Монголбанкны шийдвэрээр санхүүгийн хүндрэлд орсон иргэд зээлийн хугацаагаа 48 сараар хойшлуулах боломжтой боллоо
Монголбанкны шийдвэрээр санхүүгийн хүндрэлд орсон иргэд зээлийн хугацаагаа 48 сараар хойшлуулах боломжтой боллоо
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хуралдааны шийдвэрийг өнөөдөр танилцууллаа. Банкны салбарын зохистой харьцааны үзүүлэлтүүд Монголбанкнаас тогтоосон шаардлагыг хангаж байгаа ч зээлийн зарим хэсэг, хэрэглээний зээлд эрсдэл хэвээр байна. Үнийн өсөлт бусад шалтгаанаар олон айл өрхийн бодит орлого буурсан байна.
Тухайлбал,
өр, орлогын хязгаарлалтад хамаарах хэрэглээний зээлийн чанаргүй зээлийн хувь 2026 оны 9-р сард 9.1 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.7 нэгж хувиар өссөн байна. Ингэснээр банк болон банк бус санхүүгийн байгууллагаас олгох хэрэглээний зээлийн зохицуулалтын ялгаатай байдал нь иргэд олон байгууллагаас зэрэг зээл авах, цаашлаад нийт өрийн дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй болжээ.
Тиймээс санхүүгийн хүндрэлд орсон иргэд зээлийнхээ нийт хугацааг 48 сар хүртэл уртасгаж сарын төлбөрөө бууруулах шийдвэрийг Мөнгөний бодлогын хороо гаргасан байна.
Тодруулбал цалингийн, малчны, автомашины зээл зэрэг өр орлогын хязгаарлалт хамаарагдах зээлүүдэд нэмэлт зээл олгохгүйгээр бүтцийн өөрчлөлт хийх тохиолдолд зээлийн нийт хугацааг 48 сар хүртэл хугацаагаар сунгах шийдвэр гаргажээ.
Хугацаа уртасахын хэрээр нийт төлөх хүү нэмэгдэнэ. Тиймээс энэ боломж бодитой хүндрэлд орсон зээлээ төлөхөд бэрхшээлтэй иргэдэд тохиромжтой юм.
Энэ зохицуулалтад хамрагдахад иргэд өөрсдөө зээл авсан банкандаа хандан хүсэлтээ гаргана. Банк тухайн иргэний санхүүгийн нөхцөл байдлыг холбогдох журмын дагуу үнэлэн бүтцийн өөрчлөлт хийх эсэхийг шийднэ. Шаардлагатай бол бүтцийн өөрчлөлтийг нэг сараас илүү хугацаанд хийж болно. Гэхдээ нийт хугацаа нь 48 сараас хэтрэхгүй юм. Өнөөдрөөс тус шийдвэр Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар албажиж маргаашаас банкуудад хэрэгжиж эхэлнэ.
Энэ бүтцийн өөрчлөлтөд банкууд зээлийн хүүг нэмэгдүүлэхгүй, шинэ зээл үүсгэхгүй зөвхөн санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчдэд зориулсан зорилтот арга хэмжээ юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.