500 сая төгрөг нэхэмжлэх мода...

500 сая төгрөг нэхэмжлэх мода...

Манай улсад нэгнээ шүүхдэж, 500 сая төгрөг нэхэмжилдэг мода сүүлийн үед ихээхэн дэлгэрч байна. Энэхүү 500 сая төгрөг нэхэмжлэх мода хотын дарга асан, өдгөө Канад Улсад амьдран суугч Х.Нямбаатараас эхтэй гэхэд болно. 

Тэрээр, "Хатан Туулаа хамгаалъя" хөдөлгөөний идэвхтэн гишүүн, иргэн Г.Уянгаас 500 сая төгрөг нэхэмжилж, шүүхэд хандсан байдаг. Ингэхдээ, "Намайг 126 постоор 38 удаа хулгайч гэж дуудсан. Үүнээс болж иргэд, сонгогчид намайг "хулгайч" гэж ойлгож, надтай хулгайч мэтээр харьцаж байгаа явдал нь сэтгэл санааны хувьд асар их дарамт, ичгэвтэр байдалд оруулж байна" гэсэн байдаг. 

Харин дараагийн 500 саяын нэхэмжлэгч нь сэтгүүлч Н.Өнөрцэцэг. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хурлын үеэр "Намайг гүтгэсэн Г.Уянгаас би 500 сая төгрөг нэхэмжилнэ. Тэр мөнгийг хавдрын өвчтэй хүүхдүүдэд өгнө" гэсэн байдаг. 

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг, хотын дарга асан Х.Нямбаатар нар өөрсдийнх нь талаар мэдээлэл дэлгэж буй  иргэн Г.Уянгаас ийнхүү тус тусдаа 500 саяыг нэхэмжлэх аж. 

Тэгвэл 500 сая нэхэмжлэгч дараагийн хүн бол Амай буюу Ж.Золбаяр. Тэрээр, сэтгүүлч Н.Өнөрцэцэгээс 500 сая төгрөг нэхэмжилж, шүүхэд хандана, гэжээ.

Ингэхдээ "Монголын хамгийн олон дагагчтай гэх Зариг намайг хар тамхичин гэж худал гүтгнэ, олон нийтэд итгүүлэхийн тулд миний зургийн ард зүү, цагаан нунтагтай зураг байршуулсан мэдээлэл тавьж байсан. Би бас Өнөрөөгөөс 500 сая төгрөг нэхэмжилнэ" гэжээ. 

Тэгвэл дээрх иргэд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа багагүй хэмжээний нэхэмжлэлийн хураамж төлөх шаардлагатай тулгарна. Өөрөөр хэлбэл, багагүй хэмжээний мөнгөтэй байж гэмээнэ шүүхэд нэхэмжлэл гаргана гэсэн үг. 

Монгол Улсын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд хураамжийг шатлалаар тооцдог. 13,000,001 төгрөгөөс дээш үнийн дүнтэй нэхэмжлэлд хураамжийг бодохдоо: 222,950 төгрөг дээр 13,000,000 төгрөгөөс давсан дүнгийн 0.5 хувийг нэмж тооцдог. 

Эндээс дүгнэж үзвэл, 500 сая төгрөг нэхэмжилж байгаа хүн 222,950 төгрөг дээр нэмэх нь 500 саяын 0,5 хувь болох 2,5 саяыг нэмээд 2 722 950 төгрөг төлнө гэсэн үг. Үүн дээр нэмээд өмгөөлөгчийн зардал багадаа 5-6 саяар яригдана. Ингэснээр хамгийн багадаа10 сая орчим төгрөгтэй хүн ийнхүү нэгнээсээ 500 сая төгрөг нэхэмжилж, шүүхдэх нь...

Нэгнээсээ 500 сая төгрөг нэхэмжилдэг энэ мода цаашид ч үргэлжилж мэдэхээр байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.