Б.Ганзориг: Баруун аймгуудад гарсан гоц халдварт өвчний үеэр хийсэн яаралтай дархлаажуулалтын 3 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдоогүй байна
Монголын Үндэсний Мал эмнэлгийн холбоо болон нийт малын эмч нарын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийж, салбарын хэмжээнд тулгамдаад буй санхүүжилт, бүтэц тогтолцооны асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Монгол Улсын Ерөнхий малын эмч нарт албан шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
Монголын үндэсний мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганзориг:
Монгол Улсын Ерөнхий сайдад өргөх бичиг барихаар төлөвлөж байна. Өнөөдөр малын эмч нар хөдөлмөрөө бодитоор үнэлүүлж чадахгүй байна. Төрөөс байгуулсан гуравласан гэрээний заалтууд хэрэгжихгүй байгаагаас малын эмч нар хувийн хөрөнгөөрөө, зээл тавин төрийн ажлыг гүйцэтгэж байна. Энэ оны нэгдүгээр сард хийсэн тайван жагсаалын үр дүнд гэрээгээ шинэчилж, тарилга үйлчилгээ явуулахын өмнө санхүүжилтийн 70 хувийг урьдчилгаа болгон авахаар заасан боловч энэ заалт өнөөдрийг хүртэл биелэхгүй байна.
Одоогийн байдлаар зүүн, говь болон төвийн аймгуудад шүлхийн эсрэг яаралтай дархлаажуулалт хийгдэж байгаа ч ямар ч урьдчилгаа санхүүжилт олгогдоогүй. Малын эмч нар бүгд өөрсдөөсөө мөнгө гаргаж, өр зээл тавин ажиллаж байна.
Өнгөрсөн оны өр болох 17.3 тэрбум төгрөгийг өвлийн жагсаалын дараа олгосон ч бруцеллёзын тандалт, зарим аймгуудын үйлчилгээний хөлс болох 1.3 тэрбум гаруй төгрөг одоог хүртэл олгогдоогүй байна. Мөн баруун аймгуудад гарсан гоц халдварт өвчний үеэр хийсэн яаралтай дархлаажуулалтын 3 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт 2-3 сараар саатаад байна.
Бид салбарын удирдлагуудад дараах таван үндсэн шаардлагыг хүргүүлж байна:
Нэгдүгээрт, 2024 болон 2025 оны үлдэгдэл санхүүжилтийг нэн даруй бүрэн барагдуулах.
Хоёрдугаарт, 2026 оны гүйцэтгэсэн ажлын хөлсийг тухайн төсвийн жилд нь багтаан олгож, өр төлбөрийг дараагийн жил рүү шилжүүлдэг байдлыг таслан зогсоох.
Гуравдугаарт, мал эмнэлгийн үйлчилгээний тарифыг шатахуун, тээвэр, хөдөлмөрийн хөлс, инфляцын бодит өсөлттэй уялдуулан шинэчилж, тогтмол индексжүүлдэг механизмтай болох.
Дөрөвдүгээрт, гуравласан гэрээний дагуу үнийн дүнгийн 70 хувийг ажлын өмнө урьдчилгаа хэлбэрээр олгодог тогтолцоог нэвтрүүлэх. Урьдчилгаа олгогдоогүй нөхцөлд малын эмч нараас өөрийн хөрөнгөөр ажил гүйцэтгэхийг шаардахгүй байхыг хүсэж байна.
Тавдугаарт, мал эмнэлгийн нэгдсэн удирдлага, мэргэжлийн бие даасан байдлыг сулруулах хуулийн өөрчлөлт хийхийг зогсоох. Аймгийн мал эмнэлгийн газруудыг орон нутгийн удирдлагад шилжүүлэх нь халдварт өвчинтэй тэмцэх нэгдсэн бодлогыг алдагдуулж, эрсдэл дагуулна гэж үзэж байна.
Бид шинэчлэлийг эсэргүүцээгүй, харин санхүүжилтийн доголдлыг бүтцийн доголдол болгон тайлбарлаж, тогтолцоог сулруулахыг эсэргүүцэж байгаа юм. Орон нутагт шатахууны үнэ 20-30 хувь нэмэгдсэн байхад нэг үхэр тарих үйлчилгээний хөлс 1000 төгрөг байгаа нь дэндүү хангалтгүй байна. Дэлгүүрт модтой чихэр 1400 төгрөг байхад хагас зэрлэг үхрийг хоёр хүнээр бариулж тарих үйлчилгээ ийм үнэлгээтэй байгаа нь бодит байдалд нийцэхгүй.
Энэхүү шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор албан ёсны хариу ирүүлэхийг шаардаж байна. Хэрэв тодорхой шийдэлд хүрэхгүй бол бид дараагийн шатны арга хэмжээ болох ажил хаялт, тайван жагсаалыг орон даяар зохион байгуулах болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.