Ардын Уран Зохиолч Т.Галсан: Тэнгэрт мандах нар хүнийг гаднаас нь гэрэлтүүлдэг бол ном хэмээх нар хүний зүрх тархийг дотроос нь гийгүүлдэг

40 дэх удаагийн номын баяр Сүхбаатарын  талбайд болж байна. Энэ үеэр бид Ардын уранзохиолч Тангадын Галсан баавайтай цөөн хором хөөрөлдлөө. Тэрээр номны тухай, ном уншихуйн тухай хүүхэд залуус богино сургаалиа хайрласаныг хүлээн авна уу.

Ардын уранзохиолч Тангадын Галсан:

-Намрын сайхан өдөр номын баяртаа ирээд сууж байна. Энэ удаад 500 жилд ганц төрөх аугаа их эрдэмтэн, зохиолч Бямбын Ренчин багшийн хэлсэн алтан мөхлөг үгс, хошин шог яриануудыг багтаасан "Аугаа шогч Ренчиний Аянгын егөө үгс" хэмээх хоёр боть номоо толилуулж байна. Энэхүү бүтээлийг монгол бичиг болон кирилл үсгээр зэрэгцүүлэн хэвлэсэн нь хүүхэд залууст бичиг үсэг сурах гарын авлага болохоос гадна үг бүр нь утга оносон, уншихад урамтай, инээд бэлэглэх өгөөжтэй бүтээл юм.

Мөн "Бэлгэ үг" хэмээх гурван боть номоо авчирлаа. Дорно дахинд "Хятад хүн гарын бэлэг, монгол хүн амны бэлгэ өгдөг" гэж ярьдаг бөгөөд аль аль нь хүнийг баясгадаг. Гэхдээ материалын бэлэг дороо дуусдаг бол амны бэлгэ буюу ерөөлийн үг хүний заяа төөргийг гэрэлтүүлж, уй гунигийг үргээх шидтэй.

Жишээ нь, хагацал үзсэн айлд ороод гуниглаж суухын оронд "Буянтай буурал минь бурхны оронд заларч, эрдэнэт төрлийг олоод эргэж удамдаа ирэх нь" хэмээн ерөөхөд хүний сэтгэлийн зовлон нимгэрдэг. Ийм л өгөөжтэй, халаасандаа авч явахад авсаархан номууд юм.

Үүнээс гадна эрдэмтэн, дипломатч Дүүжигийн туурвисан "Тангадын Галсан" хэмээх судалгааны томоохон бүтээл байна. Урьд цагт намайг төр засгийн эсрэг зохиол бичсэн гэж хавчиж, хил гаалийн үнэрч нохой шиг шиншилдэг байсан бол өдгөө миний бүтээлийн үгсийн сан, утга агуулгыг Монголын төдийгүй Оросын нэрт эрдэмтэд, дипломатчид шимтэн судалж, өгүүлэл бичих болжээ. Энэхүү ном нь миний уран бүтээлийн замналыг шинжлэх ухааны үндэстэйгээр тайлбарласан чухал ач холбогдолтой бүтээл юм.

Харин хүүхдийн эннэ байна. Хүүхдийн ном гэдэг том хэмжээтэй, өнгө үзэмжтэй байх ёстой. Хүүхэд номоо хайрлаж, өмчилдөг болоход зураг чимэглэл, хэвлэлд их үүрэгтэй. Би хүүхдийн номондоо цөөн үгтэй, олон хэл дээрх тайлбартай байх зарчмыг баримталдаг.

Нэг нүүрэнд 40-50 мөр биш, ердөө наймхан үг байхад хүүхэд түүнийг хурдан уншиж дуусгаад "Би ийм том ном уншчихлаа" гэх бахархлыг мэдэрдэг. Энэ нь хүүхдийг номд дуртай болгох хамгийн том хөшүүрэг болдог.

Монголчууд бол дэлхийн номт таван үндэстний нэг юм. Энэтхэгийн Ганжуур, Данжуур эх орондоо бүрэн байхгүй байхад нүүдэлчин монголчууд тэмээний бөхөн дээр тээж яваад бүрэн эхээр нь хадгалж үлдсэнийг дэлхийн эрдэмтэд гайхдаг.

Америкийн элчин сайд асан Жонатан Эддлтон хүртэл Монголын байгаль, амар амгалан байдал болон "Ертөнцийн гурав"-ын гүн ухааныг дэлхийд өөр хаана ч байхгүй гайхамшиг хэмээн үнэлсэн байдаг. Энэхүү гүн ухаан бол ард түмний цээжинд гэрэл болох учиртай.

Номын баярыг анх санаачилсан Г.Занданшатар даргад талархах хэрэгтэй. Өдгөө энэ баяр эх орон даяар дэлгэрч байна.

Тэнгэрт мандах нар хүнийг гаднаас нь гэрэлтүүлдэг бол ном хэмээх нар хүний зүрх тархийг дотроос нь гийгүүлдэг.

Бид эвдрэхдээ хуваахын хүрд, эвлэхдээ үржүүлэхийн хүрд болдог ард түмэн. Тиймээс номын буянаар эв эетэй байж, эх орноо өөд нь татах ухаарлыг залуу дүү нартаа дамжуулан хэлье.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.