучуудыг зөвхөн ирээдүйн ажиллах хүчин бус, Монголын хөнгөн үйлдвэрийн технологийн шинэчлэл, инновац, бүтээмжийн өсөлт, ногоон шилжилтийн хөдөлгөгч хүч гэж харж байна. Цаашид SCORE хөтөлбөрийн сайн туршлага, залуучуудын ажлын байрны дадлага, инновацын санаачилгыг “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний зорилтуудтай уялдуулан, илүү олон аж ахуйн нэгжид түгээн дэлгэрүүлэх нь чухал гэдгийг тэрбээр тэмдэглэн хэллээ.
Дэлхийн 30 гаруй улсын 6,000 гаруй аж ахуйн нэгжид хэрэгжсэн тус хөтөлбөрийг 2025 онд Монгол Улсын ноос, ноолуурын салбарын Гоёл Кашмир ХХК болон дараах 4 компанид туршин хэрэгжүүлж, бодит үр дүнд хүрсэн байна.
Тухайлбал, хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланд дурдсанаар “Блю Скай Кашемир” ХХК-ийн бүтээмж 179.4 хувь, “Капра Д’Оро Кашмир” ХХК-ийн бүтээмж 76.5 хувиар тус тус өссөн. “Эвсэг” ХХК-ийн үйлдвэрлэлийн явц дахь бүтээгдэхүүний гологдол 66.6 хувиар буурчээ. Мөн “Ханбогд Кашимер” ХХК-ийн эрчим хүчний хэрэглээ 17 хувиар буурсан байна. Эдгээр үр дүн нь ажил олгогч, ажилтнууд хамтран үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулах замаар бүтээмжийг нэмэгдүүлж, нөөцийн үр ашиг, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх боломжтойг харуулж байна.
Дээрх туршилтын үр дүнд тулгуурлан SCORE хөтөлбөрийг 2026 онд “Өгөөж Шим” ХХК, “Говь-Эрдэнэ Кашмер” ХХК, “Сайнтүмэн Кашмер” ХХК, “Байгаль Кашмер” ХХК, “Сноуфилдс” ХХК гэсэн таван аж ахуйн нэгжид өргөжүүлэн хэрэгжүүллээ. Энэ удаагийн хэрэгжилтээр залуучуудад ээлтэй ажлын байр бий болгох, залуу ажилтнуудын ур чадвар, оролцоог нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарчээ.
Тус хөтөлбөрийг оролцогч аж ахуйн нэгжүүд, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын санхүүжилттэй ОУХБ-ын “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ нь төр, хувийн хэвшил, олон улсын түншлэлийн тогтвортой хамтын ажиллагааны загвар болж байна.
Хэлэлцүүлгийн үеэр салбарын хэмжээнд залуу ажилтнуудын ур чадварыг хөгжүүлэх, дадлагажих боломжийг нэмэгдүүлэх, аюулгүй, эрүүл ажлын орчин бүрдүүлэх асуудлыг хөндөж, гарсан үр дүнг салбарын хэмжээнд түгээн дэлгэрүүлэхээр тогтов.
May be an image of speaker and text
May be an image of speaker and text

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.