УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан: Намайг "Бор тээгийн орд"-той холбоогүй гэдгийг нотолсон шүүхийн шийдвэр гарсан

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан: Намайг "Бор тээгийн орд"-той холбоогүй гэдгийг нотолсон шүүхийн шийдвэр гарсан

       УИХ-ын өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан улс төр, эдийн засгийн нөхцөл болон өөрийнх нь нэр холбогдсон "Бор тээгийн орд"-ын талаарх мэдээллийг өглөө. Тэрээр тус ордтой түүний нэрийг нүүрсний хулгайн том хулгайг дарахын тулд холбосон гэж үзэж байна. Мөн үүнд холбоогүй гэдгийг нотолсон шүүхийн шийдвэр гарсан гэлээ.   

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан:

           Өнөөдөр иргэдийн бараг 50 хувь нь үнийн өсөлтийг хамгийн том зовлон, бэрхшээл болгон дурдаж байна. Тиймээс УИХ болон Засгийн газар энэ асуудалд онцгойлон анхаарах ёстой. Шатахуун, түлш болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний найдвартай, тогтвортой нийлүүлэлтийг хангах нь нэгдүгээрт чухал. Мөн үнийн өсөлтийг тодорхой түвшинд барих асуудлыг төсвийн бодлогодоо тусгаж ажиллах шаардлагатай байна.

         Бортээгийн ордын асуудлаар би өмнө нь маш олон удаа тайлбар өгсөн. Д.Амарбаясгалан гэдэг хүн энэ ордтой ямар нэгэн байдлаар холбоогүй гэдгийг тогтоосон шүүхийн шийдвэр аль хэдийн гарсан.

Хэвлэл мэдээллийн байгууллага намайг тус ордыг эзэмшдэг гэж бичсэний дагуу би Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хандсан байгаа. Шүүхийн шийдвэр гарсан ч хэвлэл мэдээллийн байгууллагын нэр хүндийг бодож, одоогоор олон нийтэд зориудаар зарлаагүй. Мөн хууль хяналтын байгууллагаар шалгуулж буй асуудал нэг мөр цэгцэрсний дараа олон нийтэд цэгцтэй мэдээлэл өгөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм.

    Бортээгийн ордын тухайд ард түмэндээ зориуд хэлэхэд, энэ орд нэг өдөр, нэг минут, бүр нэг секунд ч хувь хүний эзэмшилд байгаагүй. Энэ бол төрийн мэдэлд байдаг, Тавантолгойн бүлэг ордын нэг хэсэг юм. Тавантолгой өөрөө стратегийн орд учраас түүнийг хувьчлах хууль эрх зүйн ямар ч боломж байхгүй. Энэ асуудал бол ердөө л "нүүрсний хулгай" гэх том сэдвийг дарахын тулд Амарбаясгалан болон түүний нөхдийг улс төрийн хэрэгт холбогдуулан дарах гэсэн сонирхлын хэрэгсэл болсон зүйл. Би эхэндээ яагаад ийм асуудалд холбогдчихов, эргэн тойронд ажиллаж байгаа хүмүүстэй маань холбоотой юм болов уу гэж гайхдаг байсан. Гэвч цаг хугацааны эрхээр нөхцөл байдал маш тодорхой болж байна. Би хууль хяналтын байгууллагаас дуудсан цагт нь очиж, асуултад хариулан мэдүүлгээ өгөөд явж байгаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.