Я.Содбаатар: Монгол Ардын намын 21 аймаг, 9 дүүргийн удирдах ажилтнууд Япон Улсад сургалт, айлчлалд хамрагдаж байна
Монгол Улсын Ерөнхий сайдын Япон Улсад хийж буй төрийн айлчлалын бүрэлдэхүүнд МАН-ын олон тооны дунд, доод шатны дарга нар багтсан нь цахим орчинд иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байна. Үүнтэй холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар албан ёсны тайлбар, мэдээлэл өглөө.
Я.Содбаатар: Монгол Ардын Намын 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн намын хорооны удирдлагууд Япон улсын эрх баригч Либерал Ардчилсан намын албан ёсны урилгаар тус улсад туршлага судлах сургалт, айлчлалд оролцож байна. Энэхүү арга хэмжээ нь хоёр намын хооронд тогтоосон олон жилийн түүхт найрамдалт харилцаа, харилцан итгэлцэлд суурилсан хамтын ажиллагааны тод илрэл болж байгаа юм.
Мөн хоёр орны улс төрийн хүчнүүдийн хэлхээ холбоог шинэ шатанд гаргах чухал ач холбогдолтой ажил болж байна. Айлчлалын үндсэн хөтөлбөр нь Японы улс төрийн тогтолцооны онцлог, Либерал Ардчилсан намын дотоод бүтэц, зохион байгуулалт болон засаглалын олон жилийн баялаг туршлагаас суралцахад чиглэж байгаа юм. Орон нутгийн намын байгууллагын удирдлагууд энэхүү сургалтын хүрээнд орчин үеийн улс төрийн намын төлөвшил, бодлого боловсруулах үйл явц, боловсон хүчний чадавхыг тасралтгүй бэхжүүлэх арга зүйн талаар гүнзгийрүүлсэн мэдлэг, мэдээлэл авч байна.
Түүнчлэн иргэдтэй ажиллах соёл, олон нийтийн оролцоог хангах механизмыг хэрхэн боловсронгуй болгох чиглэлээр харилцан туршлага солилцож байгаа юм. Энэхүү айлчлал нь зөвхөн хоёр намын хамтын ажиллагаагаар хязгаарлагдахгүй, Монгол, Японы "Стратегийн түншлэл"-ийн харилцааг бүх шатанд, тэр дундаа орон нутгийн түвшинд бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
Японы хөгжлийн загвар, төрийн болон нутгийн удирдлагын засаглалын арга барилтай биечлэн танилцсанаар манай орон нутгийн удирдлагууд өөрсдийн аймаг, дүүрэгтээ хэрэгжүүлэх боломжтой шинэлэг санаа, олон улсын шилдэг туршлагыг хуримтлуулж байгаа юм. Энэ нь эргээд Монгол Улсын бүс нутгийн хөгжил, засаглалын шинэчлэлд бодит түлхэц үзүүлэх ач холбогдолтой. Сургалт, айлчлалын үр дүнд Монгол Ардын Намын боловсон хүчний нөөц бэхжиж, олон улсын жишигт нийцсэн улс төрийн соёл, менежментийг эх орондоо нутагшуулах боломж бүрдэж байна.
Хоёр орны найрамдалт харилцааны гүүр болсон энэхүү хамтын ажиллагаа цаашид улам өргөжин тэлж, ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт талууд итгэл дүүрэн байна. Орон нутгийн удирдлагуудын олж авсан мэдлэг, туршлага нь намын анхан болон дунд шатны байгууллагуудын үйл ажиллагааг чанаржуулахад томоохон хөшүүрэг болох юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.