Б.Даваадалай: Уул уурхай болон байгаль орчны салбарыг зоосны хоёр тал гэж үздэг
Цөлжилтийн эсрэг НҮБ-ын суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) Монгол Улсад өнөөпөр эхэллээ. Хуралд оролцож Чингис хаан баялгийн сангийн захирал Б.Даваадалайгаас тус нэгдэл цөлжилтийн эсрэг хэрхэн хувь нэмэр оруулж байгаа талар тодрууллаа.
Чингис хаан баялгийн сангийн захирал Б.Даваадалай:
-Манай улс цөлжилтөд нэн эмзэг орнуудын нэг бөгөөд нийт газар нутгийн 77 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртөөд байна. Орон нутгийн иргэдийн амьжиргаа хөдөө аж ахуйгаас шууд хамааралтай тул цөлжилт даамжрах нь хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлж, нийгмийн томоохон асуудлуудыг дагуулдаг. Тиймээс бид энэ асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай юм.
Ер нь Монголд төдийгүй дэлхий дахинд уул уурхай болон байгаль орчны салбарыг зоосны хоёр тал гэж үздэг. Уул уурхайн олборлолт нь усны нөөц болон экосистемд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байдаг тул тус салбар байгаль орчныг хамгаалах үйлсэд заавал манлайлан оролцох ёстой.
Энэхүү хариуцлагын хүрээнд "Үндэсний баялгийн сан" нэгдлийн зүгээс байгаль орчныг хамгаалах арга хэмжээг дэмжиж, идэвхтэй оролцож байна. Манай харьяа компаниуд ч тодорхой ажлуудыг эхлүүлээд байна.
Тухайлбал, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ жилд 10 сая ширхэг үрсэлгээ гаргах хүчин чадалтай үйлдвэрийг Монголд анх удаа байгууллаа.
Өнөөдрийн байдлаар нэгдлийн хэмжээнд 30 гаруй сая мод тариад байгаа бөгөөд "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 300 орчим сая мод тарихаар төлөвлөж байна. Ирэх дөрвөн жилд энэхүү ажлыг улам эрчимжүүлнэ. Уул уурхайн компаниуд нийт 600 гаруй сая мод тарих амлалт авснаас төрийн өмчит компаниуд 291 саяыг нь хариуцаж байгаа юм. "Эрдэнэс Тавантолгой" 190 сая, "Оюу Толгой" 100 сая, "Эрдэнэт үйлдвэр" 100 сая мод тарихаар тус тус үүрэг хүлээсэн. Эдгээр амлалтыг биелүүлэх тал дээр Төрийн тэргүүн болон Засгийн газрын зүгээс шахаж ажиллах болно. Бид нүүрсхүчлийн хийн зах зээлд идэвхтэй ажиллах шаардлагатай байна.

Эрх зүйн орчин бүрдсэн тул цахилгаан автомашины хэрэглээ болон бусад ногоон санаачилгуудыг нүүрсхүчлийн зах зээлд бүртгүүлж, санхүүжилт босгох боломжтой. Энэхүү эх үүсвэрийг эргээд орон нутгийн байгаль орчныг хамгаалах төслүүдэд зарцуулах нь чухал юм.
Нэгдлийн толгой компанийн хувьд байгаль орчны асуудлыг уул уурхайн салбарын нэгдүгээр зэргийн зорилт гэж үзэж байна.
Тиймээс энэ чиглэлээр шахаж шаардаж, үүрэг чиглэл өгч ажиллана. "Ухаж байгаа бол ургуул" гэсэн зарчмыг бид үйл ажиллагаандаа хатуу баримтална. Энэ удаагийн олон улсын хурлаар дамжуулан Монголын уул уурхайн салбарын үйл ажиллагааг сурталчлахын зэрэгцээ гадаадын санхүүгийн байгууллагуудтай хамтран байгаль орчны санхүүжилт босгохыг зорьж байна. Мөн уул уурхайн салбарт ногоон технологи, тэр дундаа байгаль орчинд ээлтэй дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлснээр олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт татах боломж нээгдэх юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.