#COP17: Гурван өөр улсын гурван малчны тулгамдсан асуудал-Газар нутаг, бэлчээр...
НҮБ-ын цөлжилтийн эсрэг конвенцийн талуудын 17-р бага хурал 3 дахь өдрөө Улаанбаатар хотод хүргэлжилж байна. Бид энэ удаад гурван өөр улсын гурван өөр малчны тулгамдсан асуудлыг тодрууллаа. Тэд бүгд Монгол, Гана, Кени гэх өөр өөр улсынх боловч хотжилт, уул уурхайн хөгжлөөс үүдэн тулгамдаж байгаа асуудал нь нэг байх ажээ. Тэдний яриаг хүргэе.
Гана Улсын малчин Иветт Адамс: Гана Улсын малчдых хувьд тулгарч буй гол бэрхшээл бол малчдыг дарамтлах, мал сүргийг нь буудан устгах явдал
-Намайг Иветт Адамс гэдэг. Би Гана Улсын малчин эмэгтэй. Тийм ээ, би Фулани уугуул иргэдийн нийгэмлэгийг төлөөлж байна.
COP17 хэр явагдаж байна гэж та бодож байна?
COP ерөнхийдөө сайн, хэвийн явагдаж байна. Юуны өмнө Монгол Улсын талаар хэлэхийг хүсэж байна. Би одоо Монголд байгаа шүү дээ. Монголчууд биднийг маш сайхан хүлээн авч, найрсгаар харьцаж байгаа. Тиймээс COP ч мөн адил сайхан, хэвийн явагдаж байна.
Энэ арга хэмжээний үеэр та ямар асуудалд анхаарлаа хандуулж байна вэ?
Би өөрөө малчин эмэгтэй учраас уугуул иргэд, ялангуяа малчин иргэдийн асуудалд илүү анхаарч байна. Миний гол анхаарч буй асуудлууд бол малчдын эрх, малчин эмэгтэйчүүдийг чадавхжуулах, малчин хүүхдүүдийн боловсрол, мөргөлдөөнийг шийдвэрлэх, мөн газрын нөхөн сэргээлт юм.
Танай улсын гол бэрхшээл юу вэ?
Би малчин хүний байр сууринаас яримаар байна. Малчдын хувьд тулгардаг гол бэрхшээл бол малчин иргэдийг, тэр дундаа Фулани нийгэмлэгийг ялгаварлан гадуурхах явдал юм. Үүнээс гадна малчдыг байнга дарамтлах, мал сүргийг нь буудан устгах, Гана Улсын малчин иргэдийг нийгмийн хувьд гадуурхах, захын байр сууринд оруулах зэрэг асуудал байна.
Үүнийг хэрхэн шийдвэрлэх ёстой гэж бодож байна вэ?
Энэ бол засгийн газрын түвшинд шийдвэрлэх ёстой асуудал. Үүнд тохирсон төрийн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Учир нь бид ECOWAS-ийн гишүүн улс. ECOWAS-ийн зохицуулалтаар гишүүн улс бүрийн иргэд бусад гишүүн орнуудын нутаг дэвсгэрээр чөлөөтэй зорчих эрхтэй. Тиймээс би малчин хүний хувьд Африк тивийн иргэн бөгөөд бусад улс руу чөлөөтэй зорчих, нүүдэллэх эрхтэй.
Миний бодлоор малчдын чөлөөтэй зорчих эрхийг хүлээн зөвшөөрөх, Гана Улсын малчин иргэдийг нийгэмдээ хүлээн зөвшөөрч, эрхийг нь хангах нь энх тайвныг тогтооход хамгийн зөв шийдэл байх болно. Ингэснээр мөргөлдөөнийг зогсоох, улс оронд тогтвортой байдлыг бий болгоход тусална.
Өмнөговь аймгийн малчин Ц.Ундармаа: Таны машины мотор цохиод зогсдогтой адил говийн малчдын уух ус, бэлчээр улаан шугамандаа тулж зогсоод байна!
-Би Өмнөговь аймгийн Хүрмэн сумаас мянга мянган малчдын төлөөлөл болоод СОР17-д оролцож байна. Малчдын хувьд хамгийн тулгамдаж багаа асуудал бол ус, газрын асуудал. Энэ тулгамдаж байгаа асуудлыг СОР17-ын тунхаг бичигт тусгах юмсан гэж хичээж байна.
Дэлхийн орон бүрээс оролцож байгаа улсуудтайгаа ярилцаж байхад 80 хувь нь бэлчээр, газар нутгийн тулгамдсан асуудлыг ярьж байна. Манай улсын хувьд Өмнөговь аймаг уул уурхайн бүс нутаг гээд зарлачихсан. Гэтэл мал, малчин хоёрын эрх зөрчигдөөд байдаг.
Яг үнэндээ малчин хүн бол бизнес эрхэлж буй хүн. Малаа хариулж байна, цагаан идээгээ боловсруулж, борлуулж байна. Тэгвэл малчдын эрхэнд халдаж байна гэдэг малчдын бизнест бас халдаж байна гэсэн үг.
