COP16-COP17 хүртэлх замыг холбосон торгоны замын цуваа Монголд ирлээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг угтан "Торгоны замын жингийн цуваа" олон улсын аялал Монгол Улсад үргэлжилж байна.
Энэхүү аялал нь Саудын Арабт болсон COP16-г Улаанбаатар хотод болох COP17-той холбох, бэлчээр ашиглалт болон газрын нөхөн сэргээлтийн чиглэлээрх улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм. Монгол Улсын санаачилгаар НҮБ-аас 2026 оныг "Олон улсын бэлчээр ба нүүдэлчин малчдын жил" болгон зарласан нь энэхүү арга хэмжээний ач холбогдлыг улам нэмэгдүүлж байна.
Өнгөрсөн тавдугаар сард Турк улсаас хөдөлсөн цуваа ОХУ, Узбекистан, Казахстан, Киргизстан, Хятад улсуудаар 6000 гаруй км зам туулан Монголд ирлээ. Аяллын багт малчид, эрдэмтэд, бодлого боловсруулагчид болон кино уран бүтээлчид багтсан бөгөөд тэд бэлчээрийн доройтол, ган зуд, уур амьсгалын өөрчлөлт зэрэг малчдад тулгарч буй нийтлэг сорилтуудыг судалж, харилцан туршлага солилцож байна.
Монгол дахь аялал наймдугаар сарын 9-нд эхэлж Дундговь, Төв, Архангай, Өвөрхангай, Булган аймгуудын нутгаар үргэлжилнэ. Энэ хугацаанд нүүдлийн мал аж ахуйн уламжлалт мэдлэг, бэлчээрийн тогтвортой менежментийн сайн туршлагыг сурталчлахын зэрэгцээ Орхоны хөндий зэрэг соёлын биет болон биет бус өвүүдийг баримтат кинонд мөнхлөх юм.
Дэлхийн хуурай газрын тал гаруй хувийг эзэлдэг бэлчээрийн 50 орчим хувь нь өдгөө доройтолд ороод байна. Улаанбаатар хотод болох COP17 хурлаар 197 орны төлөөлөгчид цуглаж, газрын нөхөн сэргээлт, хүнс, усны аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ. "Торгоны замын жингийн цуваа" нь уламжлалт нүүдэлчин ухааныг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулан цөлжилттэй тэмцэх боломжтойг дэлхий нийтэд харуулах чухал ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.