МАН-ын Шударга гишүүдийн холбооноос авлига, хээл хахуульд холбогдсон гишүүдэд хариуцлага тооцохыг шаардаж байна
МАН-ын Шударга гишүүдийн холбооноос МАН-ын УЗ, МАН-ын дарга Н.Учрал нарт шаардлага хүргүүллээ
МАН-ын Шударга гишүүдийн холбооны тэргүүн П.Баярхүү тэргүүтэй гишүүдийн зүгээс өнөөдрийн МАН-ын дотоод талцал, гишүүдийн хуваагдал, авлигын хэрэгт холбогдож хариуцлага хүлээхгүй байгаа зэрэг асуудлуудаар энэхүү шаардлагаа хүргүүлж байна. Тэдний зүгээс улс орны эдийн засаг хүндэрсэн, намын дотоод зарчим алдагдан гишүүдийн мерит бус зарчим зэрэг нь оршин тогтнолд нь хүндрэл үүсгэсэн. Намын нэр хүнд уналтад орж эдийн засаг хүндэрч улмаар ард түмний итгэл алдарсан энэ үед авлига, хээх хахуулийн хэрэгт холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох нь чухал гэдгийг онцоллоо.
Манай нам цаашид 'ХУЛГАЙТАЙ ЭВЛЭРЭХГҮЙ, ХУЛГАЙЧТАЙ НАЙМААЛЦАХГҮЙ' гэсэн зарчмыг баримтлан авлига, албан тушаалын гэмт хэргээ улс төрийн тохиролцооны хэрэгсэл болгон наймаалцах гэсэн хүмүүсийг хууль ёсны хяналт шалгалтаас зайлсхийхийг цаашид хүлээн зөвшөөрөхгүй байх ёстой. Иймээс ард түмний итгэлийг бодитоор сэргээхийн тулд дараах 3 шаардлагыг нэн даруй хэрэгжүүлэхийг уриалж байна.
НЭГ: ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН ЭРХИЙГ СААРМАГЖУУЛАХ, УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийн ард нуугдаж, мөн намын эв нэгдэл, улс төрийн тохиролцоо гэх нэрийн дор хууль бус үйлдлээ хаацайлан наймаалцах, шударга ёсны мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах гэсэн оролдлогуудыг шууд таслан зогсоох.
ХОЁР: АВЛИГАЧДАД ХАРИУЦЛАГА ТООЦОХ, Авлигачдад хариуцлага тооцож, “Zero Tolerance” (Үүлгүй) зарчим хэрэгжүүлэх: Авлигын эсрэг хууль болон Эрүүгийн хуульд заасан албан тушаалын гэмт хэрэгт холбогдон буруутай нь тогтоогдсон этгээдийг намаас түдгэлзүүлэн хөөх. Намын удирдлага хийгээд улс төрийн болон төрийн албан тушаалд дахин хэзээ ч томилохгүй байх зарчмыг хатуу мөрдүүлэх.
ГУРАВ: ТОМИЛГООГ ШИЛЭН БОЛГОЖ, МЕРИТ ЗАРЧМЫГ САХИХ: Төрийн албыг авлигаар зардаг, шахааны болон дарга дагасан томилгоог эцэслэн зогсоож, шат шатны томилгоог намын гишүүд болон олон нийтийн хяналт дор нээлттэй явуулах. Мэргэшсэн албан хаагчдыг улс төрийн үзэмжээр халдаг байдлыг таслан зогсоох. МАН-ын эрхэм шударга гишүүдээ. 105 жилийн түүхтэй нам өнгөрсөн гавьяагаараа бус, өнөөдрийн алдаагаа засах чадвар, маргаашийн хөгжлийг бүтээх хариуцлагаараа ирээдүйгээ тодорхойлох ёстой. Өнгөрснөөрөө бахархъя. Өмнөх алдаагаа хүлээн зөвшөөрье. Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэлье. Намын гишүүд болон ард түмний хүсэн хүлээсэн шинэчлэлийг хойшлуулах эрх бидэнд байхгүй.
Сэтгэгдэл (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.