Х.Амантай: Казахууд булшийг усанд автахаас их цээрлэдэг. Тийм учраас булш бунхныг дэнж газар тавьж гадуур нь хашаалдаг
Буяны зан үйлийн холбоо, МУИС-ийн Түүхийн тэнхим, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголчуудын оршуулгын зан үйл: уламжлал, орчин үе, чиг хандлага” 7 дахь удаагийн эрдэм шинжилгээний хурал боллоо.
Монголын Казахуудын оршуулгын зан үйлийн талаар илтгэл тавьсан Х.Амантай:
Казах түмний оршуулгын зан үйл нь нэг талаас исламын шашны итгэл үнэмшил, нөгөө талаас нүүдэлчин соёлын уламжлал дээр тулгуурласан хосолмол шинж чанартай байдаг. Энэхүү зан үйл нь өөрийн гэсэн хатуу тогтсон ёс жаягтай бөгөөд үүнийгээ өнөөг хүртэл чандлан баримталж ирсэн онцлогтой.
Оршуулгын газрыг сонгохдоо хамгийн түрүүнд ус тогтдоггүй, чийг багатай дэнж маягийн өндөрлөг газрыг сонгож хашаалдаг.
Казах түмэн булш бунхан усанд автахыг ихэд цээрлэдэг тул уулын энгэр, ус зайлуулах боломжтой байршлыг эрхэмлэдэг байна.
Энэ нь зөвхөн шашны зан үйлээс гадна байгалийн хүчин зүйл, мал амьтны хөлөөс сэргийлэх нүүдэлчдийн амьдралын ухаантай холбоотой юм. Талийгчийг хаана нутаглуулах тухай шийдвэрийг тухайн гэр бүлийн ахмадууд хэлэлцэж гаргадаг. Хэрэв талийгч амьд ахуйдаа гэрээслэл үлдээсэн бол түүний хүсэлтийг нэн тэргүүнд тавьдаг.
Орчин үед өвөг дээдэс, төрөл садангийнх нь оршуулгын газартай ойрхон нутаглуулах зарчим давамгайлж байна. Энэ нь өвөг дээдсийн сүнс сүлдтэй нэгдэх гэсэн хамтын сэтгэлгээний илрэл бөгөөд яваандаа тодорхой бүс нутагт ургийн оршуулгын газар бий болох үндэс болдог. Түүхийн явцад нэр хүндтэй, нийгмийн өндөр байр суурьтай хүмүүст зориулж бунхан барих уламжлал байсаар ирсэн.
Булшийг хашаалах нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, зэрлэг амьтан, мэрэгчид булшийг сүйтгэхээс хамгаалдаг.Хоёрдугаарт, мал амьтны хөлөөс зайдуу байлгах зорилготой. Зарим тохиолдолд хашаа барих боломжгүй бол ус зайлуулах суваг, шуудуу татах зэргээр хамгаалалтын арга хэмжээ авдаг байна.
Угсаатны бүлгүүдийн хооронд үүсдэг үл ойлголцол нь ихэвчлэн бие биеийнхээ соёлын онцлог, итгэл үнэмшил, уламжлалт зан үйлийг гүйцэд таньж мэдээгүйгээс үүдэлтэй байдаг. Иймд өөр өөрийн өвөрмөц соёлыг харилцан хүндэтгэж, танин мэдэх нь нийгмийн харилцаанд чухал ач холбогдолтой юм.
МУИС-ийн түүхий тэнхимийн эрхлэгч П.Дэлгэрсайхан:
1990-ээд оноос хойш Монгол Улсад оршуулгын зан үйлийн салбар төрийн зохицуулалтгүй, урсгалаараа явж ирлээ. Өнөөдрийг хүртэл энэ харилцааг зохицуулах бие даасан хууль байхгүй байна. Уг нь дэлхийн улс орнууд өөрсдийн уламжлал, орчин үеийн чиг хандлагадаа нийцүүлэн энэ асуудлыг төрөөсөө хуульчлан зохицуулдаг жишигтэй. Бид оршуулгын тухай хууль зайлшгүй хэрэгтэй байгааг олон жил ярьсан боловч УИХ-аар хэлэлцэгдэж шийдэгдэхгүй өдийг хүрлээ.
Оршуулгын зан үйлд түүхэн болон нийгмийн хүчин зүйлс ихээхэн нөлөөлж ирсэн. Социализмын үед Зөвлөлтийн загварыг дагадаг байсан бол шашин дэлгэрснээр ил тавих зан үйл сэргэж, монголчуудын оршуулгын соёлд томоохон өөрчлөлтүүд гарсан. Одоо яг аль нь жинхэнэ монгол зан үйл вэ гэдэг нь тодорхойгүй, холимог байдалтай болчихоод байна. Тиймээс эрдэмтэн судлаачид маань монгол зан үйлийн мөн чанарыг тодорхойлж, иргэдэд зөвөөр таниулах шаардлагатай байгаа юм.
Өнөөдөр дэлхий нийтээрээ "эко" буюу байгальд ээлтэй оршуулгын хэлбэрийг чухалчилж байна. Бид ч гэсэн энэ хандлагыг дэмжиж, ард иргэддээ зөвөөр ойлгуулах хэрэгтэй. Хэтэрхий том хөшөө дурсгал, байгууламж барих нь яваандаа нутаглах газаргүй болох эрсдэлийг дагуулдаг. Улаанбаатар хотын "Далан давхар"-ын оршуулгын газар үүний тод жишээ юм. Хотынхоо салхин талд, хүн амын суурьшлын бүсэд ийм том оршуулгын газартай байсан нь аюулгүй байдал, хөрсний бохирдол талаасаа маш их сөрөг үр дагавартай байсан.
Манайд оршуулгын газрын арчилгаа, үйлчилгээ гэдэг зүйл ерөөсөө байхгүй. Талийгаачийг нутаглуулсны дараа эргэж тойрохгүй хаях тохиолдол их байна.
Гэтэл барууны орнуудад оршуулгын газар нь маш цэгцтэй, арчилгаатай, хүндэтгэлтэй байдгийг бид мэднэ. Бид ч гэсэн энэ жишиг рүү дөхөж, талийгаачдаа хүндэтгэлтэй ханддаг, дараа нь арчилж хамгаалдаг соёлд суралцах ёстой. Эдгээр асуудлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон "Буяны зан үйлийн холбоо" зэрэг мэргэжлийн байгууллагууд хөндөн тавьж байгаа. Тэдний зүгээс судлаачдад хандаж, өөрчлөгдөж буй зан үйлийг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлж өгөхийг хүссэн. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд бид оршуулгын зан үйлийн асуудлаарх хэлэлцүүлгийг долоо дахь удаагаа зохион байгуулаад байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.