Иргэн: Өмнөх өдрүүдэд харьцангүй гайгүй байсан. Өнөөдөр илүү түгжирч байна. Нэг уулзвар дээр 2-3 цаг зогсож байна

Нийслэлийн төв талбайн уулзвар орчимд авто замын хөдөлгөөн бүрэн зогсолт хийж, ачаалал туйлдаа хүрчээ. Тодруулбал, Төв талбайн баруун талын замаар хойноос урагш чиглэсэн болон баруун талаас зүүн тийш чиглэсэн авто замын урсгалууд тэг зогсолт хийсэн байдалтай байна.

Замын хөдөлгөөнд оролцож буй иргэн нөхцөл байдлын талаар хэлэхдээ:

"Улаанбаатар хотын түгжрэл үнэхээр хүнд байна. Миний хувьд өнөөдөр анх удаа энэ замаар зорчиж байгаа бөгөөд хоёр цаг орчим саатлаа. Найзууд маань ч замын нөхцөл байдал байнга ийм байдаг тухай хэлж байсан. Замын цагдаа нар хөдөлгөөнийг гар аргаар зохицуулж, нэг талыг нь барьж татахгүйгээр, зөвхөн гэрлэн дохионы горимоор явуулбал хөдөлгөөн илүү эмх цэгцтэй, дүрмийн дагуу үргэлжлэх болов уу гэж бодож байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Нийслэлчүүдийн өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон замын түгжрэл өнөөдөр хаа сайгүй үргэлжилж, автомашины урт дараалал үүсээд байна. Хэдхэн минутын зайг туулахын тулд иргэд асар их цаг хугацаа зарцуулж байгаа бөгөөд хөдөлгөөнд оролцогчдын зүгээс бухимдалтай байгаагаа илэрхийлж байв.

Хүүхдүүдээ аваад замд гарсан өөр нэгэн жолооч: "Би Чингис хаан үндэсний музейн орчмоос хөдөлсөн боловч одоог хүртэл эндээ байна. Уг нь энэ замаар байнга явдаггүй ч өөр зам хаалттай байсан тул энэ урсгал руу орсон юм. Түгжрэл их байгаа нь цаг хугацаа алдахаас гадна шатахуун ихээр зарцуулж, эдийн засагт ч хохиролтой байна" гэлээ.

Мөн тэрээр үргэлжлүүлэн: "Хоёр цагийн өмнө байсан газраасаа бараг хөдөлсөнгүй. Бүр аргаа бараад бие засахаар яваад ирэхэд машин маань байрнаасаа хөдлөөгүй байсан. Одоо ингээд машин дотроо кино үзэж өөрийгөө саатуулаад сууж байна.

Миний бодлоор төв замын уулзварууд дээр явган хүний гүүр барьж өгвөл авто замын ачааллыг бууруулахад бодит нэмэр болох байх" хэмээн шийдэл санал болгов. 

Тэдний зүгээс гэрлэн дохионы зохицуулалтыг оновчтой болгох, явган хүний гүүр барих зэрэг дэд бүтцийн болон зохион байгуулалтын шийдвэрүүдийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатайг онцолж байлаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.