Шатахууны шагийн үнэ 7000-8000 төгрөгт хүрчээ...
Шатахууны хомсдол үүссэнтэй холбоотойгоор дамлан худалдаалах буюу "шагийн" бизнес цэцэглэж эхэллээ.
Гэвч аялал жуулчлалын салбарынхан болон хувийн тээвэр эрхлэгч жолооч нар жуулчдаа саатуулахгүйн тулд литр тутмыг нь 7,000-8,000 төгрөгөөр үнэлсэн шатахууныг арга буюу худалдан авч байгаадаа гомдолтой байна.
Бид нөхцөл байдлыг тодруулахаар хэд хэдэн газар руу утасдаж үзлээ. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Хархорин суманд 96****11 тэй дугаар өчигдөр 6,500 төгрөг байсан шагтйн бензинээ өнөөдөр 7,000 төгрөг болж нэмжээ.
Мөн Архангай аймгийн Цэцэрлэг суманд литр шатахууныг 8,000 төгрөгөөр дамлан зарж байгаагаас аялал жуулчлалын зарим жолооч нар худалдан авахаас өөр аргагүй нөхцөлд хүрсэн талаара бидэнд мэдээлсэн юм.
Орон нутгийн иргэдийн хэлж буйгаар, ШТС-ын ажилтнууд өөрсдийн танил тал, хамаатан садандаа шөнийн цагаар илүү хэмжээгээр шатахуун олгодог байна. Тэдгээр иргэд нь авсан шатахуунаа нөөцөлж, ийнхүү өндөр үнээр дамлан зардаг нь нууц биш гэж үзэж байна.
Дан ганц орон нутаг ч гэлтгүй Улаанбаатар хотод ч цахим орчинд ч шатахууны "шаг" ил тод өрнөж байна. Фэйсбүүк группүүдэд "АИ-92 бензин 100 литрийг хүргэж өгнө, литр нь 8,000 төгрөг" гэх мэт зарууд тасралтгүй тавигдаж байна.
Нөгөө талдаа оочер дараалалд зогсоод шатахуун авч чадахгүй байгаа иргэд, яаралтай ажилтай хүмүүс арга буюу ийм өндөр үнэтэй заруудад хандахаас өөр сонголтгүй болжээ.
АҮЭБЯ-аас зохицуулалт хийж, хяналт шалгалт явуулж байгаа гэж мэдэгдэж байгаа ч бодит байдал дээр үр дүн нь бүрхэг байна. Тиймээс ШТС-ын ажилтнуудад тавих хяналтыг чангатгаж, саваар шатахуун олгож дамлан зарах нөхцөлийг бүрдүүлж буй хүмүүст хариуцлага тооцох шаардлагатай байна.
Энэ нь улс орны хэмжээнд зохиомол хомсдол үүсгэж буй гэмт хэргийн шинжтэй асуудал тул холбогдох байгууллагууд хяналтаа эрс сайжруулах цаг болжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.