Иргэд: Монгол орны цөлжилт утгаа алдсан. Сүүлдээ зун ч болохоо больсон байна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) ирэх наймдугаар сарын 17-ноос 28-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан иргэдийн байр суурийг тодрууллаа.
Иргэд:
Өмнөговь нутгийн хүний хувьд байгаль орчны доройтол, цөлжилтийн аюулыг биеэрээ мэдэрч, сэтгэл зовж явдаг. Өмнө нь зөвхөн говийн бүсэд яригддаг байсан цөлжилт одоо Сэлэнгэ зэрэг хангайн бүсийн нутгуудад ч илт мэдрэгдэх боллоо. Тухайлбал, байгалийн сайхан бүрдсэн Сэлэнгэ аймгийн зарим хэсэг өнөөдөр улаан элс болон хувирч байгаа нь харамсалтай. Миний бага насанд зун болоход цэцэг ногоо дэлгэрч, дөрвөн улирал тодорхой ялгардаг байлаа. Гэтэл одоо цаг агаар тогтворгүй болж, зун, өвлийн улирал ч өмнөх шигээ байхаа больжээ.
Дэлхийн дулаарал, усны хомсдолоос үүдэн гол горхи ширгэж, зургаадугаар сар гарахад л царцаа, шавж ихсэх зэргээр байгалийн тэнцвэр алдагдаж байгаа нь хөдөө орон нутагт явахад тодорхой харагддаг. Байгаль орчны энэхүү доройтолд хүний хүчин зүйл, тэр дундаа уул уурхайн салбарын нөлөө их байна. Уул уурхайн компаниуд нөхөн сэргээлтийг стандартын дагуу, утгаар нь хийдэг бол байгаль өөрөө эргэн сэргэх боломжтой. Гэвч өнөөдөр зохистой уул уурхай, бодит нөхөн сэргээлт дутагдаж байгаа нь нутаг орныг минь улам бүр доройтуулж байна.
Төрөөс хэрэгжүүлж буй "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн нь цагаа олсон, оновчтой ажил гэж боддог. Гэхдээ зөвхөн мод тариад орхих биш, цаашид арчлах, услах, ургуулах асуудалд тууштай анхаарах нь чухал юм. Ингэж байж л бид цөлжилтийн эсрэг бодитой тэмцэж чадна.
Өнөөдрийн байдлаар Монгол орны нийт нутгийн 76-80 орчим хувь нь цөлжилтөд өртөөд байна. Энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) ирэх наймдугаар сарын 17-ноос 28-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна. Энэ нь манай улсын хувьд байгаль орчноо хамгаалах, олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх чухал алхам болох юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.