Хүний эрхийн идэвхтэн Өвөр Монгол охин Тэмүүлэн АНУ-д их сургуулийн кампус дээр баривчлагдаж, шуугиан тариад байна
2026 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр, АНУ-д төрсөн Өмнөд Монголын хүний эрхийн идэвхтэн, оюутан Тэмүүлэн (Тэмүүлэн Тогоочог) Мичиганы Их Сургуулийн Анн Арбор дахь кампус дээр баривчлагдлаа.
Тус баривчлага нь кампус дээр зохиогдсон үг хэлэх эрх чөлөөний арга хэмжээний үеэр лалын шашны эсрэг үзэл баримтлалтай контент бүтээгч, нөлөөлөгч Лиз Беничоутай маргалдан, улмаар түүнийг түлхэж унагаснаас үүдсэн юм.
Улмаар Тэмүүлэн цагдаа нарт баривчлагдаад машинд суух үедээ Беничоу руу дайрч, "Би чамайг алчих ёстой байсан юм" хэмээн хашгирч буй бичлэг нь олон нийтийн сүлжээнд тархаад байгаа юм.
Энэхүү үйл явдлын бичлэг цахим орчинд маш хурдан тархаж, Тэмүүлэнгийн талаар цахим орчинд маш олон хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Тэмүүлэн АНУ-д, Нью-Йорк орчимд төрсөн. Тэмүүлэн нь Хятадын засаглалын дор амьдарч буй угсаатны монголчуудын эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Нью-Йорк хотод төвтэй "Өмнөд Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Төв (SMHRIC)"-ийн одоогийн захирал, хүний эрхийн тэмцэгч Энхбат Тогоочогийн охин аж.
Тэмүүлэн Өвөр Монголчуудын шашин, соёл, хэлний эрхийг хамгаалах чиглэлээр идэвхтэй залуу дуу хоолой болж, Хятадын засгийн газрын ассимиляцийн бодлого, монгол эх хэлийг устгахыг эрс шүүмжилж иржээ. Тэрээр эх орныхоо соёл, уламжлалыг хадгалахын төлөө тууштай тэмцэж, олон улсын тавцанд энэ асуудлыг хөнддөг.
Их сургуулийн кампус дээрх энэхүү үйл явдлаас өмнө Тэмүүлэн олон улсын тавцанд залуу хүний эрхийн идэвхтэн хэмээн нэр хүндтэй байжээ. Тэрээр, 2024 оны арванхоёрдугаар сард, ердөө 17 настайдаа тэрээр АНУ-ын Конгрессын Хятад хариуцсан Гүйцэтгэх Комисст мэдүүлэг өгч, угсаатны монголчуудын хүнд нөхцөл байдлыг Конгрессын анхааралд хүргэж байжээ.
Тэмүүлэний баривчлагдсан явдал нь түүний олон улсын хүний эрхийн идэвхтний хувиар гүйцэтгэсэн үүрэг, Өмнөд Монголчуудын эрхийн төлөөх тэмцэлд чухал нөлөө үзүүлж болзошгүй юм. Кампус дээрх үйл явдлын бичлэг цахим орчинд тархаж байгаа тул нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөхийг олон нийт анхааралтай ажиглаж байна.
Эх сурвалж:
• eguur.mn
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.