Х.Нямбаатарын хийсэн мэдээллүүдэд МУ-ын ЕТГ-аас нийт 9 баримт мэдээллээр хариу няцаалт, тайлбар өглөө
Х.Нямбаатарын хийсэн мэдээллүүдэд МУ-ын ЕТГ-аас нийт 9 баримт мэдээллээр хариу няцаалт, тайлбар өглөө
Өнгөрөгч амралтын өдөр Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатар Канад улсаас өөрийн цахим хуудсаар хийсэн мэдээллээр МУ-ын ерөнхийлөгчийн эсрэг гүтгэлэг гаргасан асуудлаар өнөөдөр ЕТГ-аас хариу няцаалт, тайлбар мэдээлэл хийлээ. Х.Нямбаатарыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл ангиар буюу "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" заалтаар яллагдагчаар татан АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа юм. Тэрээр Засаг даргаар ажиллах хугацаандаа "Туулын хурдны зам" болон төслийн гүйцэтгэгч компанид урьдчилгаа 500 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохдоо албан тушаалаа урвуулан ашигласан, өөрийн хамаарал бүхий этгээдийн компаниар төрөөс зарласан 20 орчим тендер, сонгон шалгаруулалтад өөрийн хамаарал бүхий этгээдийн компаниар орж шалгарсан нь эрэг үйлдлүүдэд шалгагдаж байна. Харин Х.Нямбаатарын зүгээс өөрийг нь шалгаж байгаа асуудлыг гүтгэлэг гэсэн байр суурь илэрхийлж ирсэн. Өнгөрсөн ням гарагт хийсэн лайв мэдээллээрээ МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эсрэг мэдээлэл түгээсэн асуудалд өнөөдөр ЕТГ-ын зүгээс нийт 9 баримт няцаалтаар тайлбар өгсөн юм.
МУ-ын ЕТГ-ын ХМА-ын дарга Ц.Ганзориг:
Ерөнхийлөгчийг Европын холбооны улсуудад айлчлал хийх зуур төрийн хариуцлагатай албан тушаал хашиж байсан иргэн Нямбаатар буюу УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, Хотын дарга асан хүн төрийн тэргүүний эсрэг ямар ч ор үндэсгүй гүтгэлгийн мэдээллийг нийтэд тараалаа.
Энэ нь олон улсад Монгол Улсын нэр хүнд, төрд итгэх итгэл болон үндэсний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөхүйц үйлдэл юм. Иймд эдгээр асуудлуудад баримт бүхий есөн няцаалтыг өгч байна.
Нэгдүгээрт: Ерөнхийлөгчийг хувьдаа нисдэг тэрэгтэй мэтээр ярьсан нь худал мэдээлэл юм. Иргэний нисэхийн ерөнхий газрын мэдээллээр Монгол Улсад 20 гаруй нисдэг тэрэг байгаагаас 18 нь хувийн компани болон иргэдийн эзэмшилд байдаг. Ерөнхийлөгч бол Зэвсэгт хүчний ерөнхий командлагч бөгөөд шаардлагатай тохиолдолд Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэргийг албан ажилдаа ашигладаг.
Хоёрдугаарт: Австрали улсад хувийн хаустай гэх мэдээлэл түгсэн. Австралийн үл хөдлөх хөрөнгийн "Property.com" сайтад байгаа мэдээллийг шүүж үзэхэд энэ нь Ерөнхийлөгчид ямар ч хамааралгүй болох нь тогтоогдсон. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч сүүлийн 12 жилийн хугацаанд Австрали улс руу зорчоогүй болно.
Гуравдугаарт: "Андууд тауэр" барилгыг Ерөнхийлөгчийнх гэж гүтгэсэн. Нээлттэй өгөгдөл болон холбогдох байгууллагын мэдээллээр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд баригдаж буй тус барилга нь нийслэлийн өмч бөгөөд концессын гэрээгээр баригдаж буй оффис юм. Барилгыг "Асар өргөө" ХХК барьж байгаа бөгөөд эзэмшигчид нь Лхамсүрэнгийн Зоригт, Лхамсүрэнгийн Ганзориг гэх ах дүүс юм. Тэд Ардчилсан намын харьяалалтай хүмүүс бөгөөд Хотын дарга байсан хүн нийслэлийнхээ өмчийг мэдэхгүй байна гэдэг нь үндэслэлгүй юм.