Бид саяхнаас "Малчдын улаан шугам" гэх асуудлыг хөндөж эхэлсэн. Газар, бэлчээр, усны асуудлаа нэгтгээд оруулсан. Энгийнээр хэлэхэд "та машинаа унаад явж байхад чинь мотор нь цохиод, улаан гэрэл ассан бол та цаашаа явж чадахгүй тийм үү? Түүнтэй адил малчдын бэлчээр, уух ус нь уур уурхай, ган гачир, цөлжилтөөс үүдээд боломжгүй болоод улаан шугаман дээр зогсчихсон". Тиймээс л энэ СОР17 дээр ямар нэг гарц гаргах байх гэж найдаж байна даа.
Вайолет Чиббутзе: Газар нутгийг нөхөн сэргээх, газрын доройтлыг бууруулах чиглэлээр ажиллаж буй олон эмэгтэй газар ашиглах боломж хязгаарлагдмал байдаг
-Намайг Вайолет Чиббутзе гэдэг. Би Wairu Commission-оос ирсэн. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэдийн бүлгүүдийг бий болгох чиглэлээр ажилладаг, дэлхийн хэмжээний эмэгтэйчүүдийн үндэсний болон орон нутгийн байгууллагуудын хөдөлгөөн юм.
COP17-д хэр болж байна гэж та бодож байна?
COP17 ерөнхийдөө сайн явагдаж байна. Хэлэлцүүлгүүд маш идэвхтэй, харилцан яриа өрнүүлсэн байдлаар явагдаж байна. Гэхдээ бидний хамгийн их санаа зовж байгаа зүйл бол хэлэлцэх асуудлыг батлах үеэр жендэрийн асуудлыг хойш тавих, зарим улс орон үүнийг дэмжихгүй байгаа гэсэн яриа гарсан. Тиймээс нөхөн сэргээлтийн чиглэлээр олон жил ажилласан эмэгтэйчүүдийн хувьд бид улс орнууд жендэрийн асуудлыг хамгаалах, анхаарах тал дээр яагаад хангалттай тууштай биш байна вэ гэдэгт ихээхэн санаа зовж байна.
Жендэрийн асуудал бидний хувьд маш чухал. Учир нь энэ нь биднийг нийгэмд оролцох боломжийг бүрдүүлдэг. Хэрэв энэ асуудал орхигдвол эмэгтэйчүүд, залуучууд, нийгмийн эмзэг бүлгүүд, ялангуяа нөхөн сэргээлтийн асуудалд ихээхэн өртдөг уугуул иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан ахиц дэвшлээ алдах эрсдэлтэй.
Танай улс орнуудад тулгарч буй гол бэрхшээлүүд юу вэ?
Манай улс орнуудад тулгарч буй гол бэрхшээлүүдийн нэг нь газар эзэмших, ашиглах боломжийн асуудал юм. Газар нутгийг нөхөн сэргээх, газрын доройтлыг бууруулах чиглэлээр ажиллаж буй олон эмэгтэй газар ашиглах боломж хязгаарлагдмал байдаг.
Газартай холбоотой бодлого, хууль эрх зүйн зохицуулалт сайн байдаг ч бодит амьдрал дээр хэрэгжилт хангалтгүй байна.
Хүмүүс, тэр дундаа малчин иргэд газар ашиглах эрхээ эдэлж чадахгүй байх тохиолдол олон байна. Мөн одоо улс орнуудад, тэр дундаа миний эх оронд нүүрстөрөгчийн төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Эдгээр нүүрстөрөгчийн компаниуд орон нутгийн иргэдтэй хэрхэн хамтран ажиллаж байгаа, гэрээ байгуулах үйл явцад нутгийн иргэдийг хэрхэн оролцуулж, эдгээр компаниуд ямар үнэ цэн, үр өгөөж авчирж байгааг ойлгуулах асуудал томоохон сорилт хэвээр байна. Нүүрстөрөгчийн зах зээл, төслүүдийн талаар мэдээлэл дутмаг байна. Та бүхний мэдэж байгаачлан нүүрстөрөгч бол шинээр хөгжиж буй томоохон бизнесийн чиглэл юм. Манай улс орны хувьд бас нэг гол бэрхшээл нь баталгаажуулалт, гэрчилгээжүүлэлтийн асуудал юм.
Эдгээр бэрхшээлийг хэрхэн өөрчилж, шийдвэрлэж болох вэ?
Миний бодлоор иймэрхүү бэрхшээлүүдийг ийм төрлийн уулзалт, хэлэлцүүлгийн талбаруудаар дамжуулан шийдвэрлэх боломжтой. Бид илүү олон харилцан яриа, оролцоонд тулгуурласан уулзалтуудыг зохион байгуулж, хамтдаа төлөвлөх хэрэгтэй. Мөн бидэнд санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй. Ялангуяа Дэлхийн байгаль орчны сан (GEF) зэрэг санхүүжилт нь оролцоог хангаж, хөрөнгийг шууд орон нутгийн иргэдийн гарт хүргэхэд чухал ач холбогдолтой.
Эмэгтэйчүүд, залуучууд, малчин иргэдийн газар ашиглах боломжийг дэмждэг аль хэдийн хэрэгжиж буй санаачилгуудад хөрөнгө оруулах шаардлагатай.
Түүнчлэн уугуул иргэд, орон нутгийн эмэгтэйчүүд, нутгийн иргэдийг шийдвэр гаргах үйл явцад оролцуулах механизмыг албан ёсоор бий болгох, баталгаажуулах нь маш чухал.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.