Оюутолгой компанид гарч буй ослын тоо нэмэгдэж буй шалтгаан юу вэ?

Оюутолгой компанид гарч буй ослын тоо нэмэгдэж буй шалтгаан юу вэ?

Энэ сарын 29-ний өдрийн 18:00 цаг орчимд Оюутолгой компанийн гүний уурхайд осол гарч 15 ажилтан бэртэж гэмтсэн. Тус компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх хэвлэлд өгсөн ярилцлагадаа: 

"13 ажилтны бие сайн, үлдсэн 2 ажилтанг Интермед эмнэлэгт хот руу шилжүүлэн эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байгаа" гэж тайлбар өгсөн . 

Харин 10-р сарын 30-ны өдөр Оюутолгой компанийн цахим хуудасдаа 13 ажилтан эмнэлгийн хяналтаас гарсан гэж мэдээлжээ. 

3cb01751c0744f8999961e3874afd167

Гэвч энэ осол зөвхөн нэг удаагийн осол биш юм байна. Өмнө нь буюу долоо хоногийн өмнө мөн осол гарч, нэг ажилтан дотор эрхтэн гэмтсэн тухай эх сурвалж бидэнд мэдээлэл өгсөн юм. Улмаар тухайн ажилтан элгээ тайруулж, бөөр солиулах хэмжээнд хүрсэн гэх мэдээлэл ч бий. 

Гэвч Оюутолгой компани уг ослын талаар огт мэдээлээгүй бөгөөд нуун дарагдуулсан байх магадлалтай байгаа юм. 

Ер нь ч дээрх хоёр удаагийн ослыг нийлүүлээд Оюутолгой компанид ойрын үед осол болох давтамж нэмэгдсэн байна. 

Тус компанийн гаргасан тайланд, гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт нь энэ оны эхний 2 улиралд зорилтот түвшингээсээ 3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

Тодруулбал, осол, гэмтлийн давтамжийн үзүүлэлт 2025 оноос тасралтгүй өссөн. 2025 оны 1-3-р улиралд 0.14-0.22 хувь болж өссөн байна. Улмаар 2026 оны 1-р улиралд 0.34, 2-р улиралд 0.33 хувь буюу зорилтот түвшингээс /0.27/ огцом өссөн хувьтай өндөр гарчээ. Үүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тус компанийн зүгээс мэдэгдээгүй байна. 

2423fce5f4bc44a285521edc1d631dea

Оюу толгой компанийн уурхайн хэсэгт үндсэн болон гэрээт компаниудын нийт 17,000–20,000 орчим ажилтан ажиллаж байгаагаас 97.6 хувийг Монгол ажилчид бүрдүүлдэг. Үүнээс 24.5 хувь нь эмэгтэй, 24.5 хувь нь орон нутгийн ажилчид байна. 

28038002b33d44abb87d1084e63fc0b5

Дээрх ослын талаар бид Цагдаагийн ерөнхий газраас тодруулсан боловч орон нутгийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа гэх мэдээллийг өгсөн юм. 

Харин энэ долоо хоногийн эхэнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны шуурхай хуралдаанаар Оюутолгойн гүний уурхайд уулын даралтын улмаас нуралт үүсэж, улмаар далд уурхайн +1300 олборлолтын түвшний штрек малталтад чулуулгийн нуралт болсны улмаас чичирхийллийн бүсэд ажиллаж байсан 15 ажилтан өртсөн үйлдвэрлэлийн осолд шалгалт хийсэн тухай танилцуулжээ. Гүний уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа нэр бүхий 4 ААН-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг зөрчсөн байж болзошгүй үндэслэлээр зөрчлийн хэрэг нээн шалгаж байгааг танилцуулсан байна.

 Урьдчилсан дүгнэлтээр ослын үед уул уурхайн инженерүүд шуурхай арга хэмжээ авч ажилласнаар хүний амь нас эрсдэхээс сэргийлж чаджээ. Мөн гүний уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа нэр бүхий дөрвөн аж ахуйн нэгжид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг зөрчсөн байж болзошгүй үндэслэлээр зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Оюутолгойн гүний уурхайд гарсан ослын дүгнэлт энэ долоо хоногийн лхагва гарагт гарах товтой байна.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.