Дөрөвдүгээрт: Гачууртад олон зочид буудалтай гэх мэдээлэлд няцаалт өгье. Ерөнхийлөгч "Ил Хаан" компанийн 58 хувийг эзэмшдэг бөгөөд энэ нь Тэрэлжид байрлах 10 орчим гэр, дүнзэн байшинтай аялал жуулчлалын бааз юм. Энэхүү хөрөнгө нь сүүлийн 10 жилийн турш Хөрөнгө орлогын мэдүүлэгт (ХОМ) бүртгэлтэй явж ирсэн. Хэрэв Гачууртад өөр олон зуун буудал байгаа бол түүнийгээ баримттайгаар хууль хяналтын байгууллагад зааж өгөх хэрэгтэй.
Тавдугаарт: Бага тэнгэрт 30-40 сая ам.долларын үнэлгээтэй хаус хороололтой гэх асуудал байна. Бага тэнгэр орчимд нийт 444 амины болон нийтийн орон сууц байдаг. Ерөнхийлөгч өөрийн хадгаламжаасаа 2020-2022 онд хөрөнгө шилжүүлж, амины орон сууц захиалсан нь ХОМ-т маш тодорхой тусгагдсан, нуух зүйлгүй асуудал юм. Харин бусад хаусууд нь "Грийн ресурс" зэрэг хувийн компани болон иргэдийн өмч болох нь нээлттэй мэдээллээр харагдаж байна.
Зургаадугаарт: "Юнайтед молл" дэлгүүрийг Ерөнхийлөгчийнх гэж ярьсан. Тус дэлгүүр нь "Триста" компанийн өмч бөгөөд эзэмшигч нь Б.Даваадорж, захирал нь С.Ганбаатар гэх хүмүүс байдаг. Энэ нь улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байгаа бөгөөд Ерөнхийлөгчтэй ямар ч холбоо хамааралгүй юм.
Долоодугаарт: Тансаг машины цуглуулгаа иргэн Нямдаваагийн нэр дээр хадгалдаг гэх гүтгэлэг гарсан. Нямдаваа гэх залуу нь Ерөнхийлөгчтэй фитнест таардаг бизнес эрхлэгч бөгөөд энэхүү гүтгэлгийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан. Энэхүү худал мэдээллийг Хотын даргын хэвлэлийн ажилтан байсан Г.Золзаяа гэгч Нямбаатарын захиалгаар, татвар төлөгчдийн мөнгөөр түгээснээ хүлээн зөвшөөрч, уучлалт хүссэн мессеж ирүүлсэн. Тухайн иргэн одоо БНХАУ руу оргон зайлсан байгааг хууль хяналтын байгууллага тогтоосон.
Наймдугаарт: Ерөнхийлөгчийн зөвлөхүүд болон Тамгын газрын ажилтнуудыг "Жи класс" машин унадаг гэж гүтгэсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газарт ийм машин унадаг нэг ч хүн байхгүй бөгөөд төрдөө чин сэтгэлээр зүтгэж буй хүмүүсийн нэр төрд халдсан үйлдэл боллоо.
Есдүгээрт: Ерөнхийлөгчийн хөрөнгийн эх үүсвэрийг АТГ-аас шалгаж, ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил болон хууль бус орлого тогтоогдоогүй болохыг албан бичгээр баталгаажуулсан байдаг. Иргэн Нямбаатар яагаад ийм гүтгэлэг тараах болов гэдэгт хариулт өгөхөд, тэрээр Канад улсаас улс төрийн орогнол хүсэх бэлтгэлээ хангахын тулд ийм зохиомол хэргүүдийг үүсгэж байна гэх мэдээлэл бидэнд ирсэн.
АТГ-аас түүнийг Туулын хурдны замтай холбоотой 500 тэрбум төгрөгийн асуудал болон нийслэлээс зохион байгуулсан 20 гаруй тендерт хамаарал бүхий этгээдүүддээ давуу байдал олгосон хэргүүдэд шалгаж эхэлсэн.
Тэрээр өөрийн үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулж, "хэлмэгдэгч"-ийн дүр эсгэн гадагшаа зугтахыг оролдож байна. Ерөнхийлөгчийн Тамгын газар болон гүтгүүлсэн ажилтнууд нэр төрөө сэргээлгэхээр хууль хяналтын байгууллагад хандаж байна. Улс төрийн орогнол хүсэх, авлигын хэргээс зугтах хоёр бол өөр ойлголт юм. Канад улс авлигын хэрэгт холбогдсон хүмүүст орогнол олгодоггүй.
Бид энэхүү ор үндэсгүй гүтгэлэг бүрийг хуулийн дагуу шалгуулж, үнэн мөнийг тогтоох болно. Айлчлалаас ирээд удаагүй байгаа тул дэлгэрэнгүй мэдээллийг дараа дараагийн удаа өгөх болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.