Б.Найдалаа: Энэ өвөл 300 кВатт эрчим хүч импортолж авна. ТЭЦIII-ийн турбыны засвар энэ онд багтаж дуусахгүй

Одоогийн байдлаар дулааны цахилгаан станцууд дээр нийт 20 зууханд засвар хийхээс 9-ийг нь бүрэн дуусгаад байна. Үлдсэн 11 зуухны засварын ажил 35-аас 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа юм. Мөн засварт орох ёстой 12 турбин генераторын 8-ыг нь засаж дуусгасан бол үлдсэн 4 турбины ажил 80-аас 85 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Эрчим хүчний салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил дунджаар 79 хувьтай, батлагдсан хуваарийн дагуу хэвийн үргэлжилж байгаа бөгөөд удахгүй 100 хувьд хүрч дуусна. Ирэх өвлийн тухайд иргэдийн дунд цахилгаан хязгаарлах эсэх талаар хүлээлт их байна. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор ирэх өвөл Монгол Улсын эрчим хүчний оргил ачаалал 1956 МВт хүрэх төлөвтэй байгаа юм. Манай улсын суурилагдсан хүчин чадал 1836 МВт бөгөөд хамгийн хүйтэн өдрүүдийн оргил цагаар үүсэх ачааллыг давахын тулд дотоодын станцуудаас 1410 МВт, салхины эх үүсвэрээс 30 МВт, уснаас 5 МВт, нарны эх үүсвэрээс 150 МВт-ыг тус тус гаргахаар төлөвлөж байна. Үлдэгдэл 350 орчим МВт-ын дутагдлыг бид урд болон хойд хөршөөсөө импортоор авахаас өөр аргагүй. Эрчим хүчний найдвартай байдлыг хангах үүднээс саяхан БНХАУ-аас 80 МВт хүртэл эрчим хүч импортлох боломжтой хуваарилах байгууламжийг ашиглалтад оруулж, гэрээг нь байгуулан туршилтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Шаардлага гарсан тохиолдолд урд хөршөөс нэмэлт эрчим хүч авахад бэлэн болсон бөгөөд ОХУ-аас авдаг хэмжээгээрээ импортоо үргэлжлүүлэн авна. ДЦС-3 дээр өнгөрсөн жил гарсан осолтой холбоотойгоор 9 дүгээр зуухны засварын ажил үргэлжилж байгаа бөгөөд 2028 оны хоёрдугаар сард ашиглалтад орохоор байна. Харин 7 дугаар турбин генераторын засвар 12 дугаар сарын 15-нд дуусна. Мөн тус станцын 5 дугаар турбин генераторын ашиглалтын хугацаа 2021 онд дуусаж, акт гарсан байсныг өнөөдрийг хүртэл ашиглаж ирсэн. Үүнийг зогсоож, шинэчлэхэд зориулж ирэх оны төсөвт 37 тэрбум төгрөг тусгалаа. Түүнчлэн ОХУ-тай хамтран ДЦС-3-ыг 300 МВт-аар өргөтгөх зураг төслийн гэрээг байгуулсан бөгөөд тун удахгүй албан ёсоор гарын үсэг зурна. ДЦС-4-ийн тухайд Хөгжлийн банкны зээлээр 100 МВт-ын хүчин чадалтай 10 дугаар зуухыг шинээр барихаар төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод дулааны эрчим хүчний дутагдалтай байгааг нуухгүй. Станцууд маань үндсэн хүчин чадлаасаа 50 хувиар илүү ачаалалтай ажиллаж байгаа нь эрсдэлтэй төдийгүй дулааны чанарт сөргөөр нөлөөлдөг. Нийслэлийн өргөжин тэлэлт, орон сууцжуулалтыг дэмжихийн тулд дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Тиймээс ДЦС-5, ДЦС-6 болон Амгалан дулааны станцын өргөтгөлийн ажлуудыг эхлүүлж байна. Шаардлагатай бол ДЦС-7-г ч барих асуудлыг тооцож байгаа. Ирэх оны төсөвт ДЦС-5 болон ДЦС-6-г төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх хөрөнгийг тусгасан. Төгсгөлд нь хэлэхэд, зарим гишүүдийн зүгээс "8-9 турбин зуух дэлбэрэх гэж байна" гэх мэт ямар ч үндэслэлгүй, ташаа мэдээлэл хийж байгаад харамсаж байна. Эрчим хүчний салбарт олон мянган инженер, техникийн ажилтнууд ажиллаж байгаа. Тоног төхөөрөмжүүд хуучирсан хэдий ч бид боломжит хэмжээгээр засвар үйлчилгээг нь хийж, бүрэн хяналтдаа байлгаж байна. Монгол Улсын эрчим хүчний салбар өвөлжилтийн бэлтгэлээ төлөвлөгөөний дагуу бүрэн хангаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.