Өнөөдөр ЕТГ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан нарт оноосон 40 сая төгрөгийн торгох ялыг УДШ хэвээр үлдээлээ
Өнөөдөр ЕТГ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт оноосон 40 сая төгрөгийн торгох ялыг УДШ хэвээр үлдээлээ
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа уг хэргийг дахин хянаж, анхан шатны шүүхээс оноосон хорих ялыг өөрчлөн, тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон хөнгөрүүлж байжээ. Улмаар өнөөдөр Улсын Дээд Шүүх гомдлыг хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэнээр уг маргаан ийнхүү торгох ял хэвээр үлдэж байна.
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг шүүгдэгч Б.Энх-Амгалангийн өмгөөлөгч Д.Батсүхийн гаргасан, шүүгдэгч З.Энхболд, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан, Д.Алтансүх нарын хамтран гаргасан гомдлыг тус тус үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцэв. Хоёр шатны шүүхээс Б.Энх-Амгаланг улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байх хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, З.Энхболдыг улс төрд нөлөө бүхий этгээд болох Энх-Амгаланд хууль бусаар нөлөөлсний улмаас түүнийг үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцжээ.
Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгч, өмгөөлөгчдийн гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.