Монгол Улсын сарын хэвийн хэрэглээ 70-75 мянган тонн байдаг тул 11 дүгээр сарын нийлүүлэлт хэрэгцээг бүрэн хангаж, нөөц бүрдүүлэх боломжтой болно
Шатахууны шуурхай штаб болон Аж үйлдвэр, Эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир цаг үеийн нөхцөл байдал, шатахуун түгээлтийн талаарх мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд шатахуун тасарч, бензингүй болохгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдлээ. Мөн нийслэлийн хэмжээнд 264 ШТС-ын 120 орчимд нь шатахуун хэвийн олгож эхэлсэн. Ирэх 11 дүгээр сард нийт 92 мянган тонн шатахуун нийлүүлэх захиалга баталгаажсан байна.
Монгол Улсын сарын хэвийн хэрэглээ 70-75 мянган тонн байдаг тул 11 дүгээр сарын нийлүүлэлт хэрэгцээг бүрэн хангаж, нөөц бүрдүүлэх боломжтой болно
2026 оны 10 дугаар сард зөвхөн ОХУ-аас 57 мянган тонн шатахуун захиалснаас өнөөдрийн байдлаар 45 мянга орчим тонн нь орж ирээд байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ын төмөр зам дээр засварын ажил гарсантай холбоотойгоор вагон ачилт хоёр хоногийн хугацаанд зогссон. Үүнээс үүдэлтэйгээр шатахууны хомсдол үүсэх бий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд бий болж, хиймэл ачаалал нэмэгдэх тохиолдол гарлаа.
Гэвч Монгол Улс шатахуунаар тасарч, бензингүй болно гэсэн ойлголт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Захиалга тогтмол хийгдэж, өдөр тутамд вагонууд орж ирж байна. Өчигдөр болон өнөөдрийн байдлаар нийт 150 орчим вагон орж ирж, шатахуун түгээх станцуудад үгээлт хийгдэж байна. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 264 ШТС-аас одоогоор 120 орчим нь шатахууныг хэвийн олгож эхэллээ. Улаанбаатар төмөр зам хамтын нийгэмлэг вагон таталтын ажлыг шуурхай гүйцэтгэж, Алтанбулаг, Сүхбаатар өртөөгөөр орж ирсэн вагонуудыг 7-8 цагийн дотор Толгойт өртөө рүү татан авч байна.
Нийгэмд үүссэн бухимдлыг арилгах, хяналтыг сайжруулах зорилгоор ШӨХТГ, НЗДТГ, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон АМГТГ-ын байцаагч нараас бүрдсэн ажлын хэсэг байгуулагдлаа. Энэхүү ажлын хэсэг ШТС-ууд шатахууны үлдэгдэлтэй ч олгохгүй байгаа эсэх, мэдээллийн системд үнэн зөв мэдээлэл оруулж буй эсэхийг газар дээр нь шалгаж, зохицуулалт хийнэ.
Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, тэдэнд дараалалгүй үйлчлэх асуудалд хяналт тавина. Ард иргэдийн дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийг хуурамчаар үйлдэх, зарах гэсэн сөрөг үйлдлүүд гарч байна. Үүнтэй холбоотойгоор ШТС-ууд "E-Mongolia" системээр дамжуулан үнэмлэхийг давхар шалгаж байгаа бөгөөд хуурамч бичиг баримт ашигласан тохиолдлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах болно.
Мөн АМГТГ-аас хэрэгжүүлж буй шатахууны мэдээллийн систем 12 дугаар сарын дунд гэхэд бүрэн автоматжиж, "benzin.mn" сайтаас аль станц шатахуун олгож байгааг шууд харах боломж бүрдэнэ.
Ирэх 11 дүгээр сард нийт 92 мянган тонн шатахуун нийлүүлэх захиалга баталгаажсан. Үүнд ОХУ-аас 70 мянга, БНХАУ-аас 8 мянга, БНСУ-аас 12 мянга, Казахстанаас 3 мянган тонн шатахуун тус тус багтаж байна. Монгол Улсын сарын хэвийн хэрэглээ 70-75 мянган тонн байдаг тул 11 дүгээр сарын нийлүүлэлт хэрэгцээг бүрэн хангаж, нөөц бүрдүүлэх боломжтой болно.
Түүнчлэн БНСУ-ын "Hyundai" корпорац болон бусад үйлдвэрлэгчидтэй хоёр жилийн хугацаанд тогтмол шатахуун нийлүүлэх гэрээ байгуулахаар ажиллаж байна. Урт хугацааны стратегийн хүрээнд дотоодын газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, хэрэгцээгээ өөрсдөө хангах зорилт тавин ажиллаж байна. Мөн улсын төсвийн дэмжлэгтэйгээр нөөцийн савны багтаамжийг нэмэгдүүлж байгаа бөгөөд ирэх оны дунд үе гэхэд нөөцлөх чадамж мэдэгдэхүйц дээшилнэ. Ингэснээр гадны нийлүүлэлтээс хамааралтай түр зуурын тасалдал үүсэхэд дотоодын нөөцөөрөө зохицуулалт хийх боломж бүрдэх юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.