С.Шаарийбуу: Монголын ард түмэн, Монгол төрийн өмнө "уучлаарай" гэдэг ганцхан үгийг л хэлүүлэх гэж би өнөөдрийг хүртэл явж байна

С.Шаарийбуу: Монголын ард түмэн, Монгол төрийн өмнө "уучлаарай" гэдэг ганцхан үгийг л хэлүүлэх гэж би өнөөдрийг хүртэл явж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуутай уулзаж, хэргийн явц болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа.
Малайзын Холбооны шүүхийн ээлжит хурал ирэх сарын 27-нд болохтой холбогдуулан Монголын парламентын төлөөлөгчид Малайз, Австралийн Холбооны Улсын парламентын төлөөлөгчидтэй уулзаж, шүүхийн шийдвэр шударга, үнэн зөв гарахад дэмжлэг үзүүлэх боломжийн талаар санал солилцлоо
 

Охин минь авч өгсөн энэхүү хослолыг би 20 жилийн турш өмсөж байна. Амьдралын хатуу хүтүүг туулж явахад ийм л зүйл тохиолддог юм байна. Миний охин энэ хэргийн улмаас харамсалтайгаар амиа алдсан бөгөөд түүний хоёр хүү үлдсэнээс нэг нь 15 насандаа бурхан болсон. Бага хүү нь хоёр настай үлдэхэд би "ээж нь ирүүллээ" хэмээн баяр болгоноор хуурамч бэлэг өгч, 12 жилийн турш хуурч ирлээ.

Энэхүү хэргийн үнэн мөнийг тогтоохын тулд би Малайз улс руу 18-19 удаа явж, шүүх хуралд мэдүүлэг өгүүлэхээр 76 гэрчийг хоёр удаа авч очсон. Одоо ирэх 10 дугаар сарын 27-ны өдөр болох шүүх хурал бол миний хувьд хамгийн сүүлчийн боломж, хамгийн ач холбогдолтой мөч юм.

Хэрэв энэ удаад л алдах юм бол дахин заргалдах эрхгүй болж, сүүлийн 20 жилийн хөдөлмөр талаар өнгөрөх гээд байна. 

Үүгээр бүх зүйл дуусна, дахин өргөдөл бичих, заргалдах газар үлдэхгүй. Гэм буруутай этгээдүүд ялыг нь эдлэх ёстой. Захиалагч нар ямар нэгэн хэмжээгээр буруугаа хүлээх учиртай.

Миний бие хэн нэгнээс хариу авч, өшөө хонзон санахыг урьтал болгоогүй. Хамгийн гол нь Монголын ард түмэн, Монгол төрийн өмнө "уучлаарай" гэдэг ганцхан үгийг л хэлүүлэх гэж би өнөөдрийг хүртэл явж ирсэн.

УИХ-ын гишүүн П.Номинчимэг Танзани улсад болох Олон улсын парламентын холбооны хуралд оролцох үеэрээ Австралийн парламентын дарга болон Малайзын парламентын төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд УИХ-ын даргаас албан ёсны бичиг илгээж, Монгол Улсын иргэний асуудалд анхаарал хандуулж, ач холбогдол өгөхийг хүссэн чиглэл өгч явуулахаар боллоо.

Мөн УИХ-ын гишүүн Г.Үүрийнтуяа Бээжин дэх Монгол Улсын Элчин сайдтай уулзаж, энэ асуудлаар хамтран ажиллахаар болсон байна. Ирэх 10 дугаар сарын 27-нд болох шүүх хуралд оролцоход төр засгаас тодорхой дэмжлэг үзүүлэхээр болсонд талархаж байна. Би өөрийн зүгээс бүхий л боломжоороо хичээх болно. Баярлалаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